Зарим эмэгтэй гишүүд Баянчандманьд гарсан хэргийн хохирогчийг эргэжээ
Төв аймгийн Баянчандмань суманд тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар ажилтнаа хүчирхийлсэн гэх мэдээлэл олны анхаарлыг ихээхэн татсан. Хэргийн мөрдөн байцаалт одоо ч үргэлжилж байгаа бөгөөд Б.Ханбаатарыг Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулж байгаа юм. Харин хүчирхийлүүлсэн гэх хохирогч эмэгтэй өдгөө ГССҮТ-д эмчлүүлж байна.
Тэгвэл хохирогч эмэгтэй Б-г зарим эмэгтэй гишүүд эргэжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өөрийн твиттерт жиргэсэн байна.
Юутай ч Л.Эрдэнэчимэг гишүүний энэхүү жиргээнд иргэд ихэд бухимдалтай хандаж байна. Учир нь уг хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй. Шүүхээр шийдэгдээгүй байтал Б.Ханбаатарыг энэ хэргийг үйлдсэн хэмээн олон нийтийн сүлжээгээр зарласанд иргэд шүүмжлэлтэй хандаж байна.
Болсон явдлыг сануулбал, Өнгөрсөн есдүгээр сарын 24-ны өдөр Засаг даргын орлогч Б.Ханбаатар нь морины наймаа хийхээр 17.00 цагийн орчимд нутгийн айл н.Ганзоригийнд очжээ. Очихдоо Тамгын газрын дарга Г.Ариунболд, малын эмч Б нарыг дагуулан очсон байна.
Наймаагаа тохирч, жин тан болгосон тэд н.Ганзоригийнд архидан согтуурч байгаад шөнийн 00.00 цагт явцгаахаар гарсан аж. Энэ үед Г.Ариунболд бие засахаар гэрээс холдмогц Б.Ханбаатар нь малын эмч эмэгтэйг машиндаа суулган давхин явжээ. Буцаж ирээгүй удсан учраас Г.Ариунболд өөрийн жолоочоо дуудсан байна.
Харин түүний жолооч орж ирэхдээ “Б.Ханбаагийн машин урд айлын хажууд байна. Хажуугийн жалганд нь согтуу юм уу, бие нь өвдсөн юм уу нэг хүн сонин дугараад байна” гэсээр орж ирсэн тухай айлын эзэн н.Ганзориг сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Улмаар Г.Ариунболд, н.Ганзориг нар нь жалганы хажууд очтол Б.Ханбаатар нь машиндаа унтаж байжээ. Харин эмэгтэйг цус нөж болсон байдалтай жалганаас олж, яаралтай эмнэлэгт хүргэсэн байна.
Б.Анир
URL: