Чононд хонио хадгалуулчихав уу?

Дахиад л Голдман сакс, Дойче банк хэл ам таталжээ. Монголын Засгийн газар итгэлээ өгч, эрдэнэсээ тушаасан харийн томчуудын талаарх таагүй мэдээлэл гадаадын хэвлэлийн хуудсыг чимэглэсээр. Тодруулбал, АНУ-ын Орон сууцны санхүүжилтийн агентлагаас  нийт 17 банкийг Холбооны шүүхэд өгөхөөр шийдсэнээ зарласан байна. Тэдний дотор “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахад нь хөтлөгчийн болон хөрөнгө оруулагчийг үүрэг гүйцэтгэх “виз”-ээ хэдийн өвөртөлчихөөд байгаа Голдман сакс, Дойче банк бас л багтчихаж.

Бас л хэмээн онцолсны учир нь Тавантолгойн орд газрыг эргэлтэд оруулах их ажлыг хариуцан ажиллаж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г олон улсын зах зээлд гаргах гол зохион байгуулагч буюу спонсороор сонгогдсон  Германы Дойче банк, Голдман сакстай холбоотой дуулиан өнгөрсөн хаваржингаа  хэвлэлийн хуудаснаас салаагүй.  Дойче банк гэхэд л  Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлийг бужигнуулсан таагүй хэрэгт холбогдоод амжсан. БНСУ-ын Хөрөнгийн зах зээлээс хууль бусаар чамгүй мөнгө унагасан хэрэгт холбогдсон тэд энэ талаараа ямар ч тайлбар хийгээгүй. Хийх шаардлагагүй гэдгээ ч нууж хаахгүйгээр илэрхийлсэн. Тус банкинд Өмнөд Солонгос улс нэг тэрбум воны торгууль ногдуулж байгааг тухайн үед зарлаж байв. Өмнөд Солонгосын зах зээлээс “Дойче банк” 44.87 тэрбум воны буюу 40.5 сая ам.долларын  “хууль бус ашиг” олсон талаар мэдээллийг ч тус улсын хэвлэлүүдээр  цацаж байсан.  Тэгвэл Голдман Сакстай холбоотой мэдээлэл Америкт бас багагүй шуугиан тарьсан юм. Тухайн үед АНУ-ын Үнэт цаас, арилжааны комиссын мэдэгдсэнээр “Голдман Сакс”-ын Төлөөлөн удирдах зөв¬лөлийн дарга асан Ражат Гапта өөрийн банк болон “Procter & Gamble” компанийн орлогын талаарх нууц мэдээллийг бусдад дамжуулсан гэнэ. Тус банкны удирдлагуудтай холбоотой энэхүү дуулиан анхных биш гэдгийг америкчууд онцолж байлаа. Өчигдрийн байдлаар  Голдман Саксын нэгж хувьцаа 107.06 ам.доллар бөгөөд  энэ нь Лондоны хөрөнгийн бирж дээр 0.50 хувиар буурсан гэсэн үзүүлэлт ажээ.

Түүнчлэн “Голдман сакс” банк “Олон-Овоот”-ын алтны ордыг барьцаалан “Монгол газар” компанид зээл олгосон, энэ нь  Монгол Улсын ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн тул Ашигт малтмалын газраас тус банкны лицензийг хүчингүй болгосон билээ. Ашигт малтмалын газрын уг шийдвэрээс болж Монгол  Улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд дуудахаар сүрдүүлж байсныг  нь монголчууд мартаагүй байгаа байх. Энэ мэтээр  “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын зах зээлд гаргаж, тодорхой хэмжээний шимтгэлээр халаасаа зузаатгах эрх аваад байгаа хөрөнгө оруулагч банкуудтай холбоотой сөрөг мэдээллүүд тасралтгүй үргэлжилсээр. Тэднийг ямар шалгуураар, яагаад сонгосноо Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн ажлын хэсгийнхэн амаа ангайх хүсэлгүй байна. Хувьцааг арилжаалах бүс нутгийн төлөөлөл, ажлын туршлага, олон улсын хөрөнгийн зах зээл дээрх тоглолт, ирүүлсэн саналыг харгалзсан гэхээс өөр тайлбар хийхгүй байгаа нь  олон нийтэд эргэлзээ төрүүлж буй. Ирээдүйн хөгжлийн түлхүүр болсон эрдэнэсийн санг хариуцаж байгаа эдгээр нөхдүүдтэй холбоотой тайлбар авах нь иргэдийн хувьд зүйн хэрэг.

Учир нь Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч. Тийм ч учраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах хөтлөгчдөд залилуулж, залгиулах вий гэсэн хардлага байна. Яг үнэндээ хэтэрхий тооцоотой, тэгээд хяналттай Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлийг өлхөн бужигнуулж, дундаас нь чамгүй мөнгө тоншсон Дойче банк хөрөнгийн зах зээлд хөлөө олох төдийхөн байгаа монголчуудыг ядаж цөхөх юмгүй залгихгүй гэх аргагүй. Гэсэн хэдий ч манай ажлын хэсгийнхний хувьд эдгээр банкуудын талаар элдэв тайлбар хийх хэрэггүй гэж үзэж байгаа бололтой.  “Ажлын туршлагыг нь харгалзсан” гэх хал балгүй үгээр ам таглах ажлын хэсгийнхэн, “Эрдэнэс МГЛ”-ийн захирлын хувьд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа энэ оны сүүл, ирэх оны ихээр олон улсын хөрөнгийн зах зээлд гаргана гэдэгт бат итгэлтэй байгаа юм байна.  Тэгвэл энэ нь бас эргэлзээтэй болоод буй. Учир нь “Эрдэнэс Тавантолгой” компанид өнөөг Тавантолгойн тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс МГЛ”-ээс шилжүүлээгүй байгаа. Мөн  толгой компани болох “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компаниас хувьцаат компани болж шилжих ажил явагдаагүй. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой”-н нэг хувьцааны үнэ өнөөг хүртэл тогтоогоогүй, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлыг томилоогүй зэргээс харахад ирэх жилийн эхээр “Эрдэнэс Тавантолгой”- компанийн хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээлд гарна гэдэг лөөлөө болж магадгүй шинжтэй.  Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа бүдэг бадагхан байхад IPO-г нь олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах үүрэг хүлээсэн акулууд чухамхүү юу хийгээд байгаа нь үнэхээр тодорхойгүй байна. Ингээд бодохоор монголчууд “чононд хонио” хадгалуулчихаагүй байгаа даа. Эцэст нь хэлэхэд “овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэдэг үг байдаг шүү дээ.

Ж.НЯМСҮРЭН

URL:

Сэтгэгдэл бичих