“Азгүй” нам

Ардчилсан нам “азгүй” нам. Маш “азгүй” нам. Монголын төрийн жолоог атгах тоолондоо “самардаг”, тийм л азгүй нам. АН-ын дотоод зөрчил тогооноосоо хальж төрийн ордонг “самрах” дөхөж байгааг монголчууд харж л сууна. Төрийн гурван өндөрлөг нь хэл амаа ололцож чадахгүй болохоор гар хөлөө хөдөлгөсөн сураг бас чих дэлсээд л авсан.

Ийм л “азгүй” нам. УИХ-д олонхи болохоороо фракцууд нь учраа олохоо байж, сандал ширээний төлөө нүдэхээ ухаж өгөхөөс ч сийхгүй тийм л хүмүүс. Ямар сайндаа л МАН-ыг засгаас хөөчихөөд орон гарсан сайд нарын суудал дээр яаж алалцлаа даа, чааваас. Аргаа барсан тэд, хууль зөрчин байж зургаан сайд томилсон болоо биз дээ.

Одоо тэд дахиад л бужигнана. Гуравдугаар ээлжийнхэн сонгуулийн өмнө “хоолондоо” орох гээд улайрч байгаа. Энэ бужигнааны хохирогч нь Ч.Сайханбилэг. Цаашлаад хамгийн том хохирогч нь монголын ард түмэн.

Ийм л “азгүй” нам болохоор гадаадын хөрөнгө оруулагчид АН-ыг засаг толгойлохоор зугтаагаад явчихдаг. Үүнийгээ цэвэрхэн гэгч нь МАН-д нааж орхино. Улсынхаа эдийн засгийг траншейны нүх рүү унагачихаад “Бид МАН-ын баасыг цэвэрлэж яваа” гэж хээвнэг худал зална. Мөн ч ичих нүүргүй улсууд шүү дээ, АН-ынхан. Сүүлдээ бүр “МАН азтай. Тэднийг засаг барьж байх хугацаанд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ өндөр байсан.

Харин биднийг засаг толгойлох хугацаанд өндөр байсан үнэ уначихлаа” гэж зална. Уг нь тэдний ингэж “гунигт дуу аялах нь” аргагүй юм. Тэд Монгол Улсыг барьцаанд тавиад асар их зээл авчихсан хүмүүс шүү дээ. Монголын толгой эдийн засагчид байтугай олон улсын шинжээчид ч өнөөдрийн эрх баригчдын эл үйлдлийг “толгойгоо гашилтал” бодоод ч ойлгоогүй. Тухайн үед эх орноо барьцаанд тавьж бонд босгох ямар ч шаардлага байгаагүй гэдгийг захын эдийн засагч хэлээд өгнө.

Уг нь өнөөдөр тэдний чихэнд чимэгтэй сонсогдохгүй, сүүлдээ адлагдах маягтай болж байгаа 17.6 хувийн өсөлттэй явсан эдийн засгийг МАН, АН хоёр хамтарч бий болгосон юм шүү дээ. УИХ-д МАН олонхи байсан болохоос биш Засгийн газрыг МАН, АН хамтарч бүрдүүлсэн санагдах юм. Тийм байтал 17.6 хувийн өсөлттэй явсан эдийн засгийг зүгээр л “тоо” гэх юм даа.

2008-2012 оны хооронд “Хүний хөгжил” сан үүсгэн монголын иргэн бүрт 21.000 төгрөг тараасан нь МАН-ын гавьяа. Өнөөдрийн эрх баригчид босгосон бондын мөнгөнөөсөө ард түмэнд хэдийг илүүчилсэн бэ. Тэд илүүчлэх нь байтугай өөрийн хүнээсээ нуугаад өөрсдөө идэж уугаад дуусгасан нь бодит үнэн. Эхнээсээ дээлээ нөмрөөд аавынх руу явж байна.

Хэдэн зуун саяар биш хэдэн тэрбумаар идэж байгаа эрх баригчдын эсрэг дуугарсан нь бурууддаг болсон цаг юм. АН-ынхан бондын мөнгөөр үхмэл цэцэг тарьж, хогийн ногоон уут тарааж, хэдэн зам зассан болсон. Ард түмэнд наалдсан юм үнэндээ л харагдахгүй байгаа нь харин чин үнэн. Эсрэгээрээ ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа нь ч үнэн. Бондын мөнгөөр дураараа дургисан эрх баригчид дансаа улайлгачихаад төрийн албан хаагчдын халаас руу өнгийж байгаа нь ч үнэн.

Бүр сүүлдээ яам, агентлагийг татан буулгаж байшин барилгыг нь дуудлага худалдаанд оруулна гэнэ дээ. Эрх баригчдын луйвар арай л цагаандаа гарч байгаа юм биш үү. Тэдгээр барилгыг дуудлага худалдаанд оруулсан болоод өөрсдөө луйвардах гэж байна, цаана чинь.

Өнөө 1996-2000 оны хооронд явагдсан өмч хувьчлалаар АН-ын автортай “гэнэт баяжигчид” төрдөг шиг… “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэг чинь энэ дээ… Сонгууль болохоос өмнө ямар ч аргаар хамаагүй мөнгөжих нь эрх баригчдын гол зорилго. Ардчилсан нам ийм “азгүй” нам. Тэд одоо гунигт дуу аялаад ч газар авахаа больсон. Ард түмэн тэдэнд итгэсэндээ харамсч суугаа.

МАН “азтай” нам. Тэд засаг толгойлох тоолонд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ өсдөг. Ийм л “азтай” нам. МАН засаг толгойлсон үед монголын ард түмний нуруу арай тэнэгэр байдаг. Ирэх жилийн сонгуулийн дараа дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ огцом өсөх вий дээ. Гадаадын хөрөнгө оруулагчид гэнэт монголд хайр зарлах вий дээ.

Угтаа өнөөгийн эрх баригчид хүн шиг төрөө аваад явчихдаг бол гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ буруулахгүй. Гэтэл тэд байн байн засгаа унагаад, төрөөр тоглоод байхаар чинь хэн итгэж гэрээ хийх юм бэ. Ядаж нэг удаа сонгуульд ялсан юм бол Засгийн газар чинь дөрвөн жил тогтвортой байж болдоггүй юм уу. Тэгж байж гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлнэ биз дээ.

МАН-ын үед гадаадын хөрөнгө оруулагчид нааштай ханддаг байсан нь засаг тогтвортой байсны гавьяа. Ядаж л дөрвөн жил засаг нь ганхахгүй, толгой өвдөхгүй ажлаа хийж болно гэж боддог болохоор тэр. Нарийндаа бол АН “азгүй”-дээ биш арчаагүйдээ Монгол Улсыг өнөөдрийн байдалд хүргэчихээд байгаа юм.

Тэдэнд улс аваад явчих бодлого алга. Улс байтугай намаа аваад явчих бодлогогүй хүмүүс төрийн жолоод гарсны горыг монголчууд амсаж явна. Өөрийн алдааг өрөөлөөс битгий хай, эрх баригчдаа. Эхлээд нам доторхи фракцынхаа учрийг олчих. Дараа нь улсаа авч явах тухай яривал чихэнд арай чимэгтэй сонсогдоно.

Ц.Анир


URL:

Нэр: зочин Огноо: 8 October 2015

Үнэн шүү

Сэтгэгдэл бичих