Л.Гантөмөр сайд аа: Хүүхэд үү, цүнх…

Биеэ халхалсан том цүнх, өөртөө ахадсан хүнд ачааг үүрэн эрдмийн өргөө рүүгээ зорих бяцхан сурагчдыг хараад  хүүхэд үү, цүнх үү гэлтэй харагдана.

Тэдний үүрч яваа цүнх өөрт нь ямар их ахадсан ачаа болохыг тэднээс өөр ойлгох хүн ховор биз. Сурагчид бяцхан биендээ баймгүй хүнд ачаа үүрч яваагаа өөрсдийнх нь үүрэг мэт ойлгож буй. Учир нь тэд хэнд ч гомдол мэдүүлдэггүй.

Сурагчдын үүрч яваа цvнх өөрт нь ахдаад буйг хэн бvхэн анзаарч байгаа ч үүнд анхаарлаа хандуулах албан тушаалтан алга.

Ялангуяа нэгдүгээр ангид элсэн суралцаж буй зургаан настнууд өөрөөсөө том цүнх үүрдэг, үүрч буй цүнхэндээ түүртэх, нуруу нь өвдөх, ядрах асуудал их гардаг тухай эцэг, эхчүүд хэлж байгаа юм.

Бага насны хүүхэд тогтмол хүнд зүйл өргөж явах нь эрүүл мэнд болон өсөлтөд сөргөөр нөлөөлдөг ба нурууны яс муруйх, бөгтөр болох, хөл гөр өвдөх,нугасны өвчтэй болох гэх мэт олон сөрөг үр дагавартай аж.

 Л. Гантөмөр сайд аа: Хүүхэд үү, цүнх ...

Ингээд бага ангийн сурагчид өдөрт хэдэн кг ачаа үүрч явдаг, цүнхэндээ юу юу авч явдаг талаар хүргье. Сурагчид зөвхөн дэвтэр ном, үзэг харандаа цүнхлэхээс гадна өдрийн цай уудаг аяга, халбагаа цүнхлэнэ.

Мөн тоо тоололд ашиглах ууттай шагай, савх, шоо үсэг үе нүдлэхэд шаардлагатай хэвлэмэл материалууд, нэмэлт гарын авлага, биеийн тамирын хувцас болон пүүз гээд тоочоод байвал барагдахааргvй их зүйлийг өдөр бүр үүрч явдаг байх нь.

Зургаан настнуудын тоглож наадах хэрэгцээ харьцангуй илүү байдаг тул тэдний цүнхэнд хайртай тоглоом нь ч байдаг гэнэ.

Энэ бүхнээс харахад сурагчид ямар хүнд ачаа үүрдэг болох нь дээрх зүйлсээс харагдаж байгаа юм. Ингээд хичээлийн цүнх газраар чирэгдэх нь холгүй унжих нь энүүхэнд.

Уг нь дэлхийн бусад орны стандартаар бол зургаан настай сурагчийн цүнх 1.5кг-аас хэтрэхгүй жинтэй байх, зургаагаас дээш настай сурагчид буюу 1-3-р ангийнхан 2-3,5-кг- аас илүүгүй жинтэй байхаар тогтоожээ.

Манай улсын хувьд стандартчилал хэмжил зүйн газраас нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүдийн дунд судалгаа явуулсны үндсэн дээр стандарт тогтоосон. Мөн бага ангийн сурах бичгийн хэмжээ, жинг хүртэл нарийвчлан тогтоожээ.

Нэгдүгээр ангийн нэг сурагчийн монгол хэл, математикийн сурах бичиг, бэлтгэл хөтөлбөр, хүн орчин, дүрслэх урлаг, технологи, хөгжмийн хичээлийн дасгал ажлын дэвтрүүд болон монгол хэлний хичээлийн хичээнгүй бичиг, математикийн дасгал ажлын дэвтрүүдийн нийт жин 1325г. Өдөр тутмын хичээлд байнга хэрэглэдэг үзэг, харандаа, дэвтэр, баримлын шавар гэх мэт хичээлийн хэрэгслүүдийн дундаж жин 2730г. Сурагчдын цүнхэнд байдаг дээрх зүйлсийн нийт жин 4135г.

Сурагчдын дээрх сургалтын хэрэглэгдэхүүнээс гадна бусад аяга халбага, хувцас гэх мэт зүйлсийн дундаж жин ойролцоогоор 350-450г. Иймээс нэгдүгээр ангийн сурагчдын цүнхний хүндийн жин ойролцоогоор 5кг байх үндэслэлтэйгээр тогтоожээ.

Гэтэл бага ангийн сурагчид 5-8 кг ба түүнээс дээш жинтэй цүнх үүрдэгч явдаг байна.

 Л. Гантөмөр сайд аа: Хүүхэд үү, цүнх ...

Дээрээс нь эцэг эхчүүд бяцхан үрсдээ цүнх сонгохдоо тухайн цүнхний хүндийн жин, хүүхдэд хор нөлөөтэйг нь харгалзалгүй зөвхөн гоё ганган, үнэ хямд талаас нь харж сонголт хийдэг.

Гэхдээ зарим эцэг эхийн хэлж байгаагаар “Жижиг цүнх авахад номууд нь том хэмжээтэй учраас тэр хэмжээгээр том багтаамжтай цүнх худалдан авах хэрэг гардаг, мөн хүүхдүүд өөрсдөө гоё ганган чамин зүйлд дуртай учраас хүүхдийнхээ хүсэлтээр сонголт хийх нь элбэг” гэх эцэг эхчүүд байгаа юм.

Мөн манай улсын судлаачид 6 настай эрэгтэй хүүхдийн биеийн жин дунджаар 19.2 кг, эмэгтэй хүүхдийнх дунджаар 18.8 кг байдгийг тогтоожээ. Зарим улс оронд хүүхдийн цүнхний хүндийн жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой гэж үздэг байна. Хэрвээ түүнээс илүү жинтэй бол хүүхдэд хүчилтөрөгчийн нэмэлт хэрэгцээг бий болгодог байна.

Түүнчлэн хэт бариу оосортой цүнх хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад учруулдаг. Цүнхний мөрөвч өргөн байх тусам цүнхний хүнд, хөнгөнийг хүүхдийн биед жигд хуваарилахад тусалдаг. Тиймээс хүүхэд аль болох өргөн мөрөвчтэй, бүсэлхийгээр бүсэлдэг цүнх үүрэх нь эрүүл мэндэд тустай аж.

Ингээд бусад улс, орнууд цүнхний стандартд жинг хэрхэн тогтоосныг сонирхуулъя.

Австрали

Австралийн Нуруу нугасны мэргэжлийн багаас гаргадаг сэтгүүлд сургуулийн насны хүүхдийн үүрч яваа цүнхний дундаж нь тэдний нас, биеийн онцлогт тохироогүй болохыг тогтоосон байна. Иймд тэд сургуулийн бага насны хүүхдийн үүрч явах ачааны хүндийн дундаж хэмжээг тогтоож стандарт гаргасан байна.

Сургуулийн сурагчдын 79.1 хувь нь тэдний цүнхний ачаа хүнд байдаг, 65.7 хувь нь цүнх хүнд байгаагаас болж ядардаг, 50.0 хувь нь хүнд цүнх үүрсний улмаас нуруу нь өвддөг болохыг тогтоосон байна.

Оросын хүүхдийн цүнхний стандарт

Анги болон цүнхний ачааны дундаж хэмжээ

1-2-р анги 1,5 кг-аас илүүгүй

3-4-р анги 2,0 кг-аас илүүгүй

5-6-р анги 2,5 кг-аас илүүгүй

7-8-р анги 3,5 кг-аас илүүгүй

9-11-р анги 4,0 кг-аас илүүгүй.

Хятад

2014 онд хийсэн судалгаагаар сургуулийн сурагчдын 30.8 хувь нь өөрийн биеийн жингийн 10%-иас хэтэрсэн хүнд жинтэй цүнхийг барьж байгааг тогтоожээ. Тэдний 88.2% нь хүзүү, мөр, нуруу нь өвддөг гэж хариулсан байна. Сурагчдын 35.4%-д хүнд цүнх барьж явдгаас шалтгаалсан булчин өвдөлт байдгийг илрүүлсэн байна. Нуруу бага зэрэг өвддөг сурагчдад удаан алхах, сургууль дээрээ удаан суудаг, Хүнд цүнх барьж явах зэрэгтэй хамааралтай болохыг тогтоосон байна. Сургуулийн сурагчдын 19% нь л сургууль дээрээ ном, дэвтэрээ хадгалах хайрцагтай байдаг аж.

Бусад улс оронд тухайн хүүхдийнхээ жингээс хамаарч үүрч явах цүнхний даацыг нь тогтоодог байна. Харин манай улсын хувьд стандартчилал хэмжил зүйн газраас бага ангийн хүүхдүүдийн дунд судалгаа явуулж, стандарт тогтоосон ч хэрэгжих бага байгаа юм.

http://www.bolod.mn/Upload/news/1.jpg
Түүнчлэн манай сурагчдын үүрч буй цүнх ихэнх нь урд хөрш буюу Хятад улсаас орж ирдэг. Ингэхдээ ямар ч тогтсон жин хэмжээ стандарт байдаггүй, ямар материалаар хийгдсэн, хүүхдийн биед сөрөг нөлөөтэй эсэх нь үл мэдэгдэх гял цэл цүнхнүүд орж ирнэ.

Манайх дотооддоо стандартад нийцсэн цүнх үйлвэрлэж яагаад болохгүй гэж. Ингэж болдоггүй юмаа гэхэд ядаж гаднаас орж ирж буй цүнхний хэмжээ стандартад хяналт тавимаар юм.

 Л. Гантөмөр сайд аа: Хүүхэд үү, цүнх ...

Мөн манай улсын бага ангийн сурагчдын номын жин сурагчдын ачаанд нэлээдгүй хүнд жинг нэмж байгаа юм. Учир нь манайд хэвлэгддэг бага ангийн сурагчдын номын хэмжээ жин бусад орны номын стандартаас тэс өөр, жин ихтэй, зузаан том хэвлэгддэг. Тиймээс эрдэм номд шамдан суралцах гэсэн чин хvсэлтэй багачуудын маань нурууг хүндрүүлж буй тугалган туухай шиг том оврын номыг нэгэнт халах цаг болжээ.

Европын орнуудад гэхэд сурагчийн ном нь хичээлийн улирлаар шинэчлэгдэн гардаг ба ихэнхдээ буддаг номууд байдаг гэнэ.

Энэ нь хүүхдүүдэд энгийн, ойлгомжтой, төдийгүй урд улирлынхаа үзсэн хичээлийн хөтөлбөрийг дараа улиралдаа авч явдаггүй давуу талтай. Тийм учраас хүүхдийн хичээлийн ном хэрэглэл хэмжээндээ таарсан байдаг аж.

Гэтэл манайд хэвлэгдэж байгаа бага ангийн сурагчийн ном онол, нэр томьёо түлхүү хэвлэгдсэн байдаг ба энэ нь хүүхдэд ойлгомжгүй,сурагчийг залхаадаг аж.

Эцэг эхийнхээ өврөөс салаагүй сахам зургаан настангууд зайрмаг, чихрэнд дурладаг цэцэрлэгийн жаахан хүү, охин байхаа больж, эрдэм номд шамдах “том хүн” болсон хэдий ч тэд хичээл номоо төдийлөн ойлгодоггүй, сургуульдаа явах дургуй гэх мэт асуудалтай тулгарч эцэг эх, багш нараа сандаргадаг байна.

Иймээс сурагчдын цүнх болон номын жин хэмжээ стандарт анхаарлаа хандуулах цаг хэдийнээ болжээ.

Дээрх асуудалд салбар яамны сайд, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд аль аль нь анхаарлаа хандуулахгүй бол ирээдүй болсон бяцхан хүү охин тань эрдэм ном сурах гэсэн биш, эрэмдэг болох вий. Тэд маань өнөө маргаашдаа элдэв бэрхшээл өвчин хэлэхгүй ч ирээдүйд учирч болох бусад болзошгүй өвчлөлд өртвөл хэн хариуцах вэ.

Магадгүй эрхэм түшээд, дарга нарын хүүхдүүд, ардын хүүхдүүд шиг цүнхээ дааж ядан алхах нь алхаж, автобус дамжих нь дамжиж эрдмийн өргөөгөө зорьдоггүй байх. Тэд хувийн машинаар зорчино, хувийн жолоочоороо цүнхээ бариулж сургууль гэртээ орно. Тиймээс ч тэдний хүүхдүүд цүнх хүнд, нуруу гар өвдлөө гэх бэрхшээл хэлдэггүй байх.

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр танаа…бяцхан сурагчдын цүнх болон номын жин хэмжээнд салбар яамнаас нь анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг зориуд онцлъё.


URL:

Сэтгэгдэл бичих