Тарваган тахлаар энэ жил есөн хүн өвчилсөн


Тарваганы бөөр, хүн мах залгисны улмаас амиа алдсан хэргийг манай сонин өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэхүү асуудлаар өнөөдөр Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ээс мэдээлэл хийж, иргэдийг ам дамжсан ярианы улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг анхаарууллаа.

Энэ жил тарваган тахал өвчний сэжигтэй есөн тохиолдол бүртгэгдснээс, Ховд, Хөвсгөл аймгуудад гурван хүн өвчилж, хоёр нь нас баржээ. Эдгээр өвчилсөн хүмүүс нь найз нөхөд, гэр бүлээрээ эмчилгээний зорилгоор,тарваганы эд эрхтэнийг (элэг, ходоод, дэлүү, цөс, хүн мах г.мэт) түүхийгээр залгиж, шүүрхий махыг хүнсэндээ хэрэглэсний улмаас халдвар авч, өвчилсөн байна.

МХЕГын Эрүүл ахуйн халдвар хамгаалалтын хяналтын улсын ахлах байцаагч Д.Баярдулам өмнө “Өдрийн сонин”-д өгч байсан мэдээлэлдээ “Бор гөрөөсний цус уух, адууны гуур хорхой, тарваганы цөс, хүн мах, чонын тархи, хэл, ходоод зэргийг түүхийгээр хэрэглэх нь хүний бие махбодид, тэр дундаа ямар нэгэн өвчин эмгэг туссан үед хэрэглэх нь тустай гэдгийг анагаахын шинжлэх ухаан одоог хүртэл батлаагүй байгаа.

Гэтэл ходоод өвдвөл чонын ходоод сайн, адууны гуур идэх нь хоолойн хорт хавдар, бүдүүн гэдэсний хямралын үед тустай, яргуй идсэн гөрөөсний халуун цус уух нь биеийн дархлааг сайжруулдаг гэх зэргээр иргэд ам дамжин ярьдаг. Зарим нэг нь бүр ингэж хэрэглэхийг бусдадаа зөвлөдөг. Харамсалтай нь энэ маягаар өвчнөө анагаах гээд бие нь улам хүндэрсэн, бүр нас барсан тохиолдол гарах болсон. Хамгийн сүүлд гэхэд есдүгээр сарын 20-нд Хөвсгөл аймагт тарваганы элэг цөс, хүн махыг түүхийгээр нь залгисан гэж байгаа юм.

Гэтэл үүнээс хойш хоёр гурав хоногийн турш халуурч байгаад 24-нд эмнэлэгт хүргэгдэж ирээд, төд удалгүй нас баржээ. Задлан шинжилгээгээр талийгчийн ясны чөмөгнөөс тарваган тахлын нян илэрсэн учраас үхлийн шалтгаан нь тарваганы элэг цөс, хүн махыг түүхийгээр нь идсэнээс болсон гэдэг нь ийн баталгаажсан” хэмээн мэдээлж байсан юм.

Иймээс ард иргэд ам дамжсан цуу ярианд итгэж тарвага болоод бусад амьтны эд эрхтнийг түүхийгээр хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих