Эцэг эх байх эрхийг түдгэлзүүлдэг бол ямар вэ

fdsfsdfsfds
Нэгэн өдөр автобусанд согтуу ээж, эмээ хоёр хөлд ч ороогүй бяцхан хүүгээ аваад явж байхыг харлаа. Автобуснаас буух хүртэл болдогсон бол тэр хүүхдийг аваад буучихмаар санагдаж билээ. Тэр өдрөөс хойш мөнөөх хүүхдийн тухай бодол толгойноос ер салсангүй.

Хүүхдээ эрхэлж тоглох бүрийд согтуу ээж, эмээ нь тэр бяцхан хүүгийн гар, хуруу аль тааралдсан газар руу “Боль, ямар ядаргаатай юм бэ” хэмээн уцаарлан загнах бүрийд автобусанд явсан хүмүүс тэр гурвыг эргэн эргэн харж эмзэглэж байсан юм. Даанч бидний хэн маань ч тэр хүүхдийг өмөөрч авах эрхгүй.

Хэрвээ зүрхлэн авбаас хүүхдийг хулгайлсан хэргээр шоронд сууж ч мэднэ. Энэ бүхнийг харснаас хойш надад нэг л зүйл бодогдсон. Гадаадын зарим оронд хүүхдийг хангалттай хооллож, хувцаслахгүй, хөдөлмөр эрхлүүлж байвал тухайн аав, ээжид нь хуулийн дагуу хариуцлага тооцож, анхааруулдаг байна.

Анхааруулгыг хүлээж авахгүй үргэлжлүүлбэл тэдний эцэг, эх байх эрхийг түдгэлзүүлдэг аж. Манай улсад ч ийм хуулийг боловсруулан баталж хэрэгжүүлж, хүүхдэд хүн ёсоор ханддаггүй хүмүүсийн эцэг, эх байх эрхийг яагаад хасч болохгүй гэж. Дээр дурдсан ээж, охин хоёр шиг архинд толгойгоо мэдүүл, хүүхдээ хөсөр хаях эцэг, эх, эмээ, өвөө манайд цөөнгүй бий.

Эцэг, эхээ сонгож төрдөггүй хорвоод өөрийн хүслээр архичин аав, ээж дээр ирээгүй тэр бяцхан хүүхдүүдэд ирээдүйд тохиолдож болох эрсдэл аюул дэндүү харгис, хэрцгий биш гэж үү. Энэ харгислалыг зогсоох олон арга бий. Наанадаж манайд үргүйдлийн улмаас үрийн зулай үнэрлэж чадахгүй олон залуу байна.

Үр хүүхэдтэй болж, эцэг эх болох мөрөөдөлтэй залуу гэр бүлд хувь тавилан дутуу яваа тэдгээр хүүхдийг өгч, хэрхэн хүмүүжүүлж, өсгөж байгаад нь төр, төрийн бус байгууллага хяналт тавибал аль аль талдаа тустай санагдана. Эцэг эх болно гэдэг их хувь заяа юм шүү дээ, уг нь.

Г.Нямсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих