Автобусны компаниудад 10 тэрбум 700 сая төгрөгийн орлого шилжүүлжээ
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн компаниуд иргэдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр өчигдрөөс эхлэн түр зогсолт хийсэн.
Тэд түр зогсолт хийсэн шалтгаанаа цахим системд шилжсэнээс хойш алдагдалтай ажиллаж, техник, сэлбэг хэрэгсэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг өгөх боломжгүй болсон гэж тайлбарлаж байгаа бөгөөд санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хүртэл үйлчилгээнд явах боломжгүй болсон гэж тайлбарласан.
Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар Смарт Карт” ХХК-иас өнөөдөр албан ёсны мэдээлэл хийлээ. Тэд ““Худалдаа хөгжлийн банкнаас манай данс руу өдөрт ойролцоогоор 180-200 сая төгрөг орж ирдэг. Бид тэр мөнгийг зохих журмын дагуу төлөвлөж хуваарилалтаа хийгээд Нийтийн тээврийн газраар хянуулаад 2 хоногийн дараа автобус компаниуд руу шилжүүлдэг.
Өнөөдрийн байдлаар аравдугаар сарын 2-ныг хүртэл бүх орлого шилжсэн. Харин аравдугаар сарын 3-ны орлогыг тооцоод бодоод явж байна. Цахим системд шилжсэнээр Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа ААН-үүдийн өдөр тутмын орлогыг бид бодит үнэлгээгээр гаргаж байгаа давуу талтай болсон. Манай компанийн зүгээс ямар нэг бодлого, захирамжийн чанартай юм гаргадаггүй. Харин шинэ технологийг Улаанбаатар хотод нэвтрүүлж байгаа газар юм.
Автобус компаниуд ажил хаях болсон шалтгаанаа “Улаанбаатар Смарт Карт” ХХК хоёр сарын турш орлогыг нь өгөөгүйгээс болсон гэсэн мэдээлэл өгсөн байна лээ. Манайх төслийн ХХБ-тай түншилж ажилладаг. Бэлэн мөнгөний орлогыг тус банк автобус баазууд дээр очиж, цуглуулаад, тоолоод лацаддаг. Бид мөнгийг манай дансанд орж ирсэн даруйд нь зохих журмын дагуу хуваарилдаг. Зохих журам гэдэг нь Нийслэлээс гаргаж өгсөн цаг, минутаар хуваарилах журам.
Долоодугаар сарын 29-нд манай төсөл нээлтээ хийгээд хэрэгжиж эхэлсэн. Тэр цагаас өнөөг хүртэл нийт 21 ААН 10 тэрбум 775 сая 798 мянга 15 төгрөг олоод бид зохих журмын дагуу хуваарилалт хийсэн. Мөн манайх 3 тэрбум 800 гаруй сая төгрөгийг автобус компаниудад зээлээр өгсөн. Энэ нь манай компанийн эргэлтийн хөрөнгө байсан. Үүнээс нэг тэрбум 831 сая төгрөгийг аж ахуйн нэгжүүдээс аваагүй байгаа. Одоо дэмжих ямар боломж байхгүй” гэлээ. “Улаанбаатар смарт карт” компани нийт орлогын 10 хувийг авдаг. Үүний 3.5 хувь нь тус компанид үлддэг аж. Энэ мөнгөөр хөрөнгө оруулалтаа нөхөж, үйл ажиллагааныхаа зардалд зарцуулах юм байна. Үлдсэн 6.5 хувийн нэг хувийг нь ААНОАТ-т, нэг хувийг сүлжээний зардалд, нэг хувийг банкны төлбөр тооцооны зардалд, нэг хувийг гэрээт карт цэнэглэгч байгууллагад шимтгэл болгож өгдөг аж. Мөн 2.5 хувийг энэ системийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд зарцуулдаг гэсэн юм.
Т.Болормаа
URL: