Жилд дөч, тавин тэрбум төгрөгийн ашиг дагуулах самрын бизнес

Самрын бизнес гэж лут ашигтай хууль бус далд сүлжээ олон жил үргэлжилж байна. Өнөө жил Засгийн газраас гаргасан өнгөрсөн наймдугаар сарын 17-ны өдрийн тогтоолын дагуу хуш модны самрыг бусдад худалдах, гадагшаа экспортлохыг хатуу хориглосон. Зөвхөн иргэд гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулж нэг кг самар тутамд 500 төгрөгийг тухайн орон нутагтаа төлж зөвшөөрөл аваад багахан хэмжээгээр түүхийг хууль тогтоомжоор зөвшөөрсөн байгаа юм. Хөшигний наадах амьдралын дүр зургаас харахад өнөөдөр хотын гудамжинд хаашаа л харна тор барьсан хүүхэд, хөгшид самар зарж илтэд хууль зөрчиж байгаа дүр зураг бий. Үнэн хэрэгтээ сайн дурын самарчид дориухан нөөц цуглуулаад ирэхийн цагт цагдаа, мэргэжлийн хяналтынхан нийлсэн хэсэг нөхдүүд самарчдыг агнах ажиллагаагаа явуулдаг. Иргэдийг самар түүж мод хугалж хууль зөрчиж байна гэж наанаа дүрэмдэх боловч цаад учир нь хурааж, дээрэмдэж, үнэгүйдүүлж авах нь гол зорилго. Хулгана барихаар андаж суудаг муур шиг л хэр хэмжээний самар торонд орж ирэх бол гэж хүлээж суудаг цаг бол яах аргагүй одоо үе. Зунаас эхлэлтэй самрын сайн дурын багийнхан намаржингаа нөөц цуглуулж аль болох зарах нүх сүв эрж байх зуур самрын сүлжээнд нэгдсэн мэргэжлийн хяналт, байгаль орчны яам, цагдаа, ойн газрынхан нийлж байгаад иргэдээс хуу хурааж авдаг жишиг олон жил үргэлжилж байна.

Өнөө жилийн ажиллагаа эхэлсэн бололтой саяхнаас уулнаас 100 гаруй иргэдийг журамлаад ирсэн гэх мэдээлэл сонсдов. Ууланд одоо гарах юм бол бороохой барьсан цагдаа нараас айсан иргэд хураасан шуудай самраа хаяад л гүйж явааг харж болохоор юм даа. Төрийн нэр барьсан нөхдүүд самар хурааж иргэдийг айлгаж дарамтлаад ирэхээр хүссэн хүсээгүй самар үнэгүйддэг аж. Саяхан л ченжүүдийн худалдаж авдаг үнэ цайруулсан нэг кг самар 10 мянган төгрөг хүрч байсан бол одоо үнэ унаж 5-6 мянган төгрөг болжээ. Дахиад навс унагахыг хүсч байгаа нь мэдээж. Тэгээд үнэ унахын цагт худалдан авалт гэнэт ихэсдэг. Дараа нь тэр их самар хаачсан нь огт мэдэгдэхгүй таг алга болно. Хушны самрыг хилээр гаргахыг хориглосон хууль журамтай учир албан ёсны мэдээллээр бол хилээр нэг ширхэг ч самар гараагүй байдаг.

Албан бус хар дансаар бол хил гаалиар тонн тонноороо самар гараад явчихдаг гэдгийг наймаачид андахгүй мэднэ.

samar

УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ НЭРИЙН ДООРХ САМРЫН МАФИЙН СҮЛЖЭЭ

Жилийн жилд манайхан хурааж авсан самраа Хятадын ганц компанид улсын орлого болгох нэрийн дор зах зээлийн үнээс хэд дахин хямд үнээр шахаад байдгийн учрыг тодруулах гэж оролдъё. Самрын бизнесийн ил тооцооллоор жилд 40, 50 тэрбум төгрөгийн эрх ашиг яригддаг гэхээр мөн айхтар их мөнгөний сүлжээний үүр уурхай байгаа биз. Ингээд дараахь баримтуудыг дэлгэн харуулъя.

Улсын орлого болгож хурааж авсан самраас Чай хэмээх нэртэй хятад захиралтай “Си Эйч Эй Ай” ХХК-д 2009 онд 21 мянган кг самрыг кг тутмыг нь 1200 төгрөгөөр тооцон 23 сая 700 мянган төгрөгөөр худалджээ. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах” үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн дарга Л.Бямбасүрэн төлөөлж гарын үсэг зурж худалджээ. Тэр үед кг самрын зах зээлийн үнэ 6000-8000 төгрөгийн үнийн хэлбэлзэлтэй байсан. Хилээр урагшаа гарч чадвал нэг кг нь 20-25 ам.доллар буюу 30 мянган төгрөг болж өснө. Хилээр гарч одсон үнэ биш Монголын зах зээл дэх тухайн үеийн үнээс харахад л 200 гаруй сая төгрөгийн самрыг 23 сая төгрөг болгон худалдсан байгаа хэрэг.

2008 онд мөн л “Си Эйч Эй Ай” ХХК-д 51 мянган кг самрыг 900 төгрөгөөр тооцон 45 сая төгрөгийг улсын орлогод шилжүүлсэн байгаа юм. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг худалдан борлуулах комиссыг төлөөлж, комиссын дарга Б.Өлзийбадрах гарын үсэг зурж Хятадын дээрх компанид шилжүүлжээ. Зах зээлийн доод ханшаар тооцоод үзэхэд 300 сая төгрөгт хүрэх самар ердөө 45 сая төгрөг болоод улсын орлого болчихож байгаа хэрэг.

2006 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг худалдан борлуулах комиссыг төлөөлж, комиссын дарга М.Ган-Үр гарын үсэг зурж “Си Эйч Эй Ай” ХХК-д 29 мянган тонн самрыг 1500 төгрөгөөр тооцон 44 сая төгрөгөөр худалдсан байна. Бараг 400 сая төгрөг хүрэх самрыг 44 сая төгрөгөөр өгөөд байдгийн учир нь тодорхой. Улсын орлого болгоно хэмээн самрын сүлжээний гол цөм болсон Хятад компанид худалдаад байдгийн учир дундаас нь сая, саяар нь тэрбум тэрбумаар нь унагаах зорилго юм. Монгол эхнэртэй Чай хэмээх хятад эрийн нэрний үсгээс бүрдсэн “Си Эйч Эй Ай” ХХК жил болгон их хэмжээгээр самар худалдан авдаг мөртлөө гадагшаа хилээр нэг кг ч гаргаагүй гэж хэлдэг юм билээ. Дотооддоо боловсруулаад худалдсан гэх үнэмшилгүй баримтыг дэлгэн харуулдаг ч манай Монголын хувьд самрын хэрэглээ харьцангуй бага. “Си Эйч Эй Ай” ХХК-ийн хувьд улсын орлого болж буй самар худалдаж авахаас гадна төлөөллийн хүмүүс нь зах зээлд үнэ унасан тонн тонн самрыг худалдаж авдаг гэх. Тэгсэн мөртлөө тэдний компанийн тонн, тонн самар хаашаа алга болоод байдаг нь сонин. Сонин ч гэж дээ урагшаа хилээр хууль бусаар гарчихдаг гэдэг нь тодорхой байхгүй юу. Гаалийнхны хувьд жилийн жилд самар хууль бусаар хилээр гаргах авлигынхаа ажилд бүр гаршсан. 2000 оны эхээр нэгэн эрхэм нэг тонныг нь найман мянган ам.доллараар гаргаж өгнө шүү гэсэн ханш тогтоочихсон давхиж явсан. Нэг удаагийн рейсээр 50 тонн самар гаргахын тулд 40 мянган ам.долларыг тэр эрхмийн халаасанд хийх ёстой. Иймэрхүү байдлаар самрын дунд нугалаа гаргаж хожиж байгаа албан тушаалтнууд захаасаа аваад бишгүй олдоно. Хөөрхий, хөлсөө дуслуулж самар түүж буй иргэдийг өнгөн дээрээ гэмтэн мэт адлах ч ард нь амаа ангайсан мафийн сүлжээ ид ажиллаж байна.

Самрын хууль бус хар бизнес аль 2001 оноос эхлэлтэй. Байгаль орчны сайд самар худалдах, экспортлохыг хориглосон шийдвэр нэг гаргаж буцаагаад түр зөвшөөрөл олгоод байдгийн учир нь самрын үнэ унагах, буцаад ашигтай болгох бизнесийн шахааны нэг хэлбэр. Манай улсад эдийн засгийн тооцооллоор мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар жилд хушны самар 120 мянган тонн орчим ургадаг юм байна. Үүнээс 10 хувийг нь иргэд гар аргаар түүдэг гэх судалгаа байгаа бөгөөд дунджаар таван хувийг нь гар дээр ирнэ гэж тооцоход таван мянган тонн самар Монголын зах зээлд бий болно. Таван мянган тонн самрыг кг тутмыг нь 10 мянган төгрөгөөр тооцоход 50 тэрбум төгрөг. Тэрхүү 50 тэрбум төгрөгийг иргэд, самар түүгчид хувааж хүртэх ёстой боловч төрийн нэр барьсан дээрэмчид үүний ихэнхийг нь хүртэх гэж шунан дайрна. Энэ жилийн хувьд самрын хур бороо орсон мэт элбэг байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хувьд самар маш бага ургацтай гарсан. Тиймээс самрын сүлжээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төдийлөн сайн ажиллаж чадаагүй гэнэ лээ. Энэ жилийн хувьд самрын бизнесийн мафийн сүлжээ хэдийнэ ажилдаа орсон бололтой. Самрын үнэ унаж, улсын орлого болгох хураах ажил хэдийнээ эхэлжээ.

Б.ДОЛЗОДМАА

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих