Харьяат байх, иргэн байхын хооронд их ялгаа бий

1444622699561b316b131b4

Бээжингийн онгоцны буудалд нислэгээ хүлээх зуур, нэгэн залуутай танилцсан нь олон улсын тэмцээнүүдэд хятадын нэрийн өмнөөс оролцож, багагүй амжилт үзүүлж явсан өвөр монголын бөх залуу байв. Чухам бөхийн аль төрөл, ямар жинд барилддаг энэ тэр нарийн ширийн зүйлсийг нь мартаж, тэр цагаас хойш долоон жил өнгөрч, гэхдээ л тэр монгол залуугийн ярьсан нэгэн яриа сэтгэлээс огтхон ч гарсангүй. Ярианы завсар зуурт түүнээс санаандгүй гэнэн тэнэг ч гэхээр зүйл асуучхав.

-Чамайг дэвжээнд гарахад хаанахын бөх гэж дууддаг вэ? гэсэнд

-Мэдээж Хятад улсын бөх л гэж дуудна шүү дээ. Түүний ярианд нэг л дургүйцсэн өнгө илэрсэнд би

-Тэр ч нээрээ тийм л дээ. Би монгол хүнтэй ярьж байгаа болохоор л санамсаргүй ингээд асуучихлаа. Жишээлбэл, Японы сумод барилдаж буй монгол залуусыг бол монголын, гэхдээ бүр аймаг нутгаар нь дуудаж байдаг юм билээ. Энэ санаанд ороод л… гэж утгагүй мэдээжийн зүйл асуусан хийгээд эмзэглэж явдаг зүйлийг нь санаандгүй хөндөж орхисноо мэдээд цайруулах арга хайв. Миний тэр алдаагаа хүлцэж буйг маань ойлгов бололтой над руу ялимгүй налсхийгээд, дуугаа намсган,

-Би чинь одоо Хятад улсын харьяат хүн шүү дээ. Уг нь өөрийгөө монгол хүн гэдгээ дэвжээнд гарах бүртээ боддог. Хятадын нэрийн өмнөөс барилдаж байгаа ч би цаанаа монголынхоо өмнөөс барилдаж байна л гэж дандаа боддог юм. Гэснээ хэсэг зуур дуугаа хураав. Тэгээд,

-Би энэ улсын харьяат, гэхдээ би өөрийгөө Монгол Улсын иргэн гэж бодож явдаг юм гээд “Үүнийг та ойлгож байна уу” гэж эргэлзсэн байртай над руу ширтэж билээ.

Тийм дээ, харьяат байх бол нэг хэрэг, хүссэн ч, эс хүссэн ч харьяалагдаж, дээвэр дор нь толгой хорогдож, хууль журмыг нь дагах ёстой болж буй хэрэг. Харин тусгаар улсын иргэн байх бол огт өөр асуудал юм. Энэ нь иргэний эрхээ ч эдэлж, үүргээ ч биелүүлж явахын нэр, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, нийгмийнхээ нэгэн амьд эд эс гэдгээ мэдэрч явахын нэр юм.

Нөгөө талаар, Монгол Улс хэмээх монгол үндэстний бие даасан тусгаар улс оршин тогтнож байгаа нь өнөөх өвөрлөгч залуугийн хувьд хэдий өөр улсын харьяат ч гэсэн спортын их дэвжээн дээр тэмцэж, ялж ялагдаж явахынх нь утга учир төдийгүй ерөөс өөрийгөө мэдэрч, амьдарч, тэмүүлж яваагийнх нь мөн чанар болж байдаг аж.

Ер нь өөр улс орны харьяанд байдаг монголчуудад ийм ойлголт, мэдрэмж их түгээмэл байдаг юм болов уу гэж бодогдсон. Бид л хятадад байгаа үндэс нэгтнүүдээ хятад, орост байгаагаа орос, дундаж азид байгаагаа лалууд гэх мэтээр үл тоодог болохоос биш, тэдний олонхынх нь хувьд Тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улс бий гэсэн итгэл, бахархал нь тэдний оршин байгаагийнх нь утга учир, цор ганц найдвар, амьдралынх нь ганц гэрэл гэгээ болж байгаа юмсан уу гэсэн бодол дандаа төрдөг юм.


URL:

Сэтгэгдэл бичих