“ОюуТолгой” компани Монголын баялгийг Хятадуудад зарж эхэлжээ

Иргэний нийгмийн төлөөллүүд өчигдөр хэвлэлийн бага хурал хийв. Тэд Оюутолгойн хөрөнгө оруулагч Роберт Фридландтай холбогдох мэдээлэл хийсэн юм. Тус мэдээлэлд “Монголын нийт нүүрсний тогтоогдсон нөөцийн 30 орчим хувь, зэсийн тогтоогдсон нөөцийн 70 гаруй хувийг Канадын иргэн Роберт Фридланд болон түүний компаниуд эзэмшиж байна.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гадаадын хөрөнгө оруулалтад эзлэх нэг улсын хувь хэмжээ гуравны нэгээс хэтрэхгүй байна гэсэн тодорхой заалт байдаг.

Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд манай улсад оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалтад Хятад улсаас оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ гуравны хоёрт хүрсэн буюу Монголын уул уурхайн салбар Хятад, Канад зэрэг цөөн тооны улсуудаас шууд хамааралтай боллоо.

Тухайлбал, Монголын газрын хэвлийн баялаг ордуудыг ашиглан гадны иргэд, аж ахуй нэгжүүд 40 гаруй тэрбум ам.доллар буюу Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнээс даруй тав дахин их хэмжээний мөнгийг босгосон байна. Гэвч Монгол Улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй төдийгүй манай улсад дорвитой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгээгүй өдий хүрлээ.

Үүгээр ч зогсохгүй Канадын хөрөнгө оруулагч Роберт Фридланд нүүрс зэсний томоохон ордуудаа Хятадын компаниудад зарахаар хэлэлцээр хийсэн байна. Энэ тухай “Financial times” сонины 2011 оны долдугаар сарын 12-ны өдрийн дугаарт дэлгэрэнгүй мэдээлсэн байсан.

Мөн дэлхийн нэр хүнд бүхий томоохон хэвлэлүудээр энэ талаар мэдээлсэн байна. Роберт Фридландын энэхүү үйл ажиллагаа нь Монголын хууль, үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлж байгаа төдийгүй, ашигт малтмалын салбарын зах зээл зөвхөн нэг улсаас хараат болох аюулд ороод байна” хэмээн дурьдсан юм.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардах бичиг хүргүүлнэ
Роберт Фридландын дээрх үйлдлийг нь эсэргүүцэж иргэний нийгмийн төлөөллүүд Монголын үндэсний аюулгүй байдлын зөвлөлд гурван зүйлтэй шаардах бичиг хүргүүлэхээр болсон байна.

Уг шаардах бичигт
“Нэгдүгээрт, гадаадын компаниуд ашигт малтмалын ордуудыг зарж борлуулахдаа Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн зөвшөөрлийг зайлшгүй авдаг байх, хоёрдугаарт гадаад дотоодын иргэд ашигт малтмалын орд газрыг бусдад шилжүүлэх, зарж борлуулсны орлогоос тодорхой албан татвар төлдөг байх, гуравдугаарт, Монголын ашигт малтмалын баялаг дээр тулгуурлаж, хөрөнгө босгосон тохиолдолд тухайн хөрөнгийн 90-ээс доошгүй хувийг Монгол Улсын хөгжил дэвшил бүтээн байгуулалтад зарцуулдаг байх хууль эрхзүйн орчинг яаралтай бүрдүүлдэхийг шаардаж байна” гэсэн байв.

Роберт Фридланд Монголын төрийн өндөр албан тушаалтнуудад 100 сая ам долларын авилга өгсөн мэдээлэл бий гэв

Хэвлэлийн хурлын үеэр иргэний нийгмийн төлөөллүүд Роберт Фрийдландтай холбогдох бас нэгэн мэдээллийг сэтгүүлчдэд дэлгэсэн юм. Тодруулбал, Роберт Фридланд нь Монголын газар нутгийн зууны нэг хувь буюу гурван сумын нутгийг эзэмшдэг хэмээсэн юм.

Мөн Фрийдланд хайгуулын 28 лиценз эзэмшдэг бөгөөд тус лиценз нь гурван жил хүчин төгөлдөр байгаа. Хуулиараа бол хайгуулын лицезийн хугацаа хоёр жил байдаг. Тэрээр энэ лицензээ авахдаа Монголын төрийн өндөр албан тушаалтнуудад 100 сая ам.долларын авлига өгсөн мэдээлэл бий гэв.

С.Ван
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих