Сонгуулийн дараа цомхотгоно гэв үү?

10-8-1_700x700
Сангийн сайд Б.Болор өчигдөр “Сайдын цаг” уулзалтад оролцов. Тэрээр ирэх оны төсвийн зардлыг хэмнэхийн тулд зарим яам агентлагийг татан буулга, чиг үүрэг нь давхардсан яамдыг нэгтгэнэ гэлээ. Ингэхдээ Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн газартай нэгтгэж, Төрийн өмчийн хороо, Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгахаар болс­ныг дуулгалаа. Өөр олон харьяа газар, сан, төс­лийн нэгжүүдийг татан буул­гана. Үүнийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх юм байна.

Мөн Засгийн газрын одоо байгаа 15 яамыг ес болгож цөөлөх гэнэ. Ерөнхий чиг үүргийн дөрвөн яам буюу Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хууль зүйн яам, чиглэлийн таван яам болох Батлан хамгаалах яам, Гэгээрлийн яам, Дэд бүтцийн яам, Хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам байхаар өөрчилжээ. Тиймээс энэ өөрчлөлтөөр Эрүүл мэнд, спортын яамыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай нэгтгэж, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам болгоно. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн яамыг Аж үйлдвэрийн яамтай, Барилга хот байгуулалт, Эрчим хүч, Зам тээврийн яамдыг нэгтгэн Дэд бүтцийн яам болгох юм байна. Харин энэ өөрчлөлтийг 2016 оны наймдугаар сарын 1-нээс хийнэ гэв.

Эндээс үзэхүл, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэдэн агентлаг татан буугдаж, заримыг нэгтгэх нь тодорхой болж байх шиг байна. Харин яамдыг нэгтгэж, цөөлнө гэдэг юу л бол. Учир нь 2016 оны наймдугаар сарын 1 гэдэг УИХ-ын сонгууль болж өнгөрөөд, шинэ олонх төрчихсөн байх цаг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр “хэмнэх” шийдвэрийг гаргаж буй эрхмүүд ирэх жилийн өдийд байх уу гэдэг асуулт гарч ирнэ. Тийм болохоор энэ нь биелэх боломж багатай, ард түмэнд хэмнэнэ, төрийн данхар бүтцийг хумьж байгаа гэдэг “сайхан мэдээ” болж харагдах утгаараа популизм гээч нь болж таарав бололтой.

Б.Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих