“Цензургүй яриа-Хавдрын эсрэг” аян
/Ил захидал/
Би “Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан байна. Таны цаг хугацаанаас хэлтлэн байж энэхүү захиаг өргөн барих болсоны учир гэвэл хорт хавдар хэмээх аймшигт өвчин Монголд газар авч байгаад сэтгэл зовсоных билээ. Учир нь миний бие болон тэнгэрийн оронд одсон ээж минь энэ өвчний золиос болсон юм. Ээж минь оройтож оношлуулсан учраас хорвоог орхиж, харин би эрт оношлуулсан учраас амьд үлдэж чадсан билээ. Энэ аймшигт зовлонг бие сэтгэлээр туулсан хүний хувьд олон хүний амь аврахсан, Монголын минь олон мянган өрх тийм зовлонг бүү туулаасай гэж эх хүний хувьд, сэтгүүлч хүний хувьд бодох боллоо. Тиймээс “Цензургүй яриа” нэвтрүүлгийн оролцогч төр нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёл, спортын одод, соён гэгээрүүлэгчид, мөн энэ нэвтрүүлэгт оролцоогүй ч Монголын ард түмний хүндэлж хайрладаг эрхэм хүмүүст хандаж байгааг минь хүлээн авна уу.
“World Health Organization”-ээс эрхлэн гаргадаг хавдрын тархалт, нас баралтыг дэлхийн улс оруудад харьцуулан гаргадаг “Globocan” цахим хуудаснаас үзэхэд Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд 1-р байрт, ходоодны хорт хавдрын өвчлөл нас баралтаар дэлхийд 2-рт, улаан хоолойн өвчлөл нас баралтаар мөн л дэлхийд 3-р байрт оржээ. Аймшигтай тоо байгаа биз. Монгол дахь судалгаагаар бүр ч сэтгэл зүсэм тоо гарна. Хорт хавдраар өвчилсөн 4 хүн тутмын 3 нь хожуу буюу III-IV үе шатандаа оношлогдож байна. Энэ бол нийт өвчлөгсдийн 75 хувь нь билээ. Гэтэл өдөр бүхэн 3-5 хүн хорт хавдар гэсэн оноштойгоор шинээр бүртгэгддэг ба үүнээс өдөр бүр 2-3 хүн нь нас барж байна. Энэ бол манайх шиг цөөхөн хүн амтай улсад бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал гэж би боддог юм аа. Тийм учраас танд энэ талаар хичээнгүйлэн бичиж байгаа юм шүү. Хорт хавдар үүсгэх олон шалтгаан бий. Гэвч энэ тухай энд түр азная. Харин энэ өвчнийг хазаарлах гол хүчин зүйл бол эрт оношилгоо, урьдчилан сэргийлэлт юм.
Манай улсад хавдраар дагнан ажилладаг ХСҮТЭ гэж бий. Бүх хавдартай өвчитнүүд зөвхөн энэ эмнэлгээр үйлчлүүлдэг. Гэтэл энэ эмнэлэгт өнөөг хүртэл сайн чанарын компьютер томографи алга. Хүн амын дундах өвчлөл, нас баралт нь дэлхий нийтийн анхаарал татаад байхад улсын ганц эмнэлэг нь хавдрыг оношлох нарийвчилсан зүслэг бүхий компьютер томографигүй байж болох уу. Энэ аппаратыг Эрүүл мэндийн яам дэмжиж улсын төсөвт суулгаж өгсөн боловч Сангийн яам улсын төсвийг УИХ-д өргөн барихдаа хасчихжээ. Эдийн засгийн хямралтай байгаа хэдий ч Үндсэн хуулиндаа тунхаглаж өгснөөр Монгол хүн амьд явах эрхтэй шүү дээ. Монгол хүн аймшигт өвчнөөр шаналан үхэж байхад төр засаг ард иргэдээсээ оношилгооны аппарат харамлаж болохгүй гэж бодно. Эрхэм Та ч надтай санал нийлэх биз ээ. Мөн хамгийн сүүлд авсан мэдээллээр ХСҮТЭ-ийн өргөтгөлийн байрыг барьж дуусгах төсвийг ч мөн хасчээ. Өргөтгөлийг 2013, 2014 онд царцааж 2015 барьж байсан боловч 2016 онд дуусгах төсвийг нь мөн л хасчээ.
Энэ бүх учир шалтгааны үүднээс Эрхэм таныг 2015 оны 10-р сарын 29-нд “Чингис” зочид буудалд болох “Цензургүй яриа- Хавдрын эсрэг” хандивын хүлээн авалтад хүрэлцэн ирж, дуу хоолойгоо нийгэмд хүргэж, төр засгийн анхаарлыг энэ зүгт татах сайн санааны үйлсэд хүрэлцэн ирж оролцохыг хичээнгүйлэн гуйж байна.
Таныг хүндэтгэсэн Л.Мөнхбаясгалан
URL: