Инфляци айлгасаар байна
Дэлхийн банкнаас Монгол улсын эдийн засгийн тоймыг гаргажээ. Тус банк оны эхнээс инфляци өсөх магадлал өндөр байгаа гэж хэд хэдэн удаа сануулсан. Монгол банкны зүгээс энэ сануулгад тийм ч ач холбогдол өгөөгүй. Харин ч дараахан нь мэдээлэл хийж инфляциас айх хэрэггүй гэсэн агуулгатай мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байсан.
Гэвч Дэлхийн банкнаас гаргасан эдийн засгийн тоймд инфляци өндөр түвшинд хүрчээ Улаанбаатар хотод инфляцийн түвшин долдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.4 хувь, өмнөх сарынхаас 5.5 хувиар өссөн дүнтэй гарсан байна. Эрчим хүчний болон хүнсний тогтворгүй үнийг оролцуулалгүйгээр тооцвол суурь инфляци өмнөх оны мөн үетэй харьцуулахад үүнээс ч хурдтайгаар буюу 13.7 хувиар өссөн гэнэ. Инфляци хөөрөгдсөн шалтгаан нь олон улсын байгууллагуудын зүгээс анхааруулж байсан төсвийн зардал. Төсвийн зардал 27 хувиар нэмэгдсэн аж. Энэ мөн Дэлхийн гөний дийлэнх нь эх орны хишиг, нийгмийн халамж, цалингийн нэмэгдэлд хаяглагдсан.
Тэгэхээр төсвийн бодлогодоо анхаарахгүй бол инфляци хүрээгээ хумихгүй нь гэдгийг энэ тоймоос харчихаж болохоор байна. Сангийн сайд 2011 оны төсвийн тодотгол, 2012 оны төсвийн төслийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Өмнө нь Тавантолгойгоос олох мөнгөн дээр үндэслэж тодотгол хийнэ гэж байсан бол явцын дунд төлөвлөснөөс их хэмжээний мөнгө олж байгаа учир тодотгол хийхээр болсноо мэдээлсэн. Эхний долдугаар сарын байдлаар 248.8 тэрбум төгрөгийн орлого нэмэгджээ. Мэдээж энэ нь импортын хэмжээ 50 хувиар өссөнтэй холбоотой. Төсвийн тодотголоор одоо байгаа дээрээ 230 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зарцуулахаа дуулгав. Тодотголын дараа төсвийн зарлага 680.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төсвийн алдагдал ДНБ-ий 9.9 хувьтай буюу нэг их наяд төгрөгт хүрнэ. Тэгэхээр төсвийн тодотгол намрын чуулганы эхэнд хэлэлцэх асуудлын нэг байх нь. Ерөнхий сайдын бодлогын нөөц гэсэн хөрөнгийг 2007 оноос хойш гаргаж эхэлжээ. Ерөнхий сайд асан С.Баяр эрх мэдлийнхээ хүрээний энэ мөнгийг “Атрын III” аянд зориулж байсан бол Ерөнхий сайл С.Батболд энэ мөнгөнийхээ дийлэнх хувийг цалин, тэтгэврийн нэмэгдэлд зар цуулахаар болжээ.
Төсвийн хувьд багагүй хэсэг нь өнгөрсөн сонгуулийн амлалтад зарцуулагдах нь тодорхой байгаа. Ингээд бодохоор лав л энэ жилдээ инфляцийн асуудлаас гарахгүй нь. Инфляцид хамгийн их өртдөг, ихэнх хохирлыг амсдаг хэсэг бол амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой иргэд. Өөрөөр хэлбэл нийгмийн анхаарах учиртай хэсгийнхэн мөнгөний буруу бодлогын хохирогчид болдог. Тус банкны тайланд “2002-2008 оны эдийн засгийн өндөр өсөлтийн үед ядуурлын түвшин бодитойгоор буурсан. Бид өнөөгийн эдийн засгийн өсөлтийг мөн ядуурлыг бууруулах чиг хандлагатай байна гэж үзэж байна. Гэвч өмнөх эрчимтэй өсөлтийн төгсгөл үед инфляцийн түвшин огцом нэмэгдсэн нь нийгмийн эмзэг бүлгийнхэнд сөргөөр нөлөөлснийг эргэн санах хэрэгтэй. Иймд төсвийн хэт зарцуулалтыг хяналттай байлгаж мөн мөнгөний сул бодлогоос зайлсхийх замаар инфляцийг хязгаарлах нь өнөөгийн эдийн засгийн эрчимтэй хөгжлийн үед ядуурлыг амжилттай бууруулах үндэс болно” гэж онцолжээ.
Мөн “Төсвийн зардал ийнхүү ихээхэн хэмжээгээр нэмэгдэж байгаа явдал мөчлөгөө дагасан төсвийн зам уруу эргэж оруулах аюултай. Үүний эсрэг бодлогыг 2010 онд Төсвийн Тогтвортой Байдлын Тухай хуулиар баталсан. Гэвч энэ хуулийн үндсэн зарчим (ЦНБ-ийн хоёр хувьтай тэнцэх төсвийн тэнцэл) нь 2013 он хүртэл хүчин төгөлдөр болохгүй бөгөөд уг хугацааг хүртэл хуулийн хэрэгжилт, ялангуяа 2012 оны сонгуультай холбоотой эрсдлүүд байсаар байна. УИХ-ын олонхийн саналаар дэмжигдсэн энэхүү хууль байгалийн баялаг ихтэй улс орнуудад тохиолддог нийтлэг алдаанаас тухайлбал, “Голланд өвчин”-ээс урьдчилан сэргийлэх, түүнээс зайлсхийхэд туслах юм. Монгол орны эдийн засгийн цаашдын чиг хандлага дэлхий нийтийн макро эдийн засгийн хүчин зүйлээс ихээхэн хамаарна.
Тухайлбал, дэлхийн эдийн засгийн өнөөгийн тодорхой бус байдал, ирээдүйн чиг хандлага сул байгаа зэрэг нь анхаарах зүйлс болоод байна. Хэрэв дэлхийн эдийн засаг дахин унавал Монгол Улс шиг жижиг, нээлттэй эдийн засаг гарцаагүй өртөгдөнө” гэсэн сануулга өгчээ. Анхаарахаар үг, бодохоор сануулга гэж бодож байна. Гэхдээ төсвийн зарлага, зарцуулалтын асуудал 2012 он хүртэл өнөөдрийнх өөс сайжрах нь юу л бол. Улстөрчид сонгуулийн өмнө амлалтаа биелүүлэх гэж нэлээд юм болох нь тодорхой. Ирэх сонгуулийн дараагаас уул уурхайгаас орж ирэх мөнгийг урсгал зардалд биш, бодитой зүйлд зарцуулах тал дээр анхаарна гэж найдах л үлдэж байх шиг байна.
URL: