И.Эрдэнэчимэг: Ромын пап лам биднийг сайнаар хүлээн авах болно
“Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэн” төрийн бус байгууллагын тэргүүн И.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Тэрбээр “Гүюг хааны Ромын Пап ламд бичсэн захидлын үргэлжлэлийг XXI зуунд хүргэхийн учир” ажлыг зохион байгуулах гэж байгаа юм.
-Та өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Ишийн Эрдэнэчимэг гэдэг. “Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэн” төрийн бус байгууллагын тэргүүн. Инженер, механик, зохион бүтээгч мэргэжилтэй. Ташкент хотод суралцаж дээд боловсрол эзэмшсэн. Шингэн дэх цахилгаан соронзон долгионы судалгаагаар мэргэшин дипломын ажил бичсэн. Дээд сургуулиа төгссөнийхөө дараа Увс аймгийн Давст сумын нутагт 780 га талбай бүхий Торхилогийн услалтын системийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж улмаар анхны ургацыг хураан авсан.
1984 оноос хойш Евроазид “Евроази хаана хэрхэн төвлөн оршдог вэ?” сэдвээр бие даасан хээрийн судалгааны ажлыг хийхдээ хүн төрөлхтөн оюун санааны эрх чөлөөг хаанаас эхлэн олж авах боломжтой талаарх судалгааг илүү чухалчилсан юм. Үүнд мэдээж, Чингис хаан хэрхэн XII зуунд оюун санааны эрх чөлөөг монголчуудад олгосон түүх хамгаас сонирхолтой байлаа. Ийнхүү “Төв Азийн ариун голомтод Евроази төвлөн оршдог” номыг хэвлэн нийтэлсэн. Ингэснээр Европын хөгжингүй орнуудыг төв Азийн ариун голомт газар зүйн байрлалаас захирч болох гаргалгаа мөн технологи шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдсан “Гүюг хааны Ромын Пап ламд бичсэн захидлын үргэлжлэлийг XXI зуунд хүргэх” ажлыг зохион байгуулахаар шийдсэн юм.
-Чингис хаан XII зуунд оюун санааны эрх чөлөөг монголчуудад олгосон гэлээ. Энэ талаар сонирхуулна уу?
-Есүхэй баатар үгүй болсны хойно балчир Тэмүүжин ээж, дүү нарын хамт үлдэхдээ хүнд хэцүү амьдралыг туулсан боловч түүний гүйцэтгэсэн түүхэн үйл хэрэг нь Тоорил ван хан, багын анд Жамух нарын хамтаар Гурван Мэргэдийг доройтуулж чадсанаар шашнаас ангид байх асуудлыг шийдсэн. Улмаар “Гурван Мэргэдийн хойчис хөх тэнгэрт дүүлэн гарсан ч мөхөө, хөрст газарт тарваганы нүхэнд шургасан ч олж мөхөө, гүн далайн ёроолд шургасан ч олж мөхөө” хэмээн Сүбээдэй баатарт төмөр тэрэг өгч мөрдүүлснээр XII зуунд дорнынхонд оюун санааны эрх чөлөөг олгох үйл хэргээ эхлүүлжээ.
Гэхдээ, Гурван Мэргэдийг мөхөөн доройтуулснаас бүтэн хагас жилийн дараа зуны тэргэл улаан өдөр Тэмүүжин Жамух хоёр салснаар монголчууд харанхуйн мөргөлтний ёсноос салжээ. Ийнхүү XII зууны Чингисийн монголчууд оюун санааны эрх чөлөөг олсон түүхтэй. Оюун санааны эрх чөлөөнд хүрсэн монголчууд 1189 онд Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилж түүний үйл хэрэгт тууштай зүтгэсэн байдаг. Тэгэхээр 1170-1189 оны хооронд Чингис хаанд нэгдсэн монголчууд бол Чингисийн монголчууд юм. Тэдний оюун санааны эрх чөлөөнд хүрсэн түүх ийнхүү эхэлдэг. Өөрөөр хэлбэл, Чингис хааны үйл хэргийг албан ёсоор хэрэгжүүлэхдээ оюун санааны эрх чөлөөнд хүрсэн өөрийн хүмүүстэйгээ хамтарсан нь түүний үйл хэрэг мөнх тэнгэрийн хүчин дор үргэлжлэхэд хүргэжээ.
-Түүхэн сурвалж бичгүүдэд дурдагддаг 1189-1206 онд юу болсон юм бэ?
-Алтан Хучар, Тайчар нар Тэмүүжинг Чингис хаан хэмээн хүлээн зөвшөөрч андгай тавьсан ч урван Жамухыг даган одсон байдаг. Үүгээр Чингисийн монголчуудын хувьд тодорхой хэмжээний сорилтын он жилүүд үргэлжилсэн. Чухамхүү 1189 онд Тэмүүжин өөрийгөө Чингис хаанд өргөмжлөгдсөн талаар Тоорил хан болон анд Жамух нартаа элч илгээн дуулгасан. Гэвч Тоорил хан болон анд Жамух нь Тэмүүжинг Монголын хан болжээ гэж ойлгосон.
Түүнчлэн Чингис хаан Найманы Таян хантай харилцах болсныг сонсоод Жамух, Тоорил хан өгүүлэхдээ “Хэрвээ Тэмүүжин баруун зүгт өөр холбоотонтой болбоос бид хэн ч биш болно” хэмээн өгүүлж, Тоорил хан, нялх Сэнгүм, Жамух нар “Тэмүүжин хөвүүний улсыг булаан авах” цэргийн эрхтнүүдийн хуйвалдаан зохион байгуулж, Тэмүүжингийн эсрэг ээлж дараагаар дайтах болсон. Гэвч Хэрэйд, Жадарин, Найман улсыг тогтоон барих гэж оролдсон тэд нэгэнт өөрийнх нь эсрэг эвлэлдэн нэгдсэн учраас улсаа алдахгүйн тулд тэмцэхээс өөр аргагүй болсон.
Гэхдээ Чингис хааныг монголчуудын цөөнх дагаж, олонх нь Жамухыг даган явсныг “Монголчуудын олонх Жамухыг дагаад бидний энд байна” хэмээн Тоорил хан, Таян хан нар өгүүлж буйгаар 1189-1206 оны хооронд Чингис хааны эсрэг монголчуудын олонх Жамухыг дагасан түүх илчлэгддэг юм. Энэ бол XII-XIII зуунд оюун санааны эрх чөлөөг олоогүй монголчуудын хэсэг юм.
-Мөнх тэнгэртэн гэдгийг оюун санааны эрх чөлөөнд хүрсний баталгаа гэж ойлгож болох уу?
-1206 оноос хойш өнөөгийн Монгол үндэстнүүд нь Чингис хаанд нэгдсэн болохыг эрдэмтэд судлан тогтоожээ. Энэ үед Чингис хаанд нэгдсэн монгол үндэстнүүд оюун санааны эрх чөлөөнд хүрэхдээ өөрсдийгөө “Мөнх тэнгэртэн боллоо” гэж хүлээн авсан байдаг.
-Мөнх тэнгэртний онцлог юу вэ?
-Мөнх тэнгэртэн хэмээх ойлголт нь аливаа шашнаас ангид оршин амьдрах газар зүйн онцлогийг тодорхойлж, түүнийг төрийн бодлогоор илэрхийлэх зарчим юм. Тиймээс XIII зууны Чингисийн монголчууд нь мөнх тэнгэрийн хүчинд итгэдэг байсан. Энэ нь тухайн үеийн монголчуудыг оюун санааны эрх чөлөөнд хүргэжээ. Гэвч энэ үзүүлтээ мэдээж өнөө хүртэл хадгалж ирсэн удмынхан нэн ховор л доо.
Олон хүн өнөө үед ч мөнх тэнгэртэн болох гэж оролддог боловч эцэстээ мөнх тэнгэртэн гэж юу байдаг болохыг төсөөлж чадахгүй байгаа нь XXI зуунд оюун санааны эрх чөлөөгөө алдсан болохыг тодорхойлно. Энэ зуунд мөнх тэнгэртэн хэмээх ойлголт нь ихээхэн зөрчилтэй ойлголт мэт харагддаг. Мөнх тэнгэртэн хэмээн өөрийгөө төсөөлөх хүмүүс нь орчин цагт мөнх ба мөнх бусын ялгааг төдийлөн ялгаж чаддаггүй. Тиймээс мөнх тэнгэртэн гэх монголчуудын олонх нь харанхуй шөнөөр үхэгсдийн оронд аялах зан үйлийг гүйцэтгэж байгаагаа эртний харанхуйн мөргөлтний зан үйл гэдгийг ялган салгаж ойлгож чадахгүй байгаа.
Түүнчлэн мөнх тэнгэртэн гэх монголчууд нь XXI зуунд мөнх тэнгэртэн хэмээн өөрсдийгөө нэрлэхдээ мөнх бусын оронд амьдарч байгаагаа зохих ёсоор танин мэддэггүй. Учир нь “Монголын нууц товчоо” түүхэн эх сурвалжид өгүүлснээр Туулын голын ай савд зөвхөн нялх Сэнгүмийн хацар энгэсэг шархдуулан байж Жорчидай авга нь мөнх тэнгэрт ялахын үүдийг нээсэн тухай маш тодорхой өгүүлдэг. Үүгээр Тоорил ван ханы нутаг бол мөнх тэнгэрийн орон биш болохыг тодорхойлдог. Чухамхүү “Монголын нууц товчоо” түүхэн эх сурвалжийн агуулгын нууцыг тайлж “Монголын ил товчоо” номыг хэвлэн нийтэлснээр энэ талаар бүр тодорхой олж мэдэх боломжтой.
-Тэгвэл мөнх тэнгэртэн гээд байгаа хүмүүс хаана, хэрхэн оршин амьдрах боломжтой вэ?
-Мөнх тэнгэртэн хэмээх ойлголт нь зөвхөн Алтан Ордын улс, Ил Ордын улс, мөнгөн модны ордын улсад төвлөн оршин амьдарч эдгээр гурван орд төрийн бодлого хэрэгжүүлэх зарчимтай байжээ. Үүгээр мөнх тэнгэртэн нь хэрхэн дэлхий дахинг захирсныг илчлэн тодорхойлох боломж бүрддэг.
-Хүмүүс оюун санааны эрх чөлөөнд хэрхэн хүрэх вэ?
-Энэ тухай ярихад оюун санааны эрх чөлөөг хангагчийн талаар өгүүлэхгүй байхын аргагүй. XIII зуунд хүн төрөлхтөнд оюун санааны эрх чөлөөг олгохдоо аливаа шашнаас ангид байх, харанхуйн мөргөлөөс татгалзах, үндэстэн төрийн бодлого хэрэгжүүлэхийг зогсоох үндсэн гурван шаардлага тулгарсныг манай судалгаар тогтоосон. XXI зуунд ч мөн л эдгээр гурван шаардлагыг тавих болно.
-Та Гүюг хааны захидлын үргэлжлэлийг Ромын Пап ламд хүргэх ажлыг зохион байгуулах гэж байгаа. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Өгөдэй хааны мөнгөн модны ордын улсыг захирсан түүхийг өнгөрсөн ба орчин цагт судлаачид ерөөсөө ч тайлж чадаагүй нь Монгол төрийн түүхийн судлалд үлдсэн цагаан толбо юм. Тохиолдлын юмс гэж хэзээ ч байдаггүй учраас өрнөдөөс ирсэн урчууд бүтээсэн мөнгөн мод, түүний дор дөрвөн өөр амттан уух ёс нь ихээхэн онцлог байдлаар мөнгөн модны орд улсын тухай ойлголт тодорхойлдог.
Чухамхүү, өнөө хүртэл хэрхэн юуны учир Алтан ордын улс, Ил ордын улс хэмээн нэрлэснийг шинжлэх ухаан судлан тогтоогоогүйн адилаар Өгөдэй хаан ямар ордын улс захирсан түүх ч мөн нууцлаг байдлаар үлдсэн юм. Гэтэл, орчин цагт цэвэр ус, цэнгэг агаар бэлэглэдэг мод тарих гэж оролддог нь бодит байдлаар Өгөдэй хааны захирсан мөнгөн модны ордын мөн чанарыг тодорхойж байсан ойлголт. Энэ бол хэзээ ч гадаад далайн “буцамтгай” голын ус ороогүй газар зүйн байрлалд цэвэр агаар, цэнгэг ус ирүүлдэг мөнгөн модны ой байдаг болохыг Өгөдэй хааны орд улс тодорхойлдог. Тиймээс Тулуй хэлэхдээ “Хэрвээ Өгөдэй хаан үгүй болбоос олон Монгол Улс өнчирнө” гэснээр мөнгөн модны орд улсын талаар төгс үнэлгээг өгсөн байдаг.
Чухамхүү Өгөдэй хаан нь Хятадын нутагт алтан хаан нь Ся Ся буюу зарц болохыг хүлээн зөвшөөрүүлж цаашид Хятад оронд алтан хаан өргөмжлөх асуудлыг дуусгавар болгосон нь Хятадын төрт ёсны түүхэнд ихээхэн чухал хувьсал ирүүлсэн. Өгөдэй хааны үед ахмад хөвүүдийн аянг Цагаадай хааны захиалгаар зүүн гарын үүдний баруун зүгт хэрэгжүүлэхдээ Алтан ордын улсын Бат хаан ахмад хөвүүдийг ахалж, голын улсын их цэргийг Гүюг хаан захирах болсноор Гүюг хаан нь эцэг Өгөдэй хааны шед Өрнө зүгт голын их цэрэг захирахдаа “голын улс”-ыг ч мөн захирсан түүхтэй. Гэтэл, хожим Ромын Пап ламын элчид Гүюг хаан захидал илгээхдээ “…
Хэрвээ та нар ондоо санаа өвөрлөх юм бол түүнээс гарах үр дагаврыг мөнх тэнгэр мэдмой” гэсний учир нь эдүгэ цагт Ромын Пап ламд 2009 оны Италийн нутагт болсон хүчтэй Газар хөдлөлтийн шалтгаан, үр дагаврыг нэхэн тайлбарлах шаардлага тулгарсан юм. Учир нь өмнөд Италийн нутаг, Этна арал нь нэн эртний Грек орон мөн агаад хэрвээ дэлхийн царцдасын хөгжлийн түүхийг судлан үзвээс 850 сая жилийн өмнө Азийн хүннүгийн дэвсэг, Европын хүннүгийн дэвсэг, Евроазийн хүннүгийн дэвсэг оршин байж цэнгэг уст тэнгисийн усыг хашин оршин байсныг орчин цагийн шинжлэх ухаанд нэгэнт судлан тогтоожээ.
-Ромын Пап ламд илгээсэн Гүюг хааны захидлын үргэлжлэлийг Ром хотод хэрхэн хүргэх вэ?
-Манай байгууллагаас Евроазийн өргөн уудам нутагт Их засаг хууль дор цэнгэг ус уух ёсыг сахиулсан Чингис хаан, түүний залгамжлагчид ахмад хөвүүдийн аяныг 2015 оны намар үргэлжлүүлэхдээ зүүн гарын үүдээр Өрнийг зорих 10 автомашины цуваагаар Алтан ордын улсын нутаг мөн Ил ордын улсын нутгаар дайран өнгөрч улмаар бага Азийн хойгоор дамжин Грек оронд хүрч тэндээ Грекийн Эллинний зөвлөлд танилцуулахаар болсон. Тэндээсээ Арестотелийн хүрээлэнгээр хэлэлцүүлсний дараа Италийн ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлд танилцуулж, Ромын Пап ламд шинжлэх ухааны зохих дүгнэлттэйгээр гардуулахаар төлөвлөөд байгаа юм.
-Та бүхний хүргэх захидлыг Ромын Пап лам хэрхэн хүлээн авах бол?
-Ромын Пап лам харин ч эерэг сайнаар хүлээн авах болно. Учир нь Ромын Пап ламын үүрэг бол Католик шашинтны аюулгүй байдлыг хангах. 769 жилийн өмнө Гүюг хаан “…ондоо санаа өвөрлөх бол түүнээс гарах үр дагаврыг мөнх тэнгэр мэдмой” гэснээр өмнөд Италийн оронд учирч болох байгалийн гамшигт үзэгдлийн шалтгааныг урьдчилан сануулсныг эдүгээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталгаажуулан танилцуулчихаад байгаа.
Цаашид өмнөд Италийн нутагт учирч болох аюулыг хэрхэн зайлуулах шинжлэх ухааны үндэслэлийг тайлбарлан хүргэж буйгаар Катологийн шашинтан 1.5 тэрбум хүнийг оюун санааны эрх чөлөөнд хүргэж улмаар хэрхэн Их засаг хууль дор захирагдан оршин амьдрах нь ертөнцийн зүй тогтнолын төгс хууль дор оршин амьдрах боломж буйг илчлэн таниулах зорилготой учраас тэрээр зайлшгүй хүлээн авах болно.
-Танай байгууллагаас зохион байгуулах энэхүү аянд хүмүүс хэрхэн оролцож болох вэ?
-“Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэн” төрийн бус байгууллагаас зохион байгуулах гэж буй “Ахмад хөвүүдийн аян” авто аялал нь зайлшгүй зүүн гарын үүдээр Грек оронд үүр цайх үйл хэргийг эхлүүлэн цэнгэг усны түрэлтийг эхлүүлэн одох ёстой. Энэхүү авто аялалд оролцохыг хүссэн хүмүүс өөрийн автомашинаар Евроазийг туулан Их засаг хуулийг танилцуулан олон орон дамжин аялах сонирхолтой бас нэр хүндтэй аялал байх болно.
Энэхүү аялалд машин тус бүрт ээлжийн жолоочтой явна. Зүүн гарын үүдээр гарч Казахстаны нутгаар дамжин Узбекистаны Ташкент хотод хүрч байж бид Их засаг хууль гардуулах ажлыг гүйцэтгээд Бухар, Самарканд хотоор аяллаа үргэлжлүүлэн одох болно. Аяллын бүрэлдэхүүн бэлэн болсноор бид энэ талаар олон улсад зарлаж зохих зөвшөөрлүүдийг авах юм.
-Та бүхний төлөвлөж буй их аянд амжилт хүсье.
-Баярлалаа.
Б.Сийлэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: