Шүлэг: Б.Мөнхдөл : Дотор хүнтэй хөөрөлдөхүй

10368485_502692999898484_862315856796113320_n

Бүгдэд би улам таалагдах гэж
Бүрэг бас намуухан суудаг
Бүүр дотносож тэднийг таних гэж
Бөөрөнхийдүү бас хэнэггүй царайлдаг Эрхгүй би хэн нэгнийг үнэлэхдээ
Этгээд мэт зан гаргаж мэтгэлцдэг
Эргүү тэнэгийг хайрлан өрөвдөхдөө
Чив чимээгүй хүндэтгэн өнгөрөөдөг

Байгаагаараа би байж л байдаг
Баримал бурхан биш билээ л
Тиймдээ ч би хамелон шиг хувирч
Тэр охидын зүрхэнд гэрэл шиг шагайдаг

…Алдаанд дургүй ч засах аргаа олдог
Атаанд дургүй ч зайлах аргаа мэддэг
Айдсаасаа айдагч аргалах нүхээ хайдаг
Амьдралд хайртай ч буцах цагаа мэдэрдэг

Үнэн худал хоёрыг адилхан үнэлж
Үнэмшиж итгэж чадвал зоосны хоёр тал гэж
Өөрийгөө тайвшруулж цоглог амьсгалдаг
Үлгэрт итгэдэг нулимстай нүдээ би

Зудтай хүйтэн сэтгэлд жиндэж царцдаг
Гантай халуун зүрхэнд хайлж урсдаг
Мэдэхгүй жилийн байхгүйн ордонд төрсөн
Мэргэдийн сүнсний сүүдэр төдий билээ би

2001 он


URL:

Сэтгэгдэл бичих