Гэмт хэргийн тоо 6.1 хувиар өсч, 20976 болжээ


Монголын Үндэсний статистикийн хорооноос улс орны нийгмийн үзүүлэлтийн эхний есөн сарын байдлыг өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа.

Нялхсын эндэгдэл 10.9 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар энэ оны эхний 9 сард Улсын хэмжээнд нийт 60514 эх амаржсанаас 60849 хүүхэд нь амьд төржээ. Энэ тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад, амаржсан эхийн тоо 796 буюу 1.3 хувь, амьд төрсөн хүүхдийн тоо 825 буюу 1.3 хувиар буурсан байна.

Харин энэ оны 9 дүгээр сард 6642 эх амаржсанаас 6652 хүүхэд нь амьд төржээ. Амаржсан эхийн тоо өмнөх сарынхаас 147 буюу 2.2 хувиар, хүүхдийн тоо 187 буюу 2.7 хувиар буурчээ.

Нялхсын эндэгдэлийн хувьд энэ оны эхний 9 сард  921 болж, өмнөх оны мөн үеийнхээс 9  хүүхэд буюу 1.0 хувиар өсч, 5  хүртэлх насандаа 1098 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 13 хүүхэд буюу 1.2 хувиар буурчээ.

Харин энэ оны 9 дүгээр сард 102 болж, өмнөх сарынхаас 10 хүүхэд буюу 10.9 хувиар, 5 хүртэлх насандаа 123 хүүхэд эндэж, өмнөх сарынхаас 13 хүүхэд буюу 11.8 хувиар өссөн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 95.8 хувиар нэмэгджээ

Халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний 9 сард 48829 болж, өмнөх оны мөн үеийнхээс 23886 тохиолдол буюу 95.8 хувиар нэмэгдэхэд вирүст хепатитаар өвчлөгчид 202 буюу 23.7 хувь, гахайн хавдраар өвчлөгчид 286 буюу 71.3 хувиар буурсан хэдий ч улаан бурхнаар 22102 хүн өвчилсөн нь голлон нөлөөлсөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчид 2015 оны 9 дүгээр сард 3138 болж, өмнөх сарынхаас 341 буюу 12.2 хувиар өссөн байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.4 хувийг эмэгтэйчүүд эзлэж байна

Бүртгэлтэй ажилгүй иргэд энэ оны есдүгээр сард 31.1 мянга  байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2.8 мян.хүн буюу 8.3 хувиар буурч, өмнөх сарынхаас 0.7 мян.хүн буюу 2.2 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.4 хувь буюу 17.5 мянга нь эмэгтэйчүүд байна.

Нийгмийн даатгалын зарлага 21.1 хувиар өсчээ

Нийгмийн даатгалын сангийн орлого 2015 оны эхний 9 сард 1044.5 тэрбум төг, зарлага 1153.5 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 27.3 тэрбум төг буюу 2.7 хувь, зарлага 200.7 тэрбум төг буюу 21.1 хувиар өслөө.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2015 оны 9 дүгээр сард 155.0 тэрбум төг, зарлага 133.5 тэрбум төг болж, өмнөх сарынхаас орлого 32.5 тэрбум төг буюу 26.5 хувь, зарлага 9.2 тэрбум төг буюу 7.4 хувиар өсчээ.

Тэтгэврийн хэмжээ 4.7 тэрбумаар өсчээ

Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний 9 сард 192.6 мянган хүнд 109.2 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 4.3 мянга буюу 2.2 хувиар буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 4.7 тэрбум төг буюу 4.5 хувиар өсчээ.

Энэ оны 9 дүгээр сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 11.0 тэрбум төг олгосон нь өмнөх сарынхаас 1.4 тэрбум төг буюу 11.1 хувь, харин нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 4.3 тэрбум төг олгосон нь өмнөх сарынхаас 0.1 тэрбум төг буюу 2.2 хувиар буурчээ.

“Хүний хөгжил” сангаас 2015 оны эхний 9 сард 18 хүртэлх насны 1020.0 мянган хүүхдэд 184.1 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгожээ.

Гэмт хэрэг 6.1 хувиар өсч, 20976 болжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний 9 сард 20976 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1203 хэрэг буюу 6.1 хувиар өсчээ.

Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд  өмчлөх эрхийн эсрэг  гэмт хэрэг (1212),  аж ахуйн эсрэг (244), гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн (230) хэрэг өссөн нь голлон нөлөөлөв. Энэ оны 9 дүгээр сард 2367 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сарынхаас 112 хэрэг буюу 4.5 хувиар буурчээ.

Гэмт хэргийн улмаас 8285 хүн гэмтэж, 723 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүн 500 буюу 6.4 хувиар өсч, харин нас барсан хүн 113 буюу 13.5 хувиар  буурсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих