“ИТХ: Төлөөлөгчдийн манлайлал” сургалт Говьсүмбэр аймагт эхэллээ

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, төслийн үндэсний захирал Б.Болдбаатар өнөөдөр /2015.10.08/ Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нарт зориулсан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал: Төлөөлөгчдийн манлайлал” сургалтыг нээж, үг хэллээ.

Нээлтэнд Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр, аймгийн ИТХ-ын дарга Д.Баянжаргал болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Уг сургалтаар ИТХ-ын төлөөлөгчдөд Судалгаа-шинжилгээ хийх арга зүй, Хяналт-шинжилгээ, үнэлгээ буюу ИТХ-аас шийдвэрийн биелэлтийг тооцох нь, Төлөөлөгчдийн манлайлал, Манлайлагчийн хөгжил, Нутгийн өөрөө удирдах байгууллагаас бусад байгууллагуудтай харилцах үйл ажиллагааны үндсэн хэлбэрүүд зэрэг агуулгаар төслөөс бэлтгэгдсэн сургагч багш нар болох Говьсүмбэр аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Батжаргал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ө.Цогбадрах, Д.Сүрэнжав, А.Идэрпүрэв нар хичээл зааж байна.

Энэхүү сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд аймаг, сумдын 30 тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нар хамрагдаж байна.

2013 оны 06 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн уг төсөл нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх, Төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгох, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих