Николь Кидман: Кино урлаг намайг бүрэн эзэмдсэн

Холливуудын нэрт жүжигчин Николь Кидман өчигдөр “ВВС” агентлагийн “The Graham Norton шоунд оролцож, ярилцлага өгчээ.

-Улам залуужиж, улам үзэсгэлэнтэй болчихсон байна. Таны нөхөр Кейт Урбанд атаархаж байна. Ийм гайхалтай бүсгүйтэй өдөр бүр хамт байдагт нь?

-Баярлалаа. Би өдөр бүр үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг. Аль болох наснаасаа залуухан харагдахын хичээдэг. Гэхдээ цаг хугацааны эрхээр цэвэрхэн цаас хүртэл үрчийдэг.

-Саяхнаас хэвлэлүүд таны охиныг хуримаа хийсэн хэмээн шуугих боллоо. Энэ мэдээллийг батлах сүйт бүсгүйн зургууд нийтлэгдэж эхэлсэн?

-Үнэн үнэн. Охиндоо аз жаргал хүсье. Миний баяр баясгалан. Миний гоо үзэсгэлэн. Би Беллагаар үргэлж бахархдаг.

-Гэхдээ Том Круз та хоёрыг хуримандаа уриагүй гэсэн?

-Хуримаа хийхээр болсон гэдгийг нь их хожуу мэдсэн. Найз залуутай эсэхийг нь ч сайн мэддэггүй байсан. Хуримаа хийхээр болсон гэдгийг нь мэдээд их гайхсан бас харамссан. 22 нас хэтэрхий балчир нас. Охиноо хэтэрхий их яарсан гэж бодож байна. Гэхдээ сонголтыг нь хүндэтгэж байгаа. Дурлах, хайрлуулах сайхан.

-Хуримандаа уриагүйд нь гомдож байна уу. Уг нь хуримын үеэр ээж нь хажууд байвал их сайхан байх. Том та хоёр салаад олон жил боллоо. Салалт Белла та хоёрын харилцааг хөндүүрүүлсэн үү?

-Би сайн ээж биш. Томоос салаад л Урбантай гэр бүл болсон. Нэг хэсэг Конри, Беллиг мартсан үе бий. Мэдэхгүй ээ. Гэнэт л бүх зүйл өөрчлөгдчихсөн. Тэд гэнэт л биеэ дааж, тусдаа амьдрахыг хүссэн.

-Тэднийг өргөж авсан болохоор уу?

-Үгүй дээ. Бурхан минь та ямар муухай бодолтой юм бэ. Тэд миний хүүхдүүд. Надад хариуцлагаа умартсан үе бий. Гэхдээ би тэднийг хэзээ ч өргөж авсан гэж бодож байгаагүй. Би тэднийг үргэлж хайрлах болно.

-Беллатай нэг удаа ярилцаж байсан юм. Тэр их жоохон байсан. “Аав, ээж хоёр салаад дүү бид хоёр их ганцаардах болсон. Аав залуухан эхнэртэй болсон. Ээж нөхөртэй болчихсон. Би буцаад асрамжийн газар руу явдаг юм бил үү гэж бодож байгаа” гэж байсан?

-Бидэнд үнэхээр гомдсон бололтой. Хүүхдүүдийнхээ төлөө юу хийх ёстойгоо ч мэдэхгүй байна. Үнэхээр би сайн ээж биш бололтой.

-Энэ онд “Strangerland”, “Secret in Their Eyes” зэрэг кинонуудад тоглосон. Та их завгүй. Завгүй амьдралаас заримдаа залхдаг уу?

-Тиймээ. Заримдаа яагаад жүжигчин болсон юм бол доо гэж боддог. Би охидтойгоо тоглож, дэлгүүр хэсээгүй их удаж байна. Гэртээ байхаасаа илүү зураг авалтын талбай дээр ихэнх цагаа өнгөрүүлж байна. Өнгөрсөн амьдрал минь бүтэлгүйтэж, хүүхдүүд минь сэтгэлийн шархтай үлдсэн шалтгаан бол хэтэрхий завгүй амьдрал. Тиймээ, завгүйгээсээ болоод олон хүнийг гомдоосон ч байж магадгүй. Би аавтайгаа зургаан сар огт уулзаагүй, ганц, хоёрхон удаа л утсаар ярьсан. Гэтэл нэг л өдөр аав минь тэнгэр рүү явчихсан байсан. Аавыгаа алдсан мөртлөө би засрахгүй байгаадаа харамсч байна. Үнэнийг хэлэхэд, кино урлаг намайг бүрэн эзэмдсэн.

-Таныг найруулагчид бодит ертөнцөд хэтэрхий гоёдож, яг л дэлгэцэн дотор амьдрах ёстой гэдэг?

-Би энэ үгийг 2000 оны эхээр нэг найруулагчаас сонсож байсан. Түүнийг ийнхүү хэлэхэд би их шаналсан. Мэдэхгүй гэнэт гомдсон. Залуу байсан болохоор тэгэж бодсон байж магадгүй. Гэхдээ дараа нь бодоод байхад миний чадварыг үнэлсэн үнэлэмж гэдгийг ойлгосон.

-Та зураг авалтын талбай буюу зохиолын дагуу дүрдээ орж байхдаа юу боддог вэ?

-Мэдэхгүй байна. Би зураг авалтын талбайд дүрээсээ өөр зүйлийн талаар боддоггүй. Би бүх зүйлийг амжилттай хийхийг хүсдэг.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих