МАН-ынхан Авлигатай тэмцэх газрыг Ч.Сангарагчаатай нь хамт үгүй хийхээр сэдэв үү?
Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нар “Ганц худаг”-т хоригдож байгаа. Тэдний гэм буруутайг анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоочихсон учраас ялаа эдэлж буй. Дарга нар нь “аавын” хаалга татчихаад байхад АТГ одоо болтол шинэ удирдлагатай болж чадсангүй. Хийсэн хэргийнхээ ялыг эдлээд юун ажилтай манатай болчихсон тэдний оронд аль хэдийнэ шинэ дарга томилчих хугацаа боллоо. Гэвч тэгсэнгүй. Уг нь бол нэгэнт гэм буруутай нь шүүхээр нотлогдсон учраас Ч.Сангарагчаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ хэлэлцээд “огцруулсан” гэдэг шийдвэрийг хүчин төгөлдөр болгон эцэслэх ёстой юм байна. УИХ-ын энэ шийдвэрийн дараа Ерөнхийлөгч сая АТГ-ын даргад томилуулах хүний нэр санал болгох ёстой тухай хуульчид тайлбарлаж байгаа. Ерөнхийлөгч л АТГ-ын шинэ даргад санал болгох хүнийхээ нэрийг өгөхгүй, ажил саатуулаад байгаа мэтээр ярих. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр ч ингэж тайлбарласан юм. Харин Ерөнхийлөгч хуулийнхаа дагуу УИХ-ын шийдвэрийг хүлээж байгаа бололтой. Тэгээд ч Авлигын эсрэг хуулийн 22.2 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол тэднийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно” гэж заасан байдаг юм байна. Ийм байхад УИХ тэднийг огцруулсан шийдвэрийг гаргаж өгөхгүй байгаа бол Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нар шоронгоос ажлаа удирдаж байна гэсэн үг. Тэгэхээр тэдний цалинг “Ганц худаг” руу илгээж ч байгаа юм билүү, хэн мэдлээ.
Ч.Сангарагчаагаар оролдохыг Ардын намынхан анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Ч.Сангарагчаагаас салахыг эхнээсээ тэд хүсээгүй. Тийм ч учраас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хууль зөрчин байж, УИХ-аар хэлэлцүүлэлгүй давж гарч чадсан юм. Гэвч шүүх аргагүй үнэнийг тогтоогоод өгсөн учраас МАН-ынхан одоо аргаа өөрчилж АТГ-ыг бүхэлд нь үгүй хийх төлөвлөгөө боловсруулсан бололтой. Ардын намын албан ёсны болоод үйл хэргийг бодлогоороо дэмждэг сонин хэвлэлүүдээр сүүлийн үед ийм мэдээлэл “хэсүүчлэх” болсон нь ингэж хардахаас өөр аргагүйд хүргэж байна. Зориудаар гэмээр нисгэсэн “бор шувуу” ч АТГ-ын даргын тухай мэдээллийг багтаасан байна лээ. Тэгэхээр АТГ-ыг алга болгох сонирхол ах намынханд байгаа нь илт харагдаж байгаа юм. АТГ-ыг үгүй хийх сонирхол МАН-ын авлигачдад бүрч илүү байгаа бололтой. Айхгүй ч гэсэн аягүй гэхчээр хөрөнгө орлогын мэдүүлгээс эхлээд тэднийг айлгах зүйл олон. Тэгэхээр айж байснаас гээд АТГ-ыг Ч.Сангарагчаатай хамт үгүй хийхээр шийдэв бололтой, МАН-ынхан
Я.Мөнгөн
URL: