УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Г.Уянга нар мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Г.Уянга нар өнөөдөр /2015.10.08/ Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 11 тоот дүгнэлт болон Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 357 дугаар тогтоолыг судалдсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын даргын 203 тоот захирамжаар байгуулагдсан дээрх Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж ахалсан бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Г.Уянга нар багтжээ.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж хэлэхдээ, Хөрөнгө гаргах тухай Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 357 тоот тогтоолыг судалж үзэхэд Үндсэн хуулийн 25 жилийн ой тэмдэглэх, түүнд 933.9 сая төгрөг зарцуулах саналыг Үндсэн хуулийн цэц анх боловсруулсан байна. Ерөнхийлөгчийн Тамгын газарт энэ талаар амаар танилцуулж байсан гэх боловч албан ёсоор хандсан баримт бичиг байхгүй байна. Үндсэн хуулийн цэцийн ажлын албанаас боловсруулсан гэх төслийн зардлын тооцоог хэн, хэрхэн гаргасан нь ойлгомжгүй, уг тооцоо үнэн, зөв эсэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын түвшинд ч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын түвшинд ч нягталж үзээгүй байна гэлээ.

Мөн тэрээр 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр яамнаас санал ирээгүй байхад Засгийн газар уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэж 357 дугаар тогтоол гаргаж 331.0 сая төгрөг нөөцөөс гаргахаар шийдвэрлэсэн байгааг хэллээ. Түүнчлэн Засгийн газрын автобааз Үндсэн хуулийн цэцийн даргын албаны хэрэгцээнд 195.0 сая төгрөгийн Lexus-570 машин авч өгсөн бөгөөд энэ ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зохион байгуулж, урьдчилгаа төлбөрийг 09 дүгээр сарын 10-нд төлсөн талаар мэдээлсэн юм.

Мөн энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар болон УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн саналын талаар мэдээлэл өгсөн юм.

Мэдээллийн төгсгөлд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Г.Уянга нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих