МУИС ба “дархлагдсан” профессорууд

Амжихгүй нь ээ, амжихгүй нь хэмээн өдөр шөнөгүй ном уншиж, бүтээл туурвиж хүн ардыг гэгээрүүлэх гэгээн үйлсийн эзэд бол багш, доктор, профессорууд. Үргэлж мэдлэгээ шинэчилж зөвхөн батлагдсан, шалгагдсан “үнэн”-ийг зааж, хүн ардыг гэгээрүүлж, хойч үеэ бэлдэх үүрэгтэй хүмүүс бол багш нар. Зөвхөн л үнэнийг сургадаг, заадаг  газар бол Их сургууль. Аливаа улсын Их сургууль нь тухай орныхоо мэдлэгийн төв нь байдаг. Энд л мэдлэг үйлдвэрлэгдэж, эндээс мэдлэг түгээгдэж, улс орныг гэгээрүүлж, хөгжлийг түргэсгэх ёстой. Сүүлийн жилүүдэд изотерик, парапсихологи, бөө, зайран гэх мэт хаана ч хүчингүй зүйлс яригчид, дураар түүхийг бичигчид, дэлхий 2012 онд сүйрнэ хэмээн хаа сайгүй цуу яриа тараагчид олширлоо.

Энэ бүхнийг МУИС болон ШУА-ийнхан мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй мэт дүмбийн суусаар л. Их Сургуулийн гадуур ганц ч сэдэв яригдах ёсгүй байтал МУИС нэг л биш ээ.
Саяхан МУИС-ийн Гадаад Хэл Соёлын Сургуулийн Франц-Роман хэл судлалын тэнхимээс гаргасан “V Бүгд найрамдах Франц Улсын Үндсэн Хууль” нэртэй номыг үзээд энэхүү нийтлэлийг бичихээр шийдлээ. Тэрхүү номын агуулга нь “Францын Үндсэн Хууль” болон “Иргэний ба Хүний Зөвүүдийн тунхаг” гэх улс төрийн чухал фактыг докторант Чинбатын Нарбилэг гэдэг хүн франц хэлнээс орчуулан 2008 онд хэвлэн гаргажээ.

Энэхүү орчуулга Монголын Их Сургууль “мэдлэгжүүлжэх”, “боловсруулах” үүргээ хэрхэн алдаж, ялзаралд орсны бас нэгэн баталгаа юм.
“Хүний ба Иргэний Зөвүүдийн Тунхаг”-ийн нэгдүгээр зүйлийг хэрхэн орчуулсныг харцгаая. Нэгдүгээр зүйл “Men are born free and remain free and equal in rights. Social distinctions can be based only on public utility” гэсэн заалтыг орчуулагч “Хүн эрх чөлөөтэй төрж, амьдарч, тэгш эрхийг эдэлнэ. Нийгмийн ялгаа нь гагцхүү бүх нийтийн ашиг тусын төлөөх үзэл санаанд үндэслэнэ” хэмээн дэндүү худал орчуулжээ. /V Бүгд найрамдах Франц Улсын Үндсэн Хууль номын 26 хуудас/. Энэхүү заалтын цаад утга, амин сүнсийг нь ойлголгүй хэт хөнгөн хандсаний илэрхийлэл юм. Энэхүү заалт нь “Хүн зөвүүдтэй байсан цагтаа төрөхөөсөө аваад амьдралын турш чөлөөтэй ба тэнцүү байна. Хамтын амьдрал дахь гавьяа зүтгэл нь нийгмийн төлөө ямар хэмжээгээр юу хийснээс шалтгаална” гэсэн чухал заалт юм.

Товчоор хэлбэл зөвүүд бол чөлөөтэй ба тэнцүү байхийн суурь нь болдог гэсэн санаа юм. Ийм философийн болоод политикийн баримт бичгийг хэт дураар орчуулж, орчуулахдаа дэндүү болхи, алдаатай, худал орчуулсан нь орчуулагчийн мэдлэг чадвар дэндүү хомс төдийгүй МУИС болон Академийн өнөөдрийн бодит байдал ямар байгааг дахин баталж өгч байгаа юм.
V Бүгд найрамдах Франц Улсын Үндсэн Хууль номыг хянан тохиолдуулсан хүмүүс нь Академич Ж.Амарсанаа, Доктор (Sc.D), профессор С.Дулам, Доктор (Sc.D), профессор Г.Буяннэмэх нар. С.Дулам Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй хүн. Үнэндээ  хууль болон улс төрийн талаар ямар ч төсөөлөлгүй хүнээр редакторлуулжээ.

Магадгүй зүгээр л нэрээ бичүүлсэн байх. Харин Г.Буяннэмэх нь Франц хэлний багш- Орчуулагч, Амарсанаа нь ШУА-ийн жинхэнэ гишүүн бөгөөд хууль зүйн салбарын хүн юм байна. Орчуулагч л бол юуг ч, ямар ч мэргэжлийн номыг орчуулж болно бас чадна хэмээн төөрөгдсөн хүмүүс өнөөдөр Монгол оронд оюуны терроризмийг ид өрнүүлж байна. Нэгэнт тухайн зүйлийг алдаатай, худал, буруу орчуулснаар тухайн салбарын мэдлэг Монголд орж ирэх зам хаагддаг. Өнөөдөр дураараа орчуулга хийдэг, мэргэжлийн бус хүмүүс Монголд хүн төрөлхтний үнэн мэдлэг орж ирэх замыг хааж, үнэнийг багалзуурдаж буйн бас нэг жишээ энэ юм.

Ер нь МУИС болон ШУА мэдлэгийн ордон байх эрхэм үүргээ алдаж, өв уламжлал, зан заншил, танил талаар явцуурч, “багш дор мөргөмү”, “ном дор мөргөмү” хэмээн багшаа шүүмжилж, шалгадаггүй байдал хэвийн үзэгдэл болж, шашны газар эсвэл “өдөр өнжүүлэх цэцэрлэг”-тэй адил болжээ. Багшийн заасныг шалгаж болохгүй, эргэлзэж болохгүй, шүүмжилж болохгүй шашны “догма” адил нөхцөл бий болоод удаж байна. Шүүмжилвэл хичээл дээр “унагана”, дүнгээр “бооно”, утсаар “дарамтална”. Энэ бол МУИС-ийн тэр дундаа 2-р байрын бодит байдал. ШУА зөвхөн тэтгэвэртэй гарах цаг нь болсон өвгөчүүлийн цугласан газар болжээ.

Аристотел багш Платогынхаа бүтээлийг шалгаж, багшийгаа давсантай адил, мэдлэгийн салбарт ажилж буй хүн багшийг давахыг хичээдэг. Ингэж байж л мэдлэгийн хөгжил явагддаг. Мэдлэгийн хөгжил явагдснаар нийгмийн хөгжил явагддаг.
Харамсалтай нь МУИС мэдлэгийн ордон байх чадвараа алдаж, худлааг ярьсан, алдаатай заасан, бурууг цэцэглүүлсэн газар болон хувирчээ. Залуу үеийг мэдлэгжүүлж, боловсруулах үүрэг нь алдагдаж “диплом” олгодог газар болон хувираад удаж байна. Тэнд зааж байгаа хичээлийн материалын “хүчинтэй”, “баталгаатай” байдлыг хэзээ ч асуухгүй, доктор профессорууд нь мэдлэгээ шинэчлэх, судалгааны ажил явуулдаггүй “20 жилийн турш” зөвхөн нэг л зүйлээ оюутнуудад заасаар, монголын залуу үеийн оюуныг хордуулж, ухааныг булингартуулж байна.

МУИС-ийн хичээлийн 2-р байр бол Монголын оюуны салбарууд байралсан газар ч тэнд шинэчлэлт, хөгжил нэгэнт зогсож, өөрсдийгөө доктор, профессор, академич хэмээн цоллосон хүмүүс, шинэ хүнийг, шинэ мэдлэгийг хүлээж авч чадахгүй “даралт нь ихэсдэг”, дуртай цагтаа, дуртай зүйлээ зааж, “Намайг хэн хэлэх вэ? Нохойг хэн саах вэ” хэмээн дуртай зүйлээ заадаг нөхцөл бүрдээд байна. Хүний бие гэмтвэл эмнэлэгт очоод эмчлүүлчихнэ, харин хүний ухаан, оюун гэмтвэл хаана эмчлэх вэ? Хүний сэтгэл гэмтвэл хаана хандах вэ?
МУИС-ийн 2-р байранд Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нарыг шүтээнээ болгосон “Монгол хэлний улаан хамгаалагчид”, “түүхийг түүхий бичигчид”, “Хобби Философчид” энд байрладаг. Философид “Философич тухайн цаг үеийнхээ хүүхэд” гэсэн үг байдаг. Үүний адилаар Б.Ринчен, Ц. Дамдинсүрэн тухайн цаг үеийнхээ бүтээгдэхүүн, тухай цаг үедээ үүргээ гүйцэтгэсэн. Одоо тэднийг магтан дуулаад, шүтээд байх шаардлага байхгүй. Мэдлэгийн салбарт хэн нэгнийг хүндэтгэдэг болохоос хэзээ ч шүтдэггүй. Багшаа шүтчихвэл хэзээ ч хөгжил явагдахгүй.

Хаана ч байхгүй сүржин цолтой МУИС болон Академийнхан “сонсдоггүй, хардаггүй, ярьдаггүй” нөхдүүдээр дүүрчихсэн юм шиг байна. Цөмийн хаягдал Монголд булах гэж байхад түүний хор уршиг, нөлөөний тухай МУИС-ийн цөмийн физикийн судлаачид “А” гэж дуугарсангүй. Эдгээрийн урдуур орж улс төрчид болон мэргэжлийн бус нөхдүүд “цөмийн хог хаягдал гэдэг чинь аргалын утаанаас хоргүй, бурхнаас өгсөн бэлэг” хэмээн солиорцгоож байна. Улс төрийн намууд нь баруун, зүүнээ мэдэхгүй мунгинаж байхад МУИС-ийн улс төр судлалынхан болон философчид нь “А” ч дуугаралгүй “хэлгүй” юм шиг дүмбийсээр.

Шар хадны эмнэлэг нь “психологийн буюу сэтгэлийн өвчтэй хүмүүсээр дүүрчихээд байхад, нийгмээрээ архидаж, уурлаж, бухимдаж байхад бас амиа хорлолт, гэмт хэрэг цэцэглэж байхад МУИС-ийн сэтгэл судлаачид болон нөгөө “том” доктор, профессорууд хаана байгаа нь мэдэгдэхгүй “дуугүй суусаар”…
Монгол хэлээ хайрлаж байна гээд хөгжүүлдэггүй, сайжруулдаггүй МУИС-ийн Монгол хэлний улаан хамгаалагчид болох Монгол хэлний профессорууд Б.Ринчен, Ц.Дамдинсүрэнгээ бурханчлан шүтэхээ зогсоогоод “nation” гэдэг үгийг ядаж зөв орчуулж, үг ухагдахуунаа цэгцлэх ажлаа эхлүүлээч.
Түүхийг дураар тайлбарлагчид, ингэж өгүүлэгчид, Чингисийн хамаатнууд хаа сайгүй газар авч, хүмүүсийг төөрөгдүүлж, “түүхийг түүхий бичигчид” олширч байхад МУИС-ийн түүхийн “томчууд” хаана байна вэ?

Энэ мэтээр Монголын “оюуны төв” болсон МУИС цаашлаад ШУА хаана байна, юу хийж байна вэ? Байгаа юм бол худлаануудаа зогсоогооч. Мэдлэггүй газар л мухар сүсэг цэцэглэж, дураараа яригчид олширдог.

Монголын ирээдүйг баллаж байгаа МУИС-ийн “дархлагдсан” профессор, докторуудыг “сэтэрлэж” тэтгэвэрт гаргаж, гадаадад сургууль төгссөн болон чадварлаг залуучуудаар “цус сэлбэлт” хийх шаардлага нэгэнт бий болжээ.  Их сургуулийг дагаж мэдлэг ирдэг. Мэдлэгийг дагаж хөгжил, дэвшил ирдэг. Үнэн бол энэ. Эцсийн эцэст ҮНЭН МЭДЛЭГ монголыг аварна.

Философийн магистр Б.Гансүх


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих