Нүүрсийг ширхэглэж зарвал яасан юм, наймаачид аа

Утааны баг зүүх улирал үүд тогшиж эхэлснийг өчигдөр өглөөний цаг агаар нийслэлчүүдэд санууллаа.

Тэсгэм өвлийн жавар эхлэхэд хамгийн түрүүнд баярладаг хүмүүс нь худалдаачид биз. Ялангуяа, нүүрсний ченжүүд хөл нь газар хүрэхгүй. 30 кг нүүрс багтдаг байсан шуудай одоо ганц кг-ыг багтаах гэж худалдаачидтайгаа арай чамай “тэмцэж” байна.

“Нулимчихсан юм шиг л хэмжээтэй болж дээ, энэ шуудайтай нүүрс” гэж “Цайз” захаас түлшээ базаахаар ирсэн иргэн Б.Сайхнаа хэлсэн. “Цаанаасаа ирж байгаа нь л энэ. Бид дундаас нь идэж, багасгаад байгаа юм байхгүй” гэж худалдаачин бухимдангуй ярьсан юм. Худалдаачин, худалдан авагч хоёрын дунд үл ойлголцол үүссэнээс өөр сонголт үлдсэнгүй.

Нэг тонн нүүрс 22 мянган төгрөг

Уурхайн аман дээрээс нэг тонн нүүрсийг 22 мянган төгрөгөөр худалдаалж байгааг уурхайнхан хэлдэг. Харин 30 кг нүүрсний үнэ яаж яваад нийслэлд ирэхээрээ хоёр кг ч хүрэхгүй шуудайтай нь 1500 төгрөгт хүрсний цаад учрыг Улаанбаатарчууд ойлгохгүй нь.

Ямар сайндаа эгдүүцэж бухимдсан иргэн Б.Наран “Ер нь худалдаачид нүүрсээ ширхэглэж зарвал дээргүй юу” гээд сууж байх билээ. Наймаачид нүүрсний ханшийг зохиомлоор өсгөнө, харин эрчим хүчнийхэн цахилгааныхаа үнийг үндэслэлтэй хэмээн бас нэмнэ.

2014 он хүртэл цахилгаан, дулааны үнийг дөрвөн үе шаттайгаар өсгөхөө Эрчим хүчний газар мэдэгдсэн. 70 тэрбум төгрөгний алдагдалд орсон хэмээх шалтгаанаар тэд ийн шийдсэн хэрэг. Гэтэл нүүрсний асар их нөөцтэй гэж өөрсдийгөө дэлхий дахинд алдаршуулаад байгаа манай Засгийн газар гадаадынхны хөлд дарагдсан долоо хоногийг үдээд байна.

АНУ, Өмнөд Солонгос, Финланд, Герман гээд манай гаригийн толгой гүрнүүдэх оронд маань зочилж, “Монгол шиг баян улс байхгүй” хэмээн шагширсаар буцсан биш үү. Гэтэл иргэдийнх нь амьдрал шуудай нүүрсний үнэд захирагдсан хэвээр байгааг юу гэж тайлбарлах вэ.

Тавантолгой гэж улстөрчид нь маргалдаж, бялуу хуваах тухай дээр, дооргүй зүүдэлж байхад энгийн ардын тулганд асах гал улам үнэтэй болж байна. Хятадууд эрчим хүчний өлсгөлөнд нэрвэгдэж, Монголын нүүрснийг хамгийн хямд үнээр тонн тонноор нь коксжих нүүрсийг залгиж байхад “Загасчны морь усгүй” гэгчээр Монголчууд өөрсдөө шуудайны хэрүүлээсээ салаагүй байна.

Дэлхийн уул уурхайн хамгийн том компани “Би эйч пи биллитон”-ы өнгөрсөн оны хагас жилийн ашиг 72 хувиар өссөнийг “Блүүмберг” мэдээлсэн. Тэд 10 тэрбум ам.долларын хувьцаагаа буцаан татаж, төмрийн хүдрийн орлого нь нэмэгдсэнээр энэхүү ашиг бий болсон байна. Өөрөөр хэлбэл, нүүрсний ханшийн өсөлтөөс австралиудад 10 тэрбум “ногоон” өөрөө гүйгээд ирлээ. Харин манай улсад ашиг гэдэг ойлголт үгүй болж, хэн хүний халаасыг нүүрсний үнэ хоосолж байна.

Шударга өрсөлдөөнийг хэн өмгөөлөх вэ?

“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гээд өнөөх том том нэртэй хяналт шалгалтын байгууллагууд хаана байна аа” гэж “Цайз” захад ирсэн иргэн Б.Сайхнаа асуусныг энд уламжилъя.

Орлогоос нь хувь тооцож торгоно гэж ирээд л баахан сүржигнэсэн дарга нар хаачив. “Таны төлөө хууль ёс, шударга үнэнийг сахиулна” гэж сонгогдсон УИХ-ын гишүүд хэнтэй нуугдаж тоглоод байна аа.

Япон улсад Ерөнхий сайд нь амласандаа хүрээгүйдээ суудлаасаа огцорч байхад манай улсад буг нь бурхан болчихоод байна. Ийм байхад эдийн засгийн өсөлт арван хувьд хүрнэ, Монгол хүний үнэ цэнэ, Монгол Улс дэлхийн дундаж орлоготой орон боллоо зэргээр үлгэр зохиохоосоо ичих цаг ирэх болов уу, манай дарга нарт.

Өнгөрсөн зургаадугаар сард импортлогч компаниуд нэгэн зэрэг шатахууныхаа ханшийг 110 төгрөгөөр өсгөхөд шударга өрсөлдөөнийг өмгөөлөх үүрэгтэй байгууллага дуг нойрондоо дугжирч байв. Жилээс жилд жижгирсэн нүүрсний шуудайг ч анхаарах завгүй зүүдэлж байсан. Иргэдийн халаас руу дураараа өнгийгчдийг хазаарлаж чадахгүй бол эдгээр байгууллага байгаад ч яах юм. Цалин авахын цагт татварт бараг талыг нь тайруулаад буцаж байгаа энгийн олон түмэн төсвийнхнийг л тэжээхийн тулд ийнхүү хөлс, хүчээ хөсөр хаяж байна. Хариуд нь иргэд нүүрс худалдан авахаа зогсоогоод, утаагүй түлшинд “урваж”, нийслэлээ хоргүйжүүлэх аянд нэгдэх зам л үлдлээ.

Ж.Цогзолмаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих