Монголын эзэнт гүрэн ба Хубилай сэцэн хаан
Чингис хаан Тэмүжиний хаант төр улсын гал голомтыг өвлөн залгамжилсан отгон хөвгүүн Тулуйн их хаадын зэрэгт хүрсэн дөрвөн хөвгүүний дотроос хоёрдугаар хөвгүүн болох Хубилай сэцэн хаан /1215-1294/ Монголын эзэнт гүрэн-Их Юань улс /1260-1368/-ын төрийн үндэслэн байгуулж, дэлхий дахины цэрэг, улс төрийн түүхнээ сүр хүч, суу алдраа дуурсган ихэд алдаршсан билээ.
Төрөлхийн сэцэн цэлмэг, төр ёсны эрдэм ухаанд нэвтэрхий суралцсан Хубилай хаан багаас эцэг өвгөдийн хайр хүндлэл, итгэл найдварыг бусдаас илүүтэй хүлээсэн алтан ургийн үр ач нарын нэгэн байв.
Тухайлбал, Чингис хаан нэгэнтээ “Хубилай хөвгүүний үг нь ажигтайхан гарнам бүлгээ. Хотлоор түүний. үгээр явагтун” гэж сурган захисан бол ухаант Өэлүн эх “Чиний (Чингис хаан-И.Ч) төрсөн дөрвөн хөвгүүний олон хүүхдийн дотор үзвээс гурав дөрвөн их заяатнаас Толи хөвгүүний хоёрдугаар хөвгүүн Хубилай, ” хойч өдөр чиний орыг дармуй за. Би эдүгээ түүний наадах аашлахыг үзэхүл бус оч нараас (ач нараас) өөр нэгэн зүйлийн далд нууц гүн хол санаа буй…
Энэ Хубилай хөвгүүний байдал төлөв төв гэгээн, үг дуу хурц сэргэлэн, эдүгээ сая аравхан настай бөгөөтөл уйгар, шар, хятад гурван аймаг үсгийг таньж…” хэмээсэн нь чухамдаа алтан ургийн угсаа залгамжлагч их хаадын байр суурийг зүй ёсоор эзлэх учиртайг аль эртнээс хүлээн зөвшөөрсөн хэрэг байв.
Түүнчлэн Хубилай хаан бага ахуй цагтаа ухаант хатан эх Сорхогтани бэхийн алс хэтийн бодлого, хүчин чармайлт дор Толочу хэмээх уйгар багшаар тусгайлан монгол бичиг үсэг заалгаснаас гадна хятадын бичгийн нэрт түшмэл Чжао Би, ван Ө, Яо Шу, Лю Бинчжун нараар эрдэм ном заалгаж, төрийн ёсонд шамдан суралцсан нь хожим хойчийн ээдрээ төвөгтэй амьдрал үйлсэд багагүй нөлөө үзүүлсэн нь дамжиггүй.
Их Монгол Улсын хаан ширээний төлөөх тэмцэл Гүег хаан (1246-1248)-ы үеэс туйлдаа хүрч, алтан ургийн эв нэгдэл алдагдахад хүрсэн түүхэн эгзэгтэй цаг үест идэр залуу жанжин Хубилай хан эцэг Тулуйн угсааны нэр хүнд, байр суурийг хамгаалахаас гадна Их Монгол Улсын дөрөв дэх их хаан сууринд өргөмжлөгдсөн төрсөн ах болох Мөнхийн цэргийн гол хүчийг ерөнхийлөн захирах жанжнаар томилогдож, дорно дахины улс түмнийг байлдан дагуулах хэрэгт хичээнгүйлэн зүтгэснээр ирээдүйн төр, цэргин амьдрал, тэмцлийн гараагаа амжилтттай эхлүүлжээ.
Гэвч 1256 онд Мөнх хаан өөрийн биеэр өмнө зүгт хөдөлсөн аян дайны явцад таалал төгссөний улмаас хаан ширээний төлөөх тэмцэл дахин өрнөж, нэр нөлөө бүхий Хубилай жанжин хүссэн хүсээгүй татагдан орсон юм.
Түүний цэрэг, улс төрийн гол өрсөлдөгч нь 1260 онд өөрийгөө хаан ширээнд өргөмжилсөн төрсөн дүү Аригбөх болоод Өгэдэйн угсааны Хайду, Наяа нар болон хувирч ихэд саад бэрхшээл учруулж байсан хэдий ч Аригбөхийг 1260-1264 онд, Наяаг 1288 онд 40 түмэн их цэргийг удирдан өөрийн биеэр тус тус байлдан дарсан байна. Харин 1289 онд Хар Хориныг эзлэн турхирсан Хайдугийн эсэргүүцэл тэмцлийн эсрэг даруй гуч шахам жилийг зарцуулсан ч амьд ахуйдаа эцэслэн шийдвэрлэж хараахан чадаагүй ажээ.1260 он.
Хубилай Кайпин хотноо монголын их хааны сууринд өргөмжлөгдсөнөөр өрнө, дорнын олон арван улс түмнийг ээлж дараалан эзэлж, эрхшээл нөлөөний газар нутаг, хил хязгаар урьд өмнөхөөс илүүтэй өргөжин тэлсэн тул хаант төр улсын хэрэгт асар их өөрчлөлт, шинэчлэлийг шаардаж эхэлжээ.
Үүний тулд Хубилай хаан умардын тал нутгаас өмнөдийн далай тэнгисийн зам харилцаа хийгээд төвлөн захирах ёсны давуу талыгхаргалзан юуны өмнө улсын нийслэлийг 1260 онд Хархорумаас Кайпин руу, 1264 онд Кайпинаас Янь-жин (Бээжин), 1264 оны 9 дүгаар сарын 5-ны өдрийн зарлигаар Бээжин (Жунду)-г монгол гүрний жинхэнэ нийслэл, Шанду-г хоёр дахь нийслэл болгон дэс дараалан шилжүүлэв.
Мөн 1272 онд Хаанбалгасан буюу Их нийслэл (Дайду)-ийг шинээр байгуулснаас гадна уламжлалт төр ёсны залгамж чанарыг эрхэмлэн 1271 оноос Их Монгол Улсын нэрийг “Их Юань Улс” (эх үүсвэр, уг удам, язгуур үндэс-гэдэг утгатай) хэмээн өөрчлөн нэрийджээ.
Хубилай хааны эдгээр бодлого, үйл ажиллагаа нь өнөөг хүртэл эерэг, сөрөг үзэл хандлага дагуулсаар байвч цэрэг, стратегийн бодлогын хувьд урт удаан хугацаа, хүч хэрэгсэл шаардсан хятад орныг бүхэлд нь эзлэн авахад чиглэж байснаараа нэн онцлог төдийгүй 1279 онд 60 сая хүн ам бүхий өмнөд Сүн улсыг байлдан дагуулсны эцэст Их Юань Улсаар төвлөрсөн Монголын эзэнт гүрний үндэс суурь баттай тавигдсан билээ.
Нөгөөтэйгүүр Хубилай хаан уугуул Монгол орон, Хархорум нийслэлийг төрийн бодлогын төвд байлгаж, угсаа залгамжлагч хан хөвгүүдээ тэнд сурган бэлтгэж, уламжпалт төр ёсны залгамж чанар, гал голомтыг ямагт эрхэмлэн сахиж байсан нь түүний төр засахуйн холч, ухаалаг арга бодлогын илрэл юм.
Хубилай хаан Их Юань Улсын төр,цэргийн удирдлага, зохион байгуулалт буюу 1) Дотоод бичгийн яам/дээд түшмэлийн зөвлөл, төв штабын холбоо, түшмэлийн, сангийн, цэргийн, ёслолын, шүүхийн, үйлдвэрийн зэрэг яамдууд багтана/, 2) Нууц бичгийн яам, 3) Дэвшүүлэх бууруулах яамыг шинэчлэн байгуулж, улс гүрний харьяат нийт хүн амыг 1) монгол хүн, 2) өнгөт нүдтэн /уйгар, перс, түрэг зэрэг баруун зүгийн/ 3) умард хятадын хүн /кидан, зүрчид, Алтан улсын харъяат/ 4) өмнөд хятадын хүн /өмнөд Сүн улсын иргэд/ гэсэн дөрвөн хэсэгт хуваан захирснаас гадна төр, шашны хоёр ёсны онолыг анх удаа нэвтрүүлсэн нь уламжпалт төр ёсны сэтгэлгээний түүхэнд дэвшилтэт үүрэг гүйцэтгэжээ.
Энэ тухай академич Ж.Болдбаатар “Чингис хааны ач хүү Хубилай”Арван буянт номын цагаан түүх”-дээ төрийн хоёр ёсны сургаалаа боловсруулжээ.
Төрийн хоёр ёсыг тэгш явуулах гэдэг нь шашны (номын) болон төрийн ёсны хоорондын найралт ёсыг зохистой тогтоож, хослон барих явдал болно. Хубилай хаан хүний бодлого, үйл ажиллагаандаа баримтлах журам, зарчим, дэгийн тухайд улсыг ном, төр, цэргийн ёсоор засах гурван их үйл, их нигүүлсэхүй сэтгэл гаргах, хамаг амьтанд туслах, энх амгаланг эрхэмлэх, төрийн хэргийг сайтар засахыг багтаасан дөрвөн их төр, түүхэн уламжпал, бурхан багшийн зарлиг сургаал, дур зоргын хэм хэмжээ, төр улсынхаа төлөө эрслэн зүтгэх цэрэг эр, арвилан хэмнэлтийн дууриалалыг хамруулсан зургаан их үлгэр, өнгөрснийг хөөж онох, ирээдүйг ч угтаж мэдэх, битүүг тааж мэдэх, бусдын самбаа өгүүлэхийг урьдаас онож мэдэх, аян авын явдлыг ёсоор мэдэх, таван ухааныг эзэмшин төгсөх явдлыг агуулсан долоон их бин хэмээн ангилан үзэж байсан юм” хэмээн үнэлэн дүгнэсэн буй.
Хубилай хаан их, бага улс үндэстний шашин шүтлэг, зан үйлийн хэм хэмжээг эрх тэгш хүндэтгэн үзэхийн зэрэгцээ Түвдийн буддын (ламын) шашныг төрийн шашнаар өргөмжпөн дэлгэрүүлсэн нь монголчуудын уламжлалт шашин соёлын хөгжилд томоохон түлхэц болсон байна. “Юань улсын судар”-т тэмдэглэснээс үзвэл “1291 оны бүртгэлд бүх улсад буддын шашны сүм хийд бараг4 түм илүү…лам хувраг 20 түм гаруй байв”.
Аливаа хууль цааз, сахилга журмын ёсоор улс үндэстний эрх ашиг, эв нэгдлийг бататган бэхжүүлэх уламжпал Их Юань Улсын үед ч хүчтэй хэвээр оршиж байв. Тухайн үед Чингис хааны “Их Засаг” хуулийн үр нөлөө, үндэс суурийг ямагт хүндэтгэн үзэхийн зэрэгцээ Хубилай болон түүнийг залгамжлагч хаадын үед “Их Юаны нэвтэрхий хууль” (10 том анги, 60 бүлэг, 2391 зүйл), “Их Юаны хууль цаазын бичиг” (88 бүлэг, 2539 зүйл), “Ертөнцийг засах магад хууль” (10 том анги, 880 бүлэг) зэрэг томоохон хууль цаазын бичгүүдийг удаа дараа боловсруулан гаргаж, Чингис хааны төрийн их заргач Шихихутаг, Мөнх хааны үеийн нэрт шүүгч Мөнхсар, Байжу тэргүүтэй шилдэг эрдэмтэн мэргэдийн сэтгэл оюунд түшиглэн Монголын эзэнт гүрний хэмжээнд чанд сахин мөрдөж байсныг онцлон дурдууштай.
Их Юань Улсын хаант төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхийг зүй ёсоор хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Хубилай хаан цэргийн хэргийн шинэчлэлийн бодлогод онцгой анхаарал хандуулснаар эзэнт гүрний хэмжээнд олон талт үүрэг гүйцэтгэх чадвар, бэлтгэл сургуулилт бүхий төрөл мэргэжлийн цэргийг сайтар боловсруулж, зохион байгуулснаар дэлхий дахины цэргийн урлагийн түүхнээ үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Доктор (Sc.D), профессор Х.Шагдарын тодорхойлсноор Их Юань улсын цэрэг нь 1) дотоод (дарангуй, хишигтэн)-ын цэрэг, 2) хилийн цэрэг, 3) хуурай зам (төрлийн цэрэг: морьт, явган, заант)-ын цэрэг, мэргэжлийн цэрэг (урчуудын, их бууны), 4) усч цэрэг (усан цэргийн флот)” -ээс тус тус бүрдэж байв. Ялангуяа Хубилай хаан 1265-1268 онд 70.000 хүнтэй усан флот, 1272 онд усч цэргийн нийтийн даргын яамыг анхлан тус тус байгуулсны дотор 1273 онд 6 түмэн усч цэргийг сурган бэлтгэж, 2000 онгоц үйлдвэрлэн ашиглаж байв.
Мөн 1274, 1275,1281 онд Япон улсын эсрэг гурвантаа аялан дайтсаны дотор 1281 онд 4400 завь онгоц,140.000 их цэргийн хүчээр довтолсон нь өнөө ч монголын төдийгүй дэлхий дахины цэрэг, дайны түүхнээ хамгийн их анхаарал татаж, гайхал төрүүлсэн хэвээр үлджээ.
Хубилай хааны төр, цэргийн шинэчлэлийн бодлогын үр дүнд монголын морьт цэргийн уламжпалт зэвсэг хэрэгсэл (нум сум, илд, бамбай, жад г.м)-ээс гадна төрөл бүрийн галт зэвсгийг олноор үйлдэн, байлдан тулалдах чадварыг улам бүр дээшлүүлсэн юм. Энэ талаар доктор, профессор Ж.Базарсүрэн “1270-аад он буюу Юань гүрний үед Хубилай хааны зарлигаар олон замд үхэр бууны цэргийг сонгон сургаж, их бууны тусгай баг, ангиудыг үүсгэн байгуулж эхэлжээ.
1271 онд Хубилай хаан Перс дэх ил хаан Абагад элч илгээн их бууны дархан Исмайл, Арбуда нарыг Дайду (Бээжин)-д авчруулан том хэмжээний шинэ их буу хийлгэж, 1273 онд Сүн улсын Сяньян, Фаньчэн хотыг дайлж байв. Улмаар монголчууд Юань улсын үед тусгай гол төмөр бүхий их бууг бүтээж хэрэглэх болов” гэж тэмдэглэжээ.
1273 оноос их бууг өргөнөөр хэрэглэх болсон тул 1274 онд буучны ерөнхий захиргаа, 1281 онд хотон (Ираны урчуудын хийсэн их буу) буучны юаньшувэйн ордон, 1285 онд эдгээрийг нэгтгэн хотон буучийн цэргийн дарханы дээд түшмэлийн ордонг тус тус байгуулж, хотон бууны дархан Арбудаг хотон бууч цэргийн урчуудын дээд түмтийн ордны дэд түшмэл, Исмайлыг “хотон буучны нийтийн дарга” буюу ерөнхий командлагчаар сонгож, барс тэмдэг олгожээ.
Мөн Юань гүрний үед цэргийн зэр зэвсэг үйлдвэрлэх, нийлүүлэх ажпыг “Цэргийн зэвсгийн хороо” эрхэлж байсан бол 1287 онд “Цэрэг, зэвсгийaн яам” болгон өргөтгөжээ. в Гэхдээ монголын цэрэг, дайны агт морьд, нум сум урьдын нэгэн адил гол үүрэгтэй болохыг “Юань улсын судар”-т “Баруун хойно морь үлэмж…Юань улс умард газраас мандсан тул нум, морины ашгийг дагаж дэлхий дахиныг авжухуй…
Шизу (Хубилай) чжун тунгийн 4-р он (1264)-д адуун сүргийн газар байгуулаад удсангүй дэвшүүлээд дээдийн Адуун яам болгожухуй” гэх зэргээр онцлон тэмдэглэжээ. Энэ бүхний үндсэн дээр Хубилай хаан хамгийн шилдэг зохион байгуулалт, байлдах, дайтах чадвар бүхий цэрэг арми, зэр зэвсгийн сүр хүчинд түшиглэн Хятад, Түвд, Солонгос, Бирм, Аннам (Вьетнам), Тайланд, Ява, Суматрын олон арлын улсуудыг удаа дараалан эрхшээлдээ оруулсан байна.
Хубилай хаан дан ганц цэрэг, дайны үйлийг эрхэмлэгч байсангүй бичиг үсэг, соёл боловсролыг түгээн дэлгэрүүлэх дэвшилт бодлогын үр дүнд монголын эзэнт гүрний харьяат түм бумаар тоологдох албат иргэд, улс түмнийг нэгэн захиргаанд багтаан захирсан нэрт соён гэгээрүүлэгч их хаан байв. Тэрбээр хаан ширээнд суусны дараахан Түвдийн нэрт лам Пагва Лодойжалцан (1235-1280) гэгчийг “Улсын багш”-аар өргөмжилж “монгол үсэг бол олон үсгийн дээр буй” хэмээн монголын эзэнт гүрний шинэ бичиг зохиох зарлиг буулгасан нь “Дөрвөлжин бичиг” хэмээн алдаршжээ.
Уг бичгийг 1269-1271 онд “Монгол шинэ бичиг” гэж нэрлэж байгаад 1271 оноос хойш “Монгол үсэг” гэж нэрлэжээ. Бичиг соёлын хөгжлийн явцад “Монгол сургууль” “Улсын сургууль” болон хятад, араб, түвд зэрэг гадаад хэлний болон эмнэлгийн, одон орон, зурхайн сургууль хүртэл олноор байгуулагдаж байв.
Хубилай хааны зарлигаар 1264 онд Хаанбалгасан (Бээжин)-нд “Судрын хүрээлэн”-г анх байгуулж, араб, түвд, перс, уйгар самгарди (санскрит) хэлнээс “Төрд туслах нэвтэрхий толь”, “Ачлалт ном”, “Их суратхуй бичиг”, “Долоон өвгөний судар”, “Бодичарьяа-авадара”, “Субашид” зэрэг олон тооны ном судрыг монгол хэлнээ орчуулан хэвлэсний дотор Чингис хаанаас Тогоонтөмөр хаан хүртэлх 165 жилийн туршид үргэлжилсэн монголын төрийн түүхийг бичих ажпыг эхпүүлсэн нь Юань улсын судар” (уг тэмдэглэл-47 бүлэг, ойллого тэмдэглэл-58 бүлэг, айлтгал тэмдэглэл-8 бүлэг, шастир-97 бүлэг, бүгд 210 бүлэг) гэж алдаршсан билээ.
Түүнчлэн Их Юань Улсын үеэс зоос, цаасан мөнгийг үйлдвэрлэн гүйлгээнд оруулснаар олон улсын худалдаа арилжаа, санхүүгийн тогтолцоо төлөвшин тогтох таатай нөхцөл бүрдэж, улс гүрний эдийн засаг, аж ахуйн болоод гар урлал, газар тариалангийн салбарт үндсэн өөрчлөлт гарахад чухал нөлөө үзүүлжээ.
Өмнөд Сүн улсын чинсан Вэнь Тяньсан монгол цэрэгт олзлогдон Хаанбалгасан хотод хүргэгдэх замдаа монгол цэргийн дуу хөгжмийг сонсоод “өмнө газрын хүмүүн эгэж дэгжиж чадахгүй болвай” хэмээн сэтгэлийн гунигт автаж байсан түүхэн баримтаас үзэхэд Хубилай хааны цэргийн сүр хүчийг илтгэсэн дуу хөгжим улам бүр хөгжин дэлгэрсэн нь мэдэгдэнэ.
Хубилай хааны зарлигаар 1260 онд “Их Хөгжмийн яам”-ыг байгуулж, 412 хүний бүрэлдэхүүнтэй төрийн их найрал хөгжмийг сүр жавхпантай эгшиглүүлж байсны зэрэгцээ олон үндэсний хөгжмийн зэмсгээс бүрдсэн их найрал нь 1) Ёслолын хөгжим (Давшин дуулах хөгжмийн, Ордноо өлгөх хөгжмийн)- ийн анги, 2) Бүжгийн хөгжмийн анги,
3) Хурим найрын хөгжмийн ангиас тус тус бүрдэж, цэргийн болоод төрийн ёслол хүндэтгэлийн дуу хөгжмийн түүхэнд нэгэн шинэ үеийн түрлэг болон цууриатсан билээ. Ийнхүү Хубилай хаан бичиг үсэг, шинжлэн судлахуйн ололт амжилт, мэдлэг ухаан төдийгүй урлаг соёл, дуу хөгжмийг түгээн дэлгэрүүлж, суурьшмал соёл иргэншлийн онцлог, давуу талыг монголын нүүдэлч угсаатны үндэс язгуур, өв соёл лугаа зөв зохистой хослуулан хөгжүүлэх бодлогыг тууштай сахин баримталснаар өөрийн улс үндэстнийг өрнө, дорнын өндөр хөгжилтэй ард түмний хэмжээнд хүргэж, өвөг эцэг Чингис хаанаас дутуугүй үлэмж гавьяаг байгуулсны зэрэгцээ монголын хаант төрийн түүхнээ “Сэцэн” хэмээн алдаршсан болой.
Харин Хубилай сэцэн хааны гадаад дүр төрх, төлөв байдлын талаар 1272-1289 онд буюу 17 жилийн туршид хамгийн ойр шадарлан, элч төлөөлөгчөөр ажиллаж, их хааны эрх сүр, эрдэм чадлыг нүдээр үзэж, биеэр мэдэрсэн Италын нэрт жуулчин Марко Поло (1257-1324) “Тэрбээр өндөр ч биш, нам ч биш, дунд зэргийн нуруутай, бие бялдар сайхан, махпаг дүүрэн, чийрэг сайхан эр ажгуу.
Нүүр царай нь туяаран гэрэлтэх нь сарнайн адил, нүд нь ухаалаг агаад мойл хар, хамар тэгш бөгөөд өндөр болно” хэмээн нэгэнтээ тодорхойлон бичсэн нь бий. Мөн Хубилай хаан ёс төрт дөрвөн хатнаас төрсөн 22 хөвгүүнтэй гэгддэг бөгөөд Чибэр, Намби зэрэг ухаант хатадууд хаант төрийн хэрэгт нөлөө бүхий байр суурьтай оролцож байсан гэдэг.
Хубилай хааны төр барьсан он жилүүдэд Их Юань улсаар төвлөрсөн монголын эзэнт гүрэн хөгжил дэвшлийнхээ оргилд хүрч, урьд хожид байгаагүй асар их ололт, амжилтанд хүрсэн нь нийгэм улс төр, эдийн засаг, соёл боловсролын олон талт шинэчлэлийн бодлого, уйгагүй тэмцэл зүтгэлийн бодит үр дүн байв. Тийм ч учраас Чингис хааны угсаа залгамжпагч үр ач нараас алдар хүнд, авьяас билигт олон арван хаад, төр, цэргийн зүтгэлтнүүд төрөн гарсан хэдий ч даруй 108 жилийн туршид хүчирхэгээр оршин тогтносон Монголын эзэнт гүрэн-Их Юань Улсын төрийг үндэслэн байгуулагм Хубилай сэцэн хаан лугаа эн зэрэгцэх нь өр үгүй билээ.
Ишхандын Чинбат Доктор, профессор
URL: