Нийтийн тээврийнхэн нийслэлчүүдээ “чангалсан” долоо хоног
Хувийн автобусныхан ажил хаялаа
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй хувийн автобус компанийнхан өнгөрсөн гурав дахь өдөр ажил хаясан. Ажил хаяж, түр зогсолт хийх болсон шалтгаанаа “Улаанбаатар смарт карт” компани орлогыг нь дутуу хуваарилж байгаа учраас автобус компаниуд алдагдалтай ажиллаж, техник, сэлбэг хэрэгсэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг өгөх боломжгүй болсон учраас санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хүртэл үйлчилгээнд явах боломжгүй гэж тайлбарлав. Үүнтэй холбогдуулан, пүрэв гарагт болсон Нийслэлийн удирдах зөвлөлийн хурлаар энэ асуудлыг авч хэлэлцээд ажил хаясан компаниудыг шантааж хийх зорилгоор ажил хаясан гэж үзэж ажил хаясан бүх компаниудад шалгалт оруулахаар болсон. Ингээд энэ сарын 7-ноос ажил хаясан нийтийн тээврийнхэн “Улаанбаатар смарт карт” компани болон нийслэлийн нийтийн тээврийнхэнтэй тохиролцоонд хүрснээр баасан гарагаас эхэлж түр зогсолтоо зогсоосон юм. Олон нийт болон ажил хаясан компаниудын төлөөлөл түр зогсолт хийх нөхцөл байдал үүссэн нь хотын дарга Э.Бат-Үүлийн хийсэн нийтийн тээврийн шинэчлэлийн “гор” гэж дүгнэж байна.
Ш.Түвдэндоржийг бүлгийн дэд даргаас огцруулж, хариуцлага тооцов
АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт ээлжит бусаар хуралдаж Ш.Түвдэндорж гишүүнд хариуцлага тооцож бүлгийн дэд даргын суудлаас нь огцрууллаа. Тодруулбал, Бүлгээс гаргасан шийдвэрийг зөрчиж Хууль зүйн байнгын хорооны даргад өөрийнхөө нэрийг дэвшүүлж, Д.Ганбат гишүүнтэй өрсөлдсөн гэх шалтгаанаар түүнд хариуцлага тооцжээ.
Өнгөрсөн даваа гарагт АН-ын бүлэг Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Ганбат гишүүнийг нэр дэвшүүлэхээр тогтсон. Гэвч лхагва гарагт болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Д.Ганбат гишүүнтэй хамт Ш.Түвдэндорж гишүүн өрсөлдсөн. Ингээд санал хураахад Ш.Түвдэндорж гишүүн олонхийн саналыг авч, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшихээр болсон юм. Харин баасан гарагт болсон чуулганы хуралдаанаар уг асуудлыг хойшлуулсан юм.
Байнгын хороон даргаа томилж чадсангүй
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул энэ долоо хоногт байнгын хороон даргыг томилох хуваарьтай байлаа. Гэвч эрх баригчдын зөрчил байнгын хороон даргыг томилох үйл явцад саад учрууллаа. АН-ын бүлгээс Д.Ганбатыг улираан томилох шийдвэрийг 100 хувь гаргасан. Харин байнгын хорооны хурлын үеэр АН-ын бүлгийн дэд дарга асан Ш.Түвдэндорж нэрээ дэвшүүлж 9 хүн түүнд өгч ялалт байгуулсан. Тэр ердөө ганцхан хүний саналаар байнгын хороон даргад сонгогдсон. Гэтэл АН-ын удирдлагууд түүнийг дэмжсэнгүй. Тэр ч байтугай хариуцлага тооцож орхив. Ордонд өрнөж байгаа бор шувууг дуулгахад Ш.Түвдэндорж байнгын хороог дарга болвол Өршөөлийг хуульд Ерөнхийлөгчийн хоригийг бүрэн дүүрэн тусгах аж. Үүнийг эсэргүүцэж хуудуутай ажлаа хийхээр АН-ынхан Д.Ганбатыг зүтгүүлж байгаа гэнэ. Ямартаа ч асуудал ирэх долоо хоногт шийдэгдэнэ.
УИХ дахь МАН-ын бүлэгт 3 хоногийн нэмэлт завсарлага өгөв
Хуралдаан эхлэхийн өмнө Өршөөлийн тухай хуулиар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс 5 хоногийн завсарлага авсан талаарх тайлбарыг Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хийсэн юм.
Тэрээр тайлбартаа, завсарлага авсан шалтгаан нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.5-д заасны дагуу Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан бол хоригт тусгагдсан хэсэгчлэн тавьсан зүйл, заалт нэгбүрээр нь санал хураалгах ёстой. Ингэж санал хураалгах процесс байнгын хороон дээр явагдаагүй учраас байнгын хороо дахин үргэлжлэн хуралдаж энэ асуудлаа шийдэх ёстой гэдэг үндэслэлээр завсарлага авсан. Харамсалтай нь энэ долоо хоногийн Мягмар гарагт хуралдсан байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн процедурын дутуу асуудлыг шийдье гэсэн боловч байнгын хорооны даргын сонгуулийн асуудлаас болж өнгөрсөн өдрүүдэд шийдэж чадсангүй. Улсын Их Хурлын дарга өдөр бүр байнгын хороо хуралдаж асуудлаа дуусгаж оруулж ир гэсэн шаардлагыг тавьж байсан. МАН-ын бүлгийн гишүүд ч Өршөөлийн тухай хуулийг хурдан батлах ёстой, ингэхдээ хуулийн процедурын алдаагаа засаад чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Иймээс Хууль зүйн байнгын хороог хуралдуулах мөн МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацааг сунгаж өгөхийг хүсч байна гэв.
Улсын Их Хурлын дарга Өршөөлийн тухай хуулиар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацааг сунгаж ирэх долоо хоногт 3 хоногийн нэмэлт завсарлага өглөө.
Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийлээ.
Гишүүд хуулийн төсөлтэй холбоотой асуултуудыг Сангийн яам болон Засгийн газрын гишүүдээс лавлаж байсан юм. Ингээд олонхийн саналаар хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын гишүүн-Засгийн газрын гишүүд чуулганы танхимд тусгайлсан суудалтай болно
Улсын Их Хурлын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн танхимын тодорхой хэсэгт Улсын Их Хурлын гишүүн-Засгийн газрын гишүүдэд зориулсан тусгайлсан суудал /блок/ гаргахаар Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэснийг дуулгасан юм. Энэхүү суудлын хуваарилалт ирэх долоо хоногоос хэрэгжих бөгөөд ингэснээр Улсын Их Хурлын гишүүн- Засгийн газрын гишүүд нэг дор сууж гишүүдийн асуултад хариулт өгөх, ирц нь тодорхой байх боломж бүрдэх юм байна. Улсын Их Хурлын даргын энэхүү саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм.
Т.Цогт, Г.Маралмаа нарт 24 жилийн хорих ял оноолоо
Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт, талийгаач охины хойд эх Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх хурал 9 цаг үргэлжилсэний эцэст шүүх бүрэлдэхүүн Т.Цогтод 24 жил, Г.Маралмаад 24 жилийн хорих ял оноох шийдвэр гаргав. Т.Цогтын 5 жилийн хорих ялыг гянданд, үлдсэн 19 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан бол Г.Маралмаагийн 24 жилийн чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Г.Маралмаа нь өдгөө 9 сартай жирэмсэн ба түүний төрөх сүүлийн хугацаа энэ сарын 20-ний өдөр. Тэгсэн ч ялыг эдлүүлж, хүүхдийг нь хорих ангид хамт байлгаж байгаад 1 нас хүрэхээр нь асран хамгаалагч нарт нь өгөх аж. Шүүх хурал дуусмагц тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу ачив.
Г.Лхагва
URL: