“МИАТ”-ийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн ОМ-135 дугаарын нислэг аравдугаар сарын 3-нд Берлин хотод буух ёстой цагаасаа гурван цаг хоцорч буусан. Энэ нь нийслэлийн ЗДТГ-ын төлөөлөгчдийг буулгах гэж саатсан хэмээн тайлбарлаж буй. Энэ талаар Зам тээврийн сайд М.Зоригтоос тодрууллаа

-Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн онгоц Новосибирскт буух болсны улмаас олон зорчигч дараагийн нислэгээсээ хоцорсон. Энэ явдалд хариуцлага тооцсон уу?

-Нийслэлийнхэн Новосибирскт бууя гэдэг хүсэлт тавьсан юм билээ. Үүнийг сарын өмнө ярилцаж шийдсэн гэж МИАТ компанийн удирдлагууд надад мэдэгдсэн. МИАТ компани тусгай захиалгатай нислэг хийж болно. Э.Бат-Үүл ч байна уу, хэн ч байна тэр онгоцыг аваад Новосибирск орчоод буцаад ирж болно. Харин тогтмол нисдэг, Улаанбаатараас гараад Москвад очиж, цаашаа Берлин нисдэг онгоцыг замд нь буулгах эрх тэдэнд байхгүй. Үүнийгээ зорчигчдод хэлж, тайлбарлах ёстой. Зорчигчид гурван цаг Новосибирскт саатахаа мэдсэн бол тэр онгоцоор биш, өөр онгоцоор нисэх, дараагийн онгоцны тасалбараа захиалахгүй байх гэх мэт арга хэмжээ авна. Энэ мэт асуудлыг шийдээгүй, зорчигчдод урьдчилан мэдэгдээгүй. Тиймээс МИАТ-ийн удирдлагуудад заавал хариуцлага тооцно.

-Ямар хариуцлага тооцох вэ?

-Том толгойтой хүмүүсийг ажлаас нь халах хэрэгтэй.

-Энэ асуудлаас болж иргэдийн хохирлын хэмжээ гэж гаргасан уу?

-Новосибирскт гурван цаг саатсанаас болоод Берлинээр дамжаад цааш нисэх байсан 10 гаруй хүн дараагийн онгоцноосоо хоцорсон. Түүнийг нь зохицуулах гэж МИАТ-ийн төлөөлөгч огт ажиллаагүй гэж байгаа. Мэдээж олон асуудал үүснэ.

М.Мөрөн


URL:

Нэр: Anonymous Огноо: 11 October 2015

Yag unen udirdlaguudiig zailuulj shuurhai humuusiig tomiloh heregtei

Сэтгэгдэл бичих