Гуравдагч хөршүүдийн гүрэн дамнасан сонирхол
Монгол Улс дэлхийн газрын зурагт хоёр том гүрний дунд тэмдэглэгдсэн байдаг ч ашиг сонирхлын хувьд хоёрхон хөрштэй байхаа больжээ.
Мөнхийн хоёр хөршийн эрх ямба зонхилж байсан үе өнгөрсөн тухай бид ил, далд элдэв аргаар олон улсад илэрхийлэх болов. Уул уурхайн асар их баялагтай манай улсын гуравдагч хөрш болохыг сонирхсон орон олон бий. Алсын Америк, арлын Япон, өмнөд Солонгос,Франц, Герман, баян арабуудаас эхлээд талын Монгол руу гүрэн дамнан орж гуравдагч хөршөөр тодрох хүсэл Ази, Америкаар тэнэж явна.
Мэдээж Монголыг сонирхох болсон шалтгаан уул уурхайтай шууд холбоотой. Төв Азийн цээжин дэх Монголын хөрсөн доорх асар их баялаг дэлхийн сонирхлыг ийнхүү татах болсон цаг үед бид амьдарч байгаа.
Манайхыг онилж буй гадаадынхны олон сонирхол, олон орны эрх ашгийг бид хэрхэн хүлээж авч нэгийг баярлуулж, нөгөөг нь гомдоолгүй ижил хэмжээнд харилцах хэрэгтэй вэ.
1920, 30-аад онд орос ах нарын эрх ашиг ганцаар ноёлж Монголын сэхээтнүүдийг хэлмэгдүүлж байсан түүх бүдгэрээгүй. 1990-ээд онд оросуудыг нутгаасаа гаргасны дараа дэлгүүрийн лангуу хоосорч бид өлсөхөд хүрэхэд япон, солонгосууд гараа сунган туслаж байсан. Үүний хариуд одоо уул уурхайд чинь хамтаръя гэсэн санал тавьсан гэсэн мэдээ бий.
Өнгөрсөн сард Америк, Солонгос, Финланд, Энэтхэг, Хятад улсын Төрийн тэргүүнээс эхлээд коммунист намын төлөөлөл зэрэг дэлхийд танигдсан удирдагчид Монголд айлчлаад буцсан билээ. Тэдний айлчлалын үр дүн, хаалганы цаана юу ярилцсан болохыг гадаад, дотоодын хэвлэлээр тасралтгүй тоймлон бичсээр байна.
Хамгийн сүүлчийн жишээ гэхэд АНУ-ын “Forbes”, “Wikileaks” цахим хуудаст тус улс Монголд цөмийн хаягдлаа булшлах яриа хэлэлцээ хийсэн тухай мэдээлжээ. Энэ мэдээллийг манай улсад саяхан ирээд буцсан АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Байдэны айлчлалтай холбосон байна.
Ноён Ж.Байдэн манай улсад айлчилж өдрийн хугас саатахдаа Монголд АНУ-ын цөмийн хог хаягдлыг булшлах хүсэлтээ илэрхийлж амжсан тухай “Forbes”-д мэдээлжээ. Энэ бол Америкийн нэг эрх ашиг гэж ойлгож болохоор.
Барак Обамаг Америкийн Ерөнхийлөгч болоход нь ялалт авчирсан нэг зүйл бол тэрээр цөмийн хог хаягдлаа эх орондоо булшлахыг эсэргүүцсэн явдал байлаа. Б.Обама энэ саналаа хэрэгжүүлэхийн тулд цөмийн хаягдлаа хаа нэгтээ булах шаардлага гарсан нь мэдээж. Их гүрэн энэ санаархалдаа Монголыг ашиглах сонирхолтой байсан нь ч хэрэг тарьсан хүмүүс “үгүй” гэж гүрийсээр байна.
Олон, олон сонирхол давхацсан айлчлалаар хөндсөн гол сэдэвт уул уурхай мөн л үргэлжилнэ. Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчаар Хятад, Орос, АНУ-ыг сонгоод байгаа билээ, Үүнд оролцох сонирхолтой орон бүрийг Тавантолгойд багтааж чадахгүй ч нэгийг нь гомдоож орхиж боломгүй. Манайд хамгийн их хандив өргөдөг Япон, Солонгосын тал Тавантолгойд ороогүй гомдолтой хоцорсноо ил, далд хэлбэрээр илэрхийлсээр байгаа юм.
Саяхан манай улсад айлчилсан Солонгосын Ерөнхийлөч Ли Мен Баг энэ сонирхлоо дипломат маягаар илэрхийлээд буцлаа хэмээн зарим нь анализ хийсэн байна лээ. Түүний айлчлалын үр дүнгийн тухай гадаад, дотоодын хэвлэлд гарсан тоймыг харахад ч ноён Ли энэ тухай манай удирдлагуудад хэлээд буцсаныг дурдсан байв. Мөн манай улсад сууж буй Солонгосын Элчин сайд нь хүртэл айлчлалыг угтаж энэ тухай сэдвээр хэвлэлд ярилцлага өгчээ.
Финландын Ерөнхийлөгч, хатагтай Тарьяа Халонен манай улсад айлчлахдаа өөрийн орны ардчиллын загвараа Монголд нутагшуулахыг уриалаад явсан. Тус улс скандинавын орнуудад ардчиллаараа загвар улс болдог аж. Иймд ардчиллын замаар хөгжиж буй Монголыг өөрийн загвар улс болгохыг хүссэн байна.
Өмнөд хөршийн хувьд коммунист намынх нь төлөөлөгч ирээд “100 мянган орон сууц” хөтөлбөрийн эхний үе шатыг санхүүжүүлэхээ амлав. Иргэдээ орон сууцжуулах манай дэд бүтцийн томоохон хөтөлбөрийг ийн санхүүжүүлэх болсон нь цаанаа том эрх ашиг нуулаа хэмээн харж буй хүн олон байна.
Энэ мэтчилэн олон орны, янз бүрийн эрх ашиг манайхыг чиглэсээр байна. Монголд айлчилж буй дэлхийн томоохон удирдагчдын тоо үүнийг бэлхнээ илчилнэ. Зочин бүр манай төр засгийн удирдагчтай ганцаарчилсан уулзалт хийдэг. Албаны ёсны болон төрийн томоохон айлчлалын үеэр урьсан, уригдсан хоёр нь нэг өрөөнд тусдаа уулздаг нь уламжлал болсон зүйл. Энэхүү уулзалтаар хоёр тал юу ярилцсан, нөгөө тал Монголоос юу хүссэн, ямар аман тохироо хийсэн зэрэг олонд илт мэдээлэгддэггүй, хэвлэлийнхнээс хаалттай сэдэв болон үлддэг учраас янз бүрийн хардалт дагуулсаар байна.
Уул уурхайн салбарт Монголтой хамтарч ажиллах сонирхлоо удаа дараа илэрхийлсээр байгаа Солонгос, Япон, Герман, Франц гэх мэтийн томоохон улс гүрнүүдийн эрх ашгийг Монгол яаж хүлээж авч болох вэ.
Тавантолгойн орд газарт хэлэлцээ хийж гуравхан хөрөнгө оруулагчийг тодруулалгүй олон улсын хөрөнгийн биржээр хувьцаагаа нээлттэй арилжаалж болох арга байгааг эдийн засагчид хэлдэг. Хэрэв ингэвэл тэр сонирхолтой гүрнүүд нь мөнгөө төлөөд авах биз. Ийм замыг сонговол хойд, урд хоёр гүрнийг дамнан Монголыг сонирхсон орон бүрийг оролцуулах гарц нээлттэй болохыг асуултын хариу болгодог хүмүүс ч бий.
Хоёр том гүрний дунд оршдог манайх Орос, Хятад, алсын Америкаас илүү олон гарцтай, олон талын хамтын ажиллагааг өрнүүлэх хэрэгтэй гэж үздэг. Аль ч талаараа Монгол Улс гуравдагч хөршөө үгүйсгэж болохгүй. Мэдээж сайн хөршийн харилцаа Орос, Хятадтай үргэлжилдэг ч гадаад бодлогодоо гуравдагч хөршөө зарлаж, бүхий л салбарт тэлэх хэрэгтэй. Олон оронтой гадаад бодлогоо балансжуулж барих нь Монголын Үндэсний аюулгүй байдалд ч чухал нөлөөтэй билээ.
Дээрх олон орны эрх ашиг, сонирхол байгаа цагт эдийн засаг, худалдааны гэрээ хэлэлцээг чадварлаг хийж бүс нутагтаа нэр хүндээ өсгөх учиртайг ч саяхан болсон айлчлалуудын үеэр төр засгийн удирдлагууд хэлсэн билээ.
Ер нь олноороо ойр ойрхон ирж буй айлчлалууд, гуравдагч хөршөөр тодрохыг хүссэн олон орны эрх ашгийг Монгол яаж хүлээж авахыг ягштал тооцоолсон загвар алга.
М.Ганцэцэг
URL: