Амьдад минь хүчинтэй гэрээслэл

Таван хэмжээст ертөнц

-Юунд итгэж “үнэнч царайлж”, юунд ингэж их зантай байдаг байна аа? Өтлөхгүй юм шиг сэхүүн, хууртахгүй юм шиг үнэнч амьдрах хэрэг юун? Тэглээ гээд хажуудах чинь ойлгох уу?

- Насаараа нэг хүнийг алдаа бүхэнтэй нь хүлээн зөвшөөрч, болсон болоогүй хамт амьдрахыг гэрлэлт гэх үү?

- Мөнх залуугаараа байх биш. Заавал нэг хүнийг харж, эрх чөлөөгүй амьдрах учиртай гэж үү?

Гоо сайхны төлөөх чимээгүй тулаанд бараг хүн бүхэн өөрөө өөртэйгөө дайтаж “нүнжиг заадаг” болсон өнөөгийн нийгэмд муухай хүн байлаа юу? Муухай хүн ингэж ховордсон “гоёдуу хорвоод” нэг иймэрхүү үг сонсож, эсвэл сонсгож байсан хүн байхгүй гэвэл бас арай л “арай” юм даа. Өөрөөсөө ч болов асууж суусан “нууцлаг” агшин хэн хүнд тохиосон л байж таараа. Эсвэл магадгүй хэзээ нэгэн цагт сэтгэлийн чинь үүдийг ийм асуултууд тогшиж бас мэдэх…

“Амар тайван амьдралыг минь юу л гэх гээд өдөөд байна” гэж үү? Уучлаарай л даа. Тоглож байхад, яасан амархан уурлаж байх юм? “Тэгэлгүй яадаг юм би ханьтай хүн” гэж үү? Тиймдээ бид “ханьтай” юм чинь ийм үгэнд уурлах нь арга байж уу…

“Аав ээж нь дийлэхээ больсон айлын хүүхдийг үрчилж авахыг гэрлэлт гэнэ”

“Бал сарын даллага” авсан намрын өдрүүдэд хаа сайгүй хуримын цуваа таарч, залуу хосуудын жаргалтай царай энд тэндгүй гэрэлтэж байхад цахим ертөнцийн хаана нь ч билээ дээ нэг ийм дэмий шахуу үг тэнэж явах юм. Тэгэхдээ болоогүй ээ бас, өчнөөн лайк авчихсан энэ тэр. Инээдтэй ч юм шиг. Эмгэнэлтэй ч юм шиг. Яасан гэнэ ээ. Үрчилж аваад байхдаа яахав дээ. Шар хөдлөв байна. Ийм дээрээ тулвал ч харин түрүүнээс хойш унтууг чинь хөдөлгөөд байгаа “дэггүй” хэдэн асуултынхаа төлөө хүлцэл өччихөөд, хариуг нь өөрөөсөө хайгаад үзье байз.
10-8-8_700x700
Өргөмөл биш…

Аав ээж нь дийлэхгүй аргаа барсан айлын хүүхдийг үрчилж авахыг гэрлэлт гэж дэмжээд лайкдаад байгаа хүмүүст гэрлэлтийн талаар оновчтой тодорхойлолт олчих санаатай хайтал википедиа нэвтэрхий толинд: “Гэрлэлт гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүн хоорондын харилцаагаа илүү гүнзгий, дотно хэмжээнд байлгах зорилгоор цаашид хамт амьдрахаар тохиролцсон шийдвэр гаргаснаа бусдад илэрхийлж буй гадаад хэлбэр. Монгол хэлний “гэрлэлт” хэмээх үг нь “гэрээ” гэсэн үгнээс гаралтай бөгөөд 2 хүний хоорондын гэрээ юм. Гэрлэлтийн эсрэг үг нь салалт. Ийм учраас гэрлэлтийг мөн нийлэлт гэж ойлгож болох юм…” гэжээ.

Өө хөөрхий ердөө энэ үү. Юу гэчив ээ? “Бид хоёр хамт амьдрах гэж байгаа шүү” гэдгээ л зарлаж байгаа гадаад хэлбэр төдий гэж үү? Тэгээд юу гэнэ үү, бас? Гэрээ гэв үү. Гэрээний нөхцлүүд нь юу байж таарах уу? Мөнгөнд дуртай нь мөнгөн гэрээ, мөнгөгүй болчихоор нь яах нь байх нь уу? Сайханд нь болоод гэрлэсэн бол гоо сайхныг нь батлан даах гэрээ. Хөгшрөөд ирэхээр яах юм болж байна? Нэхэмжлэлийг нь барагдуулах нас хүрэхгүй. Сэтгэлд нь болоод суусан бол сэтгэлийн гэрээ зөрчигдвөл сэтгэлийн өрийг цайруулах амаргүй. Ингээд бодоод байхаар гэрээ л юм чинь хоёр тал гэрээний нөхцлийг харилцан дагах үүрэгтэй. Гэрээ л юм чинь дагахгүй бол яах нь уу? Гэрээгээ цуцлах нь байна. Өө, тийм бас юу гэлээ. Нийлэлт. Я. Цэвлийн толинд энэ үг нь “нэг дороо давхцах, өөр хоорондын нийлсэн хэсэг, цуваа тоонууд нэг цэгт нийлэх” гэсэн утгатай аж.

Гэрлэлтийн энэ тодорхойлолтоос яаж хичээгээд ч жаргал зовлонгоо хуваалцах, харилцан бие биедээ буулт хийх, нэг нь нөгөөгийнхөө гүйцээлт болох, үр хүүхдийнхээ төлөө сэтгэлээ нэгтгэж, өнөр өтгөн жаргах, бие биеэ хайрлах гэсэн залуу гэр бүлд авууштай утга олсонгүй. Харин ч “болохгүй бол тэгээд салахгүй юу доо” гэсэн битүү утга агуулах шиг. Ийм байхад гэр бүл салалт ихсэхгүй гээд ч яах билээ…

Үрчилсэн, үрчлүүлсэн алин болохоо мэдэх гэж жаахан шаралхсан минь харин ханьтай байхын утга учрыг дахин нэг ухааруулах шиг.

Инээмсэглэх минь даашинзнаас минь илүү зохьдог, гомдох минь үнсүүлэхийн төдийд арилдаг талын салхи шиг омголон, аавын л хайртай охин. Сул асгарсан үсээ туузнаас илүүгээр гоёж амжаагүй юм байж, нэг тийм ихэмсэгдүү. Шооч инээдээ барьж дийлдэггүй галзуу юм байж, нэг тийм нэрэлхүүдүү. Гэр, сургууль, номын сан гэдэг цөөхөн маршруттай 4 жилийн аялалдаа огтхон ч цуцаагүй, гэнэн томоогүй насаа цагаас нь эрт гээгээгүй ээжийн даруухан охин. Элэг бүтэн амьдралдаа ташуурч дураараа өсөөгүй ч, ижий аавдаа л туниж танхил өссөн. Хацартаа эрхийн хонхортой, харцандаа жаргалын очтой тэр нэгэн бүрэг охин.

Навчис хөглөрсөн тэр нэгэн урт намраас өмнөх миний төрх энэ. Мөрөөдөл бүхэн минь биелдэг үлгэр шиг амьдрал хүсэж чадалгүй, мөнгөний төлөө шунаж ч амжилгүй нэг л мэдэхэд би гэрлэж. Зүүд байсан болоосой гэмээр хар дарсан амьдралаар амьдарсангүй. Үеийн охидтой сэлгүүцэхээс сэмхэн бултчихдаг зүгээр л нэг тийм гэр амьтай хүн болчихож. Өглөө бүр ажилдаа яардаг, орой бүр гэрлүүгээ яардаг жаргалтай монгол эрийн гэргий болчихсон юм байж гэрлэлтийн тухай интернетийн  сэтгэгдэлд тэгтлээ яагаад эгдүүцсэн юм бол доо. Хуримын даашинз өмсөх гоё байсан болохоор нь, хос бөгж солилцох романтик байсан болохоор нь лав би гэрлээгүй юмдаг…

Ядам хуруун дахь бөгжөө нууж байсан удаагүй ч, инээд минь намайг чимсээр байхад, омголон ааш минь хэвээрээ байхад хэн нь ч хэндээ дурлаж болдог амрагийн энэхэн ертөнцөд надад дурласан эрчүүдийн харцаас нүүр буруулдаг минь учиртай…

Надтай гэрлэснийгээ сайхныг минь л өмчирхөн эдлэх “эрхийн хуудас” гэж эндүүрэлгүй, муухай байсан ч насаараа хайрлах “шүүхийн тогтоол” гэж ухаарсан тэр сэтгэлийг нь би ханиасаа олж харсан бололтой. Зөрчиж ч болдог, цуцалж ч болдог гэрээн дотор амьдарснаас ганцхан надаас шалтгаалдаг нэг талт гэрээг өөртэйгөө байгуулж, үхэх хүртлээ зөв мөртэй явъя гэсэн бололтой.

Хөлгүй доголон болчихвол минь үүрээд намайг явнаа гэж, хараагүй сохор болчихвол минь гараас минь хөтлөөд алханаа гэж, таг дүлий болчихвол эм уух сэрүүлгийн минь дууг сануулнаа гэж, хүмүүс бүгдээрээ надаас зугтах галзуу өвчин туссан ч ганцаараа надаас ичилгүй мөрөөс минь түшинэ дээ гэсэндээ би цэгнэх хэрэгтэй үед нь, цэгнэх хэрэгтэй газарт нь инээдээ ч хүртэл цэгнэж чадах “тэвчээр” гэдэг гэрээслэл өөртөө бичсэн минь ийм учиртай…

Ийм л мулгуу хайрыг минь даах хувьгүй бүдэрвэл нь харин уучлаарай гэдэг үгээр хур буулгасан ч уучлахгүй, амьддаа хэзээ ч уруул давуулж үзээгүй “хохь чинь” гэдэг ганцхан үгтэй “нэхэмжлэл” ханьдаа биччихээд өв хөрөнгийн төлөөх гэрээсгүй үхлийн дараах ертөнц рүү зоригтой нисэж чадна аа.

Айлын өргөмөл хүүхэд шиг амьдарчихаагүй байгаа гэж өөртөө тавьсан сорил минь ханьдаа хийх вакцин минь байг дээ.

Надад алдарсан сэтгэл бүхнээс уучлал эрж, намайг чиглэсэн харц бүхнээс зугтаан байж хэлье. Гэрлэлт надад ийм л үнэтэй. Сүүлийн бороо, анхны цастай давхацсан хуримын эзэд ч мөн насаараа нэгэндээ эрхэм байгаасай.

Ч.Өлзийням

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих