Зарим гудамж, замыг нэршүүллээ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын зарим гудамж, байгууламжийг шинээр нэршүүллээ.  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 123 дугаар тогтоолоор Монголын Ардчилсан хувьсгалыг манлайлагчдын төлөөлөл болох Хонх хамтлагийн ахлагч С.Цогтсайханы хөшөөг байрлуулах тухай баталсан бөгөөд Баянгол дүүргийн ИТХ болон Засаг дарга нь Баянгол дүүрэг 2, 3 дугаар хороо, Гранд плаза их дэлгүүрийн зүүн урд уулзвараас баруун тийш Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гудамжийг Хонхны гудамж гэж нэршүүлэх хүсэлтийг ирүүлжээ. Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчид Баянгол дүүргээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Баянгол дүүрэг 2, 3 дугаар хороо, Гранд плаза их дэлгүүрийн зүүн урд уулзвараас баруун тийш Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гудамжийг Хонхны гудамж гэж нэршүүлэхээр тогтоов.

Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дүнжингаравын зам, Хүрхрээгийн аманд шинээр барьсан гүүрнээс зүүн урагшаа Одон орон, геофизикийн хүрээлэн хүртэлх 4.6 км замыг Хубилай хааны зам, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хүрхрээгийн аманд шинээр барьсан төмөр бетон гүүрийг Хүрхрээгийн гүүр гэж нэрлэж байхаар тогтоов.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дүнжингаравын зам, Хүрхрээгийн аманд шинээр барьсан гүүрнээс зүүн урагшаа Одон орон, геофизикийн хүрээлэн хүртэлх 4.6 км замыг Хубилай хааны зам гэж нэршүүлэх хүсэлтийг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт  ирүүлсэн бөгөөд БСШУ—ны сайд Н.Гантөмөр,  Хубилай сэцэн хааны одон орны шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж ШУА-ийн харъяа Одон орон, геофизикийн хүрээлэнг Хубилай хааны нэрэмжит болгох саналыг харъяа газартаа хүргүүлээд байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих