Цөмийн хаягдлаар бизнес хийх санаа нурах бололтой

Монголын эрх баригчид олон улсын цөмийн хаягдал булшлах анхны байгууламжийг нутагтаа байгуулахаар сэм хөөцөлдөж байгаа тухай ноцтой мэдээ Японы өдөр тутмын сонинд анх нийтлэгдэж, монголчуудын төдийгүй дэлхийн чихийг дэлдийлгэснээс хойш хагас жил орчим хугацаа өнгөрлөө.

Нийтлэлийн мөрөөр олон улсын нэр хүндтэй сайтууд иш татан мэдээлж, дотоодын хэвлэл мэдээллийнхэн ч өлгөн авч шуурсаар буй. Харин Засгийн газар, Гадаад харилцааны яам тууштай эсэргүүцэн, “ташаа мэдээлэл” хэмээн гүрийсээр ирсэн.

Ер нь бол ийм яриа хэлэлцээр огт байхгүй, албан ёсоор болоогүй гэж эрх баригчид ээлж дараалан мэдэгдэж байгаа ч тэдгээр нь ар араасаа хөврөх шинэ мэдээллүүдэд няцаагдсаар бүтэн зуныг бараад байна.

Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас Монголд цөмийн хаягдал булах яриа ямар ч үндэслэлгүй, албан мэдэгдэл гаргаж олон нийтэд мэдээлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосныг  Хэвлэлийн албанаас нь мэдээлчихээд байгаа.

“Чөтгөрийн гал” хэмээгддэг шар нунтагийн бизнес Монголд нэгэнт цэцэглэсэн, түүнээс ашиг хүртэх гэсэн өрсөлдөөн хэдийнэ эрчээ авсан талаар улстөрчид ч ил далд үг алдах болж, үүнийг ямагт эсэргүүцнэ хэмээн парламентад ашиг сонирхлын бүлэг хүртэл байгуулагдав.

Сүүлдээ Засгийн газарт итгэх үү, хэвлэл мэдээллийнхэнд итгэх үү гэдэг асуулт олон хариулттай оньсого шиг ойлгомжгүй болчихоод байгаа.

Харин өнгөрсөн долоо хоногт салбарын агентлаг буюу Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатын хэвлэлээр илэрхийлсэн байр суурь учир шалтгааны учгийг татчих шиг боллоо. Тэрбээр “Энэ талаар албан бус яриа, хэлэлцээ хийсэн нь үнэн” хэмээсэн бөгөөд яг нарийн учир шалтгаан, эзэн холбогдогчийг сайн мэдэхгүй байгаагаа хэлсэн юм.

ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн захирал, академич Б.Чадраа үүнийг өлгөн авч “Цөмийн мэргэжилтнүүд бид лав энэ тухай яриагүй, ярих ч үтүй. Хор хөнөөлийг мэдэж байгаа учир ийм юм яриад суухгүй. Цөмийн хаягдал Монголд оршуулах тухай ярьсан хүмүүсийг Цөмийн энергийн газраас дээгүүр тевшнөөс хайх хэрэгтэй” гэж байна.

Ямар боловч ураны салбарыг зохицуулж, урагшлуулах үүрэг бүхий салбарын байгууллагаас давж гэрээ хэлэлцээ яригдсан болох нь дээрх мэдээллүүдээс харагдаж байгаа бөгөөд асуудал тун удахгүй ил болно, хууль зөрчиж иймэрхүү тохироо хийх гэж байсан эрх мэдэлтнүүд ард түмнээс уучлал гуйх болно гэсэн итгэл, хүлээлт нийгэмд үүсчихлээ.

Асуудлыг Ерөнхийлөгч анхааралдаа авч, яриа хэлэлцээ хийсэн хүмүүст хатуу хариуцлага тооцохыг холбогдох хүмүүст үүрэг болгосон гэх мэдээлэл ч албаны эх сурвалжуудаас тараад байгаа юм.

Энэ талаар Японы хэвлэлд хамгийн сүүлд бичсэн монголчуудад хамааралтай мэдээлэл ч арай нааштай агуулгатай байна. “Японы Гадаад хэргийн сайд Мацумото Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай уулзахад тэрбээр хилийн чанадаас цөмийн хаягдал авах, улс дотроо хадгалах нь улсынх нь хуулиар хориотой учир энэ яриа бүтэшгүй болохыг хэлсэн” гэж парламентдаа танилцуулсныг “Киодо” агентлаг мэдээлжээ.

Ингэснээр Монголд цөмийн түлш хадгалах агуулах барих төлөвлөгөөний талаар эхлүүлсэн АНУ, Япон, Монголын албан бус хэлэлцээр ямар нэгэн тодорхой шийдвэрт хүрч чадалгүй зогсч байна гэж ноён Мацумото ярьсан байна. Түүнчилэн “Кидо ньюс” агентлагийнхан “Тошиба” корпорацийн ерөнхийлөгчийн нууц захидлын хуулбарыг олсон ба түүнд цөмийн түлшний нийлүүлэлтийн схем, Монголд хаягдлыг нь булшлах агуулах барих талаар нухацтай авч үзэхийг АНУ-ын Засгийн газрын холбогдох албаныханд лоббидож эхэлсэн тухай дурдсаныг ч өгүүлжээ.

Өөр нэг таамаг явж байгаа аль хэдийнэ орсон ч хэрхэн, яаж, хэзээ, хэнтэй, ямар ашигтайгаар вэ гэдэгт л анхаарлаа хандуулахаас хэр хортой, хэдий хэрийн хохирол амсах вэ гэдгийг умартсаар байгаа нь нууц биш юм. Чадвал дундаас нь
мөнгө цохих санаархал ч мэдээж бий.

Манай ураны нөөц баялаг дээр одоогоор дэлхийн ураны 80 гаруй хувийг атгадаг найман том акул компанийн тав нь ороод ирчихсэн хайгуул хийж, олзворлож эхлээд байгаа нь ч нэгийг хэлнэ. Ураны хайгуул, олборлолт тойрсон мэдээлэл үргэлж бүрхэг, зөрүүтэй байдаг бөгөөд 200 шахам лицензийг 30 гаруй компанид тараасан гэдэг.

Ураны салбарт улстөрчдийн гар нэлээд гүнзгий дүрээстэй байдаг ба манай улсын уран, цөмийн энергийн бодлогыг хэдхэн хүн атгаж байдаг хэмээн ил далд ярьцгаадаг.

Үнэнийг хэлэхэд Засгийн газар, УИХ-д энэ талаар тоймтой, дагнасан, мэргэжилтэн бараг байхгүй нь бас бодууштай. Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат, ҮАБЗ-ийн шинжээч, физикч Ц.Даваадорж гэхчлэн цөөн хэдэн хүнийг нэрлэж болох бөгөөд энэхүү бизнест төр, засгийн голлох зүтгэлтнүүд, улстөрчид болон зарим нэр бүхий нарын мэргэжилтнүүд оролцож байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичсээр байна.

2009 онд УИХ-аар Цөмийн энергийн тухай хууль батлагдсан ба хууль батлах, хэрэгжүүлэх хоёрын дунд асар их зөрүү бий. Нэгдсэн, урт хугацааны, тогтвортой, шинжлэх ухааны бодитой хөрс бүхий, улс эх орны эрх ашиг, ард иргэдийн эрүүл мэнд байгаль экологид халгүй алсын хараатай бодлого байхгүйн улмаас ураны асар их нөөцдөө дулдуйдаж гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нэрээр олон оронд хамтарч ажиллах амлалт зэрэг зэрэг өгч, тэдний улам бүр өсөн нэмэгдэж байгаа ураны хэрэгцээ, цөмийн эрчим хүчний салбарт үүссэн толгойны өвчинд нь Монгол Улсыг татан оруулчихаад байгаа.

Нэгэнт “тоглоом”-д оролцсон болохоор өнжинө үү гэхээс ухрах зам байхгүй. Гэрээ хэлэлцээ хийгдээгүй гэж гүрийж байхаар, хуулиараа түрий барин боломжгүй гэдгийг дэлхийд нотлоод арай өөр дүрмээр тоглох боломж манай эрх баригчдад байсаар байна.

Эсвэл сонгууль өнгөртөл түр намжаагаад дахин сөхөх хувилбар хэн нэгний халаасанд явж байж ч болзошгүй юм. Ямартаа ч шар нунтаг хэвлийдээ тээж мөнгө олох санаа хэсэгтээ явцгүй болсон бололтой.

Э.Адъяасүрэн
Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих