Д.НАЦАГДОРЖ АСУУХ ЮМ. ХЭЛМЭГДЭЛ ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?
Харин Ленинтэй уулзсан гэхэд гайхдаг юм./Д.Сэнгээ “Өвгөн партизаны яриа”/ гэсэн мөрүүд Дашзэвэгийн Сэнгээгийн зохиолд байдаг даа. Түүнтэй адил хорьдугаар зууны бөгсөнд төрсөн намайг Д.Нацагдоржтой уулзсан гэхээр гайхацгаав даа. Явуухулан гуайн “гэрэлтээд л байсан юм даа” гэдэг шиг яах аргагүй уулзсан л юм даа? Тэр саарал бүрхгүй, даавуун дээлгүй, өвгөн хаан Гамлеттай уулзахаар үүлэн хөлөглөн ирдэг шиг сүрлэг биш харин ялимгүй гундуухан харагдсан юмсан. Тэгээд тэр асуух юм. ХЭЛМЭГДЭЛ ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?
Би хариулж мэдэхгүй юм. Д.Содном гуай эх зохиолд нь дур мэдэн засвар хийж нэг цэг нэмээд “инаг”, “нинаг” болгочихсон төдий бол даанч бага хэрэг байжээ. Р.Чойномын шүлэгт байдаг шиг гүйлгээнээс гаргасан зоосон мөнгө цутгаж, хөшөө төдий босгох ч бага хэрэг байжээ. Б.Дамдинсүрэн, Б.Смирнов хоёрын дуурь болгохдоо “Учиртай гурван толгой”-г дур мэдэн өөрчилсөн ч бага хэрэг байжээ. Одоогийнхтой харьцуулах юм бол “тайж Нацагдорж, германы тагнуулын бүлгийхэнтэйгээ хамт христосын шашны баяр тэмдэглэж байгаа нь” гэж тэр нэгэн этгээд гэрэл зургийн ард бичээд дотоод яаманд явуулсан явдал ч бага хэрэг байжээ. КУТВ Норжмаа гэдэг нэгэн эмэгтэй ”омголон халуун эр байсан даа гэж уулга алдсаныг”, олон жил түмнээсээ нууж, туйлын аж ахуйч… арвич хямгач… энгийн даруу… коммунист байсан гэж ойлгуулах гэж оролдож байсан ч бага хэрэг байжээ. “Од” шүлэг гэрэлт коммунизмыг зөгнөсөн, “Цагаан сар, хар нулимс” хуучин феодализмыг шоглосон, “Ламбагуайн нулимс” лам шар хувалзууд бүгд ийм байсан гэж үзэл суртлаар мушгиж, Сампилхүндэвийн энгэрт хөдөөлүүлснээ мартаж, Алтан Өлгийд хоосон агаар оршуулж, сүр зар болж хоёр метр өндөр чулуу босгож, нэрэмжит гудамжийн “Сөүл”-ийн гэж солонгосоор өөрчлөх ч бага хэрэг байжээ. Харин ч одоогийн мартагналтай харьцуулах юм бол “Д.Нацагдоржийн гудамж”, ”Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан”, “Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ”,” Д.Нацагдоржийн тэмдэгт уншигч”, ”Д.Нацагдоржийн нэрэмжит сургууль” гээд эргэн дурсах, хүндлэн дээдлэх чамгүй ажил хийснийг түүх гэрчилнэ. Ингэхэд бид хэнийг илүү сонирхох болсон бэ? Тэр сонирхолын төвд орсон хүмүүс үндэсний өв соёл, хэл, оюуны ертөнцөд юу хийж, юу бүтээсэн бэ? Д.Нацагдоржтой эгнэх тийм гавьяатай гэж үү? Хэнийг мартаад хэнийг хайрлан санаад байна вэ? Түүнд “үндэслэгч” гэдэг цаасан малгай духдуулчихаад монголын орчин үеийн уран зохиол судлал, монголын орчин үеийн зохиолчид үлдээсэн өвийг нь үгүй хийж байхад нүдэн балай чихэн дүлий суусаар “хэлмэгдэлд” гар бие оролцож байгааг юу гэж ойлгох вэ? Одоо бидний асуух цаг иржээ.
СОЁЛТОЙ МӨРӨӨДӨЛ
Тамын газар банк байхгүй. / Ш.Чоймаа МҮОНТ-д өгсөн ярилцлагын хэсгээс / гэж эрдэмтэй монгол айлданалээ. Үнэхээр тамын газар банк байхгүй биз. Зарим нь байдаг гэдэгт итгэх бололтой. Сүүлийн үед мөрөөдөл соёлтой байх гэж нэг ойлголт байна. Төмөр авдар дүүрэн мөнгө мөрөөдөх энэ цагт тийм соёлтойд тооцогдохоо больжээ. Цөмийн хаягдал эх нутагтаа булуулаад төмөр авдар дүүрэн ногоон мөнгө мөрөөдөх соёл мөн үү? Бид асууж байна. Гол ширгээгээд, мод огтлоод алтан авсанд хэвтэхийг мөрөөдөх соёл мөн үү? Баячуулын тансаг хороололд байшинтай байгаад борчуулын уух усгүй, нүүх газаргүй зовлонг идэх мөрөөдөл мөн үү? Д.Нацагдоржийн “Миний нутаг” хэдэн жилийн дараа юу болох вэ? Оюу толгойг ухаж дуусахад тэр газрыг үр хүүхдүүд юу гэж нэрлэх вэ? Овоолсон шороот. Хэрлэн, Онон, Туул энэ янзаараа хэдэн жилийн дараа юу гэж нэрлэгдэх вэ? Гурван голын сайр. Ийм мөрөөдөл лав бидэнд хэрэггүй. Бид соёлтой мөрөөдмөөр байна. Ядаж л Нацагдоржийнхоо бүх үнэт өвийг талаар нэг үгүй хийчихээд энгэр дээрээ төрийн сүлдтэй шар тэмдэг мөрөөдөх ч “СОЁЛТОЙ МӨРӨӨДӨЛ” биш гэдгийг соёрхон ойлговоос зохилтой.
Роман Ролланы “Зарим хүн соёл гэхээр зангиа, шүдний сойз байхыг ойлгож байна. Нөгөө хэсэг нь түүнийг байшин барилга босгож, газар доогуур зам тавихаар тодорхойлж байна. Энэ нь ч чухал, тэгэхдээ ариун цэвэр, барилга байгууламж соёлын зам, суурь, туслах аж ахуй юм” гэсэн үг үе үехэн тун ихээр санагдана. Алтан зангиа, алмазан иштэй сойз соёл биш, ээ. Тийм зүйлтэй болохыг мөрөөдөж эх орноо, ард олноо, газар нутгаа, өв соёлоо юу хамаагүй зарах үрэхийг бодох дэндүү мунхрал гэдгийг, араа бодоогүй алдаа гэдгийг ахин дахин хэлэхийг хүснэ.
Үнэндээ шинэ соёлын зөв үндэслэгчдийн нэг Д.Нацагдорж. Буруу соёлтнууд гэнэт хаанаас гараад ирснийг үл ойлгоно. Тэр л лав бидэнд эх орондоо жинхэнэ эзэн нь байж, үр хүүхэд, үндэс хойчдоо эх хэлээ, зан заншлаа, газар нутгаа бүрэн бүтнээр нь өвлүүлэхийг ёсчлон захьсан. Тиймээс “хэлмэгдэл” хэзээ дуусах вэ? гэж асуух эрхтэй. Харин бидэнд нүүр дүүрэн, ам бардам хариулах ухаан, бодол, сэтгэл дутаад байна бус уу? Үнэхээр “тамын газар банк” байгаад алтан “виза карт”-аараа гүйлгээ хийгээд энд бүгдийг хахуулдсан шигээ Эрлэн Номун хааныг аргалахын дайтай бодож суугаа “гэнэн” хүмүүн бүгдэд “үйлийн үр гарцаагүйг” үргэлж сануулах үүрэг өөрийн толгой дээр ирснийг өдөр бүхэн мэдэрнэм.
АСУУДАЛТАЙ МӨРӨӨДӨЛ
Ойрын үед ганц сайхан мөрөөдөл толгой дотор минь эргэлдэнэ. Багануур дүүргийн нэрийг Д.Нацагдоржийн дүүрэг гэж өөрчлөх юмсан. Дамдины Сүхбаатар гэдэг дүүрэгт би амьдардаг. Чойбалсан гэдэг хот байна. Өндөрхаан ч угтаа Чингис хаан л гэсэн үг. Тэгвэл яагаад Нацагдорж дүүрэг гэж байж болохгүй гэж. Багануур нэг л бага нэр шиг санагдаад байна. Харин их зохиолчийнхоо нэрээр нэрлэчихвэл даанч сайхан юмсан. Баатар хотын баатар дарга нэг юм бодмоор. Ард түмнээсээ “буруу зөрүү жолооны хүрд” хэрэгтэй хэрэггүй юм асууж байхаар дүүргүүдийнхээ нэрийг солих талаар санал асуудаг ч болоосой. Аав нь ч өөрөө ч энэ хүний зохиолуудыг уншиж шүтэж байсан үе үеийн сэхээтэй сэхээтнүүд гэж би ойлгодог. Тэгээд тэр шинэ дүүрэгтээ Д.Нацагдорж судлалын төв байгуулж, үндэсний утгазохиолын дүүрэг болгочихвол, орон нутгийн “бренд” энэ тэр нь жинхэнэ утгаараа хэрэгжмээр ч юм шиг. Дараа нь орхигдсон гээгдсэн, ор сураггүй болсон музейг нь утга зохиолын “хүйтэн” цустнуудааас авч, шинэчлэн босгож, очих газраа олоогүй хөөрхий хөшөөг нь шөнийн охидын сүлжээ, сүүдэртэй амьдралын сүүдрээс сугалж, орчин цагийн энергийн онолоор орших ёстой газарт нь сүндэрлүүлэх юмсан. Аялал жуулчлал гэхээр л гаднаас ирэх зөвхөн улаан шар хүмүүсээр сэтгэхээ больж, дунд сургуулийн хүүхдүүдийн Д.Нацагдорж аяллын маршрут бий болгож, Аягатайн ам, Нүүрэнтэйн энгэрт төрсөн гэрийнх нь буурин дээр “мөнх тэнгэрийн дор мянган мянган хавар”, “эсвэл намрын шар нар над дээр чам дээр тусах” үеэр уран зохиолын бүх арга хэмжээг тэнд зохион явуулдаг болохсон. Зохиолчдын зуслан, уран бүтээлийн орчин байгуулж, уул усандаа жаргаж суугаад монгол зохиолчид уран бүтээлээ туурвидаг газартай байхсан. За даа, мөрөөдөл минь дуусашгүй нь. Хэрэв ийм зүйлд мөнгө гаргана гэвэл тийм оюунлаг төрд үхэн үхтлээ баярлах байна. Бас нэг нам урьдын хийсэн бүтээснээрээ хий хоосон гайхуулахын оронд түүхэнд гаргасан алдаа завхарлынхаа төлөө ард олноосоо уучлал гуйж, өршөөл эрвээс хэлмэгдсэн хохирсон олны үр хойч эрхбиш нэгийг бодож, нөгөөх тунгаах нь лавтай. Алдаагаа мэдэж, засах соёл монголын төрд хэзээ ирэх вэ?
ГЭГЭЭН МӨРӨӨДӨЛ
Ямар нэгэн онх донхгүй замаар бид хурдалж явна. Нацагдоржийн дүүрэгт байгуулагдсан ”Монголын утга зохиолын ордны Б.Явуухулангийн тасагт яруу найргийн уншлага хийхээр. Хөтөч дуун өсгөгчөө цацрааж, “дараагийн зогсоол Багануурын нуурын эрэг дээрх “Монголын зохиолчдын ёслолын хаалга”. Оюутнууд шуугилдан “багш, аа, багш, аа” хэмээхэд би их л баясалтайгаар “За буухдаа, бэлдээрэй “гэж сэтгэл дүүрэн хашгирлаа. Харин гэгээн мөрөөдлийн төгсгөл хэсгийг зохиолч Л.Түдэвийн нэгэн зөгнөлт зохиолоос хуулбарлан бичив.
ГЭГЭЭН МӨРӨӨДӨЛ УДАМШИХ БОЛТУГАЙ.
П.БАТХУЯГ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Thanks a lot, Valuable stuff.