Мөнгө олох замд нь саад болонгуут намайг зайлуулах гэсэн
Энэ удаагийнхаа “Ярилцах танхим”-ын зочноор Дорнод аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарыг урьж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Дорнодын удирдлагуудыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат дуудаж уулзсан байсан. Таниас гадна хэн хэн ирсэн бэ, энэ уулзалтад?
-Аймгийн МАН-ын дарга, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, ИТХ-ын дарга миний бие болон Чойбалсан хотын дарга П.Мөнхтөр буюу Уулаа нар ирсэн.
-Уулзалтаар маргаанаа эцэслэж, хоорондоо ойлголцож чадав уу?
-Намын дотоод асуудал учраас энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Нэгтгээд хэлэхэд, сонгууль дөхөж байгаа тул хоорондоо эв түнжинтэй байж, харилцан ойлголцож, хамтарч ажиллахыг намын удирдлагууд үүрэг болгосон.
-М.Бадамсүрэн, П.Мөнхтөр нар юу гэж байх юм?
-М.Бадамсүрэн юу ч хэлээгүй. Таг дуугүй байсан. Харин Уулаа намын удирдлагуудын дургүйцлийг төрүүлсэн том үг хэлж, өөрийгөө хэн гэдгийг тодорхойлсон.
-ИТХ-ын XIV хуралдаанаар АН-ын хоёр төлөөлөгчийг эргүүлэн татах тухай танилцуулахтай холбоотой бужигнаан үүсч, улмаар аймгийн МАНАН-гийнхан таны эсрэг хуйвалдаан зохион байгуулсан гэж ойлгож байгаа. Чухам ямар үйл явдал өрнөсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Дорнод аймгийн ИТХ 35 гишүүнтэй. Үүний 18 нь МАН. 14 нь АН-ынх. Нэг нь ИЗНН-ын төлөөлөгч. Хоёр бие даагчтай. АН-ын 14 дотроо гурав хуваагдчихсан. Тамгатай нэг хэсэг нь Г.Болдбаатар, Д.Ганцогт нарыг намын дүрэм зөрчсөн гэсэн үндэслэлээр төлөөлөгчөөс нь эргүүлэн татах шийдвэр гаргаж, шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг. Шүүхийн шийдвэрийг төлөөлөгч Ч.Энхболд хурлын ажлын албанд энэ сарын 9-нд өгсөн. Аймгийн ИТХ-ын XIV хуралдаан энэ сарын 11-нд болж, дээрх мэдэгдлийг уншиж хурал дээр шийдвэр гаргахад нөгөө хоёр төлөөлөгч хурал хуралдуулах боломж олгоогүй. Тийм учраас хурлыг түр завсарлуулсан. Гэтэл П.Мөнхтөр, Г.Болдбаатар тэргүүтэй хэсэг нөхдүүд хууль ёсны хурлын даргыг байсаар байтал хурлын даргын санал болгоогүй төлөөлөгчөөр хурал удирдуулж хурлыг хийсэн. Энэ үйлдэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон.
-С.Мөнгөнбатаар хурал удирдуулсан нь бас намын шийдвэр үү. Түүнээс биш насаар хамгийн ахмад нь эсвэл таны санал болгосноор дараагийн хүн хурал удирдах хуулийн заалттай биз дээ?
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.6-д гурван утгатай заалт бий. Нэгд, анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь даргалах тухай. Хоёрт, бусад хуралдааныг ИТХ-ын даргаар сонгогдсон хүн даргалж явуулна. Гуравт нь, ИТХ-ын даргын эзгүйд хурлын даргын санал болгосноор тухайн тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь удирдана гэсэн хуулийн заалттай. Тэгэхээр хэрэв би байхгүй бол хэн нэгэн төлөөлөгчийг санал болгох учиртай. Гэтэл би өөрөө байсан. Байсаар байхад өөр хүнээр хуралдааныг удирдан явуулсан нь хууль бус. П.Мөнхтөр, Г.Болдбаатар нарын төлөөлөгчид хуйвалдан хурлыг С.Мөнгөнбатаар удирдуулж хэд хэдэн шийдвэр гаргасан. Хурлын даргыг огцруулж, хурлын шинэ даргаар хотын дарга П.Мөнхтөр буюу Уулааг сонгосон нь ч хууль бус шийдвэр. Манай намын дүрмээр Хурлын дарга, аймгийн Засаг даргыг сонгохдоо МАН-ын Удирдах зөвлөлтэй зөвшилцөж, шийдвэрлэсний үндсэн дээр сонгодог. Энэ дүрмийг ч мөн зөрчсөн.
-Мэдээж энэ бүхэн ганц АН-ын төлөөлөгчдийг эгүүлэн татахаас болсон гэвэл өрөөсгөл болов уу. Та ч бас хурлын эрх мэдлийг хүчээр булаан авч өөрсдийн бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлэх сонирхол бий гэж хардаж байгаа тухай хэлсэн байсан. Ямар нэгэн баримт нотолгоогүйгээр тэгж хэлээгүй байх?
-Мэдээж, хувийн, хэсэг нөхдийн эрх ашиг нуугдаж байгаа. Шууд тэгж харддаг. АН-ын эгүүлэн татагдахаар болсон хоёр төлөөлөгчийн нэг Д.Ганцогт гэхэд Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажилладаг. Хурлын төлөөлөгч гэх улс төрийн албан тушаалтан хүн төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн захиргааны удирдах албан тушаалд ажиллах нь Төрийн албаны тухай хуулиар хориотой. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар хурлын төлөөлөгч нь өөр ажил, албан тушаалд шилжвэл төлөөлөгчөөс чөлөөлөгдөх ёстой. Г.Болдбаатарын хувьд Уулаатай эртний улс төрийн болон бизнесийн харилцаа холбоотой нөхдүүд. Өмнөх дөрвөн жилд Г.Болдбаатар, Уулаа хоёр нийлж МАН-ын бодлогын шийдвэрийн эсрэг ажиллагаа явуулж, турхирч ирсэн. Товчхондоо, Уулаа АН-ын хүмүүстэй нийлж намынхаа бодлого, шийдвэрийг хүчтэй эсэргүүцсээр ирсэн нөхөр. Байнга хуйвалдаан зохион байгуулна. Цаана нь ашиг сонирхол байдаг юм.
-Тодорхой баримт дурьдвал..?
-Уулаа “Петро Чайна дачин тамсаг” компанид машин түрээсээр явуулдаг нөхөр. Тэгээд ИТХ-д “Петро Чайна дачин тамсаг” компанид түрээсээр явуулж байгаа тээврийн хэрэгслийнхээ түрээсийн жишиг үнийг тогтоож өгөх саналыг оруулж ирсэн юм. Улмаар хурлаар шийдвэр гаргуулах гэж зүтгүүлсэн. Аймгийн ИТХ зөвхөн нэг компани, нэг хүнд зориулж тээврийн хэрэгслийн тарифыг тогтоож болохгүй гэснээр бид хоёр муудалцсан удаатай.
-Миний асуудлыг дэмжсэнгүй гэж ИТХ дээр орилж байсан тухай төлөөлөгчид ярьдаг юм билээ?
-Тийм тохиолдол бий. Гол нь асуудлыг дэмжихгүйдээ биш хуульд нийцүүлж гаргах шаардлагыг хурлын даргын хувиар тавьсан юм. Харин Уулаа “Амьдрал дээр хуулиар тогтоож болдоггүй зүйлүүд байдаг. ИТХ-аар тогтоож болдоггүй зүйлийг ч тогтоох боломжтой. Боломжгүй зүйл гэж байхгүй. Жишиг үнэ амьдралаас урган гарсан” гэж уцаарласан юм. Нийтээр дагаж мөрдөх журмыг Хууль зүйн яам бүртгээгүй тохиолдолд хүчингүй байдаг юм. Иймээс хуулийн тодорхой үндэслэл хэрэгтэй гэсэн шаардлага тавьсныг Уулаа хүлээж аваагүй.
-Тухайн үед Засаг даргын орлогчоор ажиллаж байсан М.Бадамсүрэн хуралдааныг орхиж гарсан нь бас асуудлыг дэмжихгүй байсантай холбоотой юу?
-ИТХ-аар тариф тогтоохыг дэмжсэн юм. Улмаар ойлголцож чадалгүй хуралдааныг орхиж гарсан.
-П.Мөнхтөрийг АТГ-аас өмнө нь саатуулан шалгаж байсан байх аа?
-Түүнийг Тээврийн байгууллагын даргаар ажиллаж байхдаа 19 сая төгрөгийн цалин хоосон бичиж, шамшигдуулсан, авлигын асуудал, мөнгө угаасан байж болзошгүй гэж АТГ-аас саатуулсан гэдэг. “Петрочайна дачин тамсаг”-тай холбоотойгоор мөнгө угаадаг байсан гэх мэдээлэл тархсан. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй мэдэхгүй юм.
-Г.Болдбаатар ч мөн төрийн мэдлийн газрыг хууль бусаар авах гэж санаархаж, ИТХ-аар шийдвэр гаргуулахаар зүтгүүлсэн гэсэн мэдээлэл бий. Энэ ямар учиртай юм бэ?
-Аймгийн мэргэжлийн хяналтын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй орон нутгийн өмчийн 2400 ам.метр газрыг хувийн компанид шилжүүлэх асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчид иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн юм. Учир нь өмнөх дарга нь мэргэжлийн хяналтын лаборатори барихаар шийдвэрлэсэн газар дээр зөвшөөрөлгүйгээр орон сууцны таван давхар барилга барьсан байдаг. Орон сууц баригдаад дууссаны дараа Г.Болдбаатар газрыг хувьдаа шилжүүлж авахаар зүтгүүлсэн. ИТХ-ын даргын хувиар зөвшөөрөөгүй. Аймгийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж, лабораторийн барилгыг өөрчлөх эсэхийг шийдвэрлэсний дараа хэлэлцэх санал гаргахад П.Мөнхтөр эсэргүүцэж байсан. Тэргүүлэгчдийн хурлаар шууд шийдвэрлэнэ гэж зүтгүүлсэн удаа ч бий.
-Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнгөнбат нь “Айвуун”компанид соёлын өвд бүртгэгдсэн газарт хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгох, ИТХ-аар шийдвэр гаргуулахаар хөөцөлдөж яваа тухай эх сурвалж хэлдэг. Энэ үнэн үү?
-Тэр компанийн хайгуул хийх гээд байгаа газар нь улсын өв соёлд бүртгэгдсэн болохыг сумынх нь багийн Засаг дарга, аймгийн музейгээс албан бичиг ИТХ-д ирүүлсэн. Мөн аймгийн Боловсрол, соёлын газар, аймгийн мэргэжлийн хяналтын газраас гээд нийт зургаан байгууллагаас хайгуул хийж болохгүй соёлын өвд бүртгэгдсэн газар гэсэн албан бичиг ирүүлсэн. Гэвч аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнгөнбат энэ компанид зөвшөөрөл гаргуулах гэж хэрүүл маргаан өдүүлсэн. “Айвуун” компани С.Мөнгөнбатад авлига амласан юм билээ. С.Мөнгөнбат гэдэг нь хууль бус хуралдааныг удирдаж шийдвэр гаргуулсан нөхөр. Энэ мэт асуудлаас болж намайг унагахаар шийдсэн байх. Цаашид ч тэдний өөрсөддөө ашигтай байдлаар хийхээр төлөвлөсөн олон ажилд нь саад болох учраас намайг унагахаар шийдсэн болов уу.
-Нам харгалзахгүй халаасаа нэгтгэсэн хүмүүсийн эсрэг сөрж зогссоноос болж өнөөдөр таныг огцруулахаар санал нэгдэцгээсэн гэж ойлголоо. Зөв үү?
-Байнга тэгж харддаг. Мөнгө олох замд нь саад болонгуут намайг зайлуулах арга хэмжээ авч байна. Үүний цаана өөр олон асуудал бий.
-Таныг шүүхэд гомдол гаргасан гэж сонссон?
-Хууль бус хурлын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Асуудал шүүх дээр байгаа.
-Аймгийн намын хорооны дарга М.Бадамсүрэнг өмнө ч гэсэн АН-ынхантай нийлж, намынхаа бодлогын эсрэг хуйвалдаан зохион байгуулсан шалтгаанаар албан тушаалаас нь буулгасан байдаг. Намын дүрэм зөрчсөн түүнийг дахин албан тушаалд нь томилсон нь ямар учиртай юм бэ?
-Дорнод аймгийн МАН-ын даргаар М.Бадамсүрэн хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. М.Бадамсүрэнг Засаг даргаар томилуулахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягт гурван удаа өргөн мэдүүлсэн ч батламжлагдаагүй. Гэтэл нөхөр Уулаатай нийлж, АН-ынхантай хуйвалдаж С.Ганбатыг Засаг дарга болгож, өөрөө орлогчоор нь ажилласан юм. Иймээс намын удирдах зөвлөл шийдвэрээ гаргаж, намын даргын суудлаас нь огцруулсан. Дараа нь С.Ганбатыг огцруулж, алдаагаа зассан хэмээн үзэж, Засаг даргад томилж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг батламжилсан.
-М.Бадамсүрэнгээс өөр Засаг дарга болчихоор хүн байгаагүй юм уу?
-Н.Хүрэлбаатарыг Засаг дарга болгох саналыг би хэсэг нөхдийн хамт гаргаж байсан. Энэ хүн Дорнод аймгийн Тамгын газрын даргаар 10 гаруй жил ажилласан. Аймгийн Засаг даргын орлогчоор дөрвөн жил ажилласан. Хурлын даргаар мөн дөрвөн жил ажилласан туршлагатай хүн. Төрд олон жил ажилласан туршлагатай хүнийг аймгийн Засаг даргаар томилох саналыг намын түвшинд ярьсан боловч М.Бадамсүрэн зөвшөөрөөгүй.
-Ядаж л М.Бадамсүрэн төрд ажиллаж байгаагүй гэсэн асуудал байнга гардаг. Аудитын дүгнэлт хүртэл бий. Шатахуун түгээгчийг Засаг дарга болгосон гэх яриа ч гардаг?
-Аудитын байгууллага М.Бадамсүрэнгийн нийгмийн даатгалыг үзэхэд төрийн байгууллагад ажиллаж байгаагүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тэр дүгнэлтээ ИТХ-д ирүүлсэн.
-С.Мөнгөнбатын хэрхэн бусдыг доромжилж байгаа бичлэг цахим ертөнцөөр нэг тарсан байсан. Та үзсэн үү?
-С.Мөнгөнбатын ааш зан, авир тун хэцүү. Яаж аашилж авирлаж байгааг нь интернетэд тавьсан байхыг нь харсан.
-Энэ асуултыг тавьсан нь Дорнодын МАН-ын удирдах түвшинд байгаа хүмүүсийн авир, эрх мэдлийн төлөөх улайрал хэтэрхий задгайрч, ил цагаандаа гарсан юм биш үү?
-Ийм нөхдүүд удирдах түвшинд гарсан нь орон нутагт МАН-ын нэр хүндийг гутаасан. С.Мөнгөнбат МАН-ын хорооны тэргүүлэгч гишүүн. Дорнод аймаг дахь ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга. Ийм том улс төрийн албан тушаал хашиж байж ёс суртахуунгүй, авирлаж, хууль бус ажиллагаанд хутгалдсаныг зөвтгөх боломжгүй. Мөн Дорнод аймагт Уулааг ямар арга замаар хөрөнгөжсөнийг мэдэхгүй хүн байхгүй. Ийм хүмүүс удирдах албан тушаалд гарчихаад улайрч байгаад нутгийн иргэдийн манай намд итгэх итгэл нь алдарч байгаа. Уулаа болон С.Мөнгөнбат нар М.Бадамсүрэнгийн баруун, зүүн гар нь юм.
-Орон нутгийн хэмжээнд МАН-ын боловсон хүчин хэр бэлтгэгдсэн байдаг вэ?
-Мундаг залуучууд олон бий. Харамсалтай нь, улс төрийн зорилгоор эрх мэдэлд улайрч, албан тушаалын төлөө өөрсдөө гарч ирчихээд увайгүй аашилж байна. Намын даргын хувьд ч, аймгийн Засаг даргын хувьд ч М.Бадамсүрэн сонгууль дөхөж байгаа энэ үед иймэрхүү талцсан үйл ажиллагааг таслан зогсоох ёстой байтал өөрөө зохион байгуулаад явж байх жишээтэй. Намын гишүүдийг хооронд нь хагаралдуулсан, эсрэг намын үйл ажиллагааг дэмжсэн иймэрхүү хүмүүст намын зүгээс хариуцлага тооцох ёстой гэж боддог.
-Энэ асуудлын талаар намынхаа Хяналтын хороонд гомдол гаргасан уу. Юу гэж байх юм?
-Хяналтын хороо, намын даргад, Удирдах зөвлөлд гомдол гаргана.
-Уг нь МАН-ынхан нэг онцлогтой. Намын даргын шийдвэрийг хүссэн, хүсээгүй дагадаг. Энэ зарчим орон нутагт ч байдаг. Гэтэл энэ зарчим хэтэрхий нэг хүнийг төвийлгөх хандлага руу хөтлөх шиг. Эсвэл нэг хүний бодлыг бусдад тулган шаардах ч ажиглагдах юм. Та үүнтэй санал нийлэх үү?
-Манай намын онцлог нь намын даргын шийдвэрийг хамгаалдаг. Хичнээн эсэргүүцсэн нөхдүүд байсан ч олонхийн шийдвэрийг үг, дуугүй дагадаг. Тийм хүмүүжилтэй, зохион байгуулалт сайтай нам. Тамгаа дагадаг энэ хүмүүжлийг далимдуулж, шийдвэр гаргах түвшинд өөрийн хүрээллийн хүмүүсээ олноор оруулж, улмаар нэг хүний бодлыг намын бодлого болгох байдал ажиглагдах болж. Цаашлаад шийдвэрээ тулгах хандлага ч бий. Иймд намын даргыг зөв хүнээр тавихгүй бол эргээд сөрөг үр дагавартайг бас анзаарах хэрэгтэй. Миний хувьд багийн тоглолтыг тэргүүнд үздэг. Энэ үүднээс аймгийн намын даргатайгаа л тулж ажилладаг. Түүнээс биш аймгийн намын даргыг алгасаж Удирдах зөвлөл, намын даргын түвшинд хүрч харилцдаггүй. Нэгэнт нэг баг болж ажиллаж байгаа бол аймгийн намын даргатайгаа л харьцах ёстой. Тийм учраас намын Удирдах зөвлөлийн түвшинд таньж мэдэх хүн байхгүй. Холбоо харилцаа муу гэхэд болно. Мэдээж, шүүмжилж, хатуу хэлэх, байр суурь зөрөлдөх зүйл мундахгүй. Зөвлөж, хийх ч юм гарна.
-Таниас тамгаа авна гэж хоёр ч удаа өрөөнд тань орсон гэл үү?
-П.Мөнхтөр тамгаа авна гэж хоёр удаа орж ирсэн. Тэгэхээр нь хууль бус хурлын асуудлыг шүүхэд өгсөн учраас тамгаа өгөхгүй гээд гаргасан. Намайг албан тушаалын төлөө тэмцэж байна гэж бүү ойлгоорой. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Цаг нь болохоор ажлаа өгнө. Гэхдээ хуулийн дагуу шударгаар хүлээлгэж өгөх болно. Төрийн тамгыг хуулийн дагуу ёслол төгөлдөр гардаж авсан шигээ ном журмынх нь дагуу дараагийн хүндээ хүлээлгэж өгнө гэж хэлсэн. Г.Болдбаатар хэзээний хууль бус хурал хуралдуулж, хурал үймүүлж, эрх мэдлийг өөртөө ашигтайгаар эргүүлэхэд мэргэшсэн нөхөр.
-Тэгэхээр энэ хүний үгээр танай намын гишүүд хөдөлж байна гэсэн үг үү?
-Г.Болдбаатарын арга барилаар манай намын хэдэн нөхөр ажиллаж байгаа нь энэ. Өмнөх дөрвөн жилд ИТХ-ын даргаар ажиллаж байсан Н.Хүрэлбаатарыг Уулаа, Г.Болдбаатартай нийлж унагах ажиллагааг зохион байгуулж байсан.
-АН-ынхан МАН-ын гишүүдийг хагаралдуулахын тулд чулуу шидээд байна гэсэн хардлага нийгэмд байсан. Гэтэл МАН-ын хэсэг нөхөр АН-ын нөхдүүдтэй халаасаа нэгтгэчихсэн үймүүлж яваа байх нь ээ. Тийм үү?
-АН-ынхан хагаралдуулах сонирхол байгаа байх. Гэхдээ дотроо хоёр, гурав хуваагдчихсан АН манайхныг үймүүлнэ гэхэд хэцүү. Тэдэнд ямар ч нэгдмэл санаа, зохион байгуулалт байхгүй учир манайх руу цохилт өгөх тухай ойлголт байхгүй. Харин ч Г.Болдбаатар, Уулаа нарын хийж байгаа үйлдэл. Уг нь намын дарга М.Бадамсүрэн сонгууль болох гэж байна гээд тас цохиод зогсоох боломжтой. Гэтэл хууль бус ажиллагаанд хутгалдаад явж байдаг. Намынхаа эв нэгдлийг хангах ёстой хүн байтал эсрэгээрээ хагаралдуулаад явж байна шүү дээ.
-Энэ мэт бусармаг хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор өнгөрсөн хугацаанд тэмцэж ирсэн гэсэн. Та хэтэрхий зарчимч нэгэн тул ойлголцож чаддаггүй юм биш үү?
-Төрийн албыг хашиж байхад төрийнх нь зарчмаар шийдэж, шийдвэр гаргаж тэмцэхэд ийм асуудал үүсдэг юм байна. Иймээс хэвлэл мэдээллийн байгууллагынхан та бүхэнд нээлттэйгээр ил тод байж шударга бус зүйлтэй тэмцэхгүй бол хүч хүрдэггүй бололтой. Хариуцлагатай албан тушаал дээр байгаа хүмүүст хариуцлага гэж алга. Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэгчээр ард түмэнд хийж байгаа ажлаа үргэлж хэлж, нээлттэй байхгүй бол эргээд намайг буруутгах хандлага бий болж мэдэх нь. Энэ удаагийн хурал дээрх үйл явцыг харж байхад тиймэрхүү байдал ажиглагдаж байна билээ.
-Хөгжлийн цогц бодлогогүйгээс болж талцаж, муудалцаад байгаа юм гэж хэлж байсан. Дорнодын хөгжлийн талаар таны байр суурийг сонирхвол?
-Манай аймгийн хөгжлийн хандлага тодорхойгүй байна. Тийм учраас чиг хандлагаа тодорхой болгох зорилгоор “Аймгийн хөгжлийн цогц бодлогын загвар”-ыг боловсруулаад байна. Боловсруулсан загварын үндсэн чиглэл зорилтуудаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаар хэлэлцүүлж байгаа. Дорнодчууд бид бодлогын талаар ижил нэг ойлголттой болж, нэг зүгт харж чадвал хөгжил дэвшлийг эрчимжүүлж чадах юм. Тэгэхээр хөгжлийн бодлогын нэгдүгээрт, Дорнод нутгийн “Хүнээ хөгжүүлэх” ёстой. Хоёрдугаарт, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх буюу “Аймаг орон нутгаа хөгжүүлэх” ёстой. Гуравдугаарт, дээрх хоёр чиглэлийг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө хэрэгтэй учраас “Эдийн засгаа тогтвортой хөгжүүлэх” учиртай. Бидэнд энэ хөрөнгийг бүрдүүлэх боломж бий. Дорнод аймаг бусад аймгийг бодвол хэд хэдэн давуу талтай. Газрын баялаг ихтэй, мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнтэй байгальтайгаас гадна урд, хойд хөрштэй хиллэдэг учраас аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Мөн банк санхүү, уул уурхайг түшиглэж, хөрөнгө босгох бүрэн бололцоотой. Дөрөвдүгээрт, энэ гурван чиглэлийн харилцан хамаарал, уялдаа холбоог хангаж, удирдан зохион байгуулах үүргийг төр хүлээдэг. Төр төрийн үйлчилгээгээр дамжуулан зохицуулдаг тул “Төрийн үйлчилгээг боловсронгуй чанартай болгох” гэсэн үндсэн дөрвөн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн цогц бодлогын загварыг тодорхойлон ажиллаж байна. Бидэнд хийх ажил их байна. Би өөрийн аймгаа Монгол Улсын хөгжлийн гарц аймаг гэж боддог учраас бас энэ нутгийн унаган хүүхэд учраас зүгээр сууж чадахгүй юм.
Л.НИНЖСЭМЖИД
“Улс төрийн тойм” сонин
URL: