Сэтгүүлчид шинэчлэлээ нам-улс төргүй хийгээсэй
Сэтгүүлчид бусдын толгой дээрх харыг илүү тод харж, засч залруулах талаар түрүүлж дуугардаг хүмүүс. Мэдээж, сайн сайхныг нь хэлэхээс гадна болж бүтэхгүйг нь ч шүүмжилдэг учраас хэн хүнээс илүү хариуцлага үүрч амьдардаг. Тиймээс илүү хариуцлагатай, бас хийгүй байхыг нийгэм шаарддаг. Энэ нь ч зүй ёсных.
Сүүлийн үед сэтгүүлчид толгой байгууллага дотроо салхи савир оруулж, өөрчлөлт шинэчлэл хийх цаг болсон хэмээн дуугарч эхэлсэн билээ. Нийгмийнхээ түүчээ нь болж явах ёстой учраас бусдаас түрүүнд шинэчлэгдэж, бусдаас шинэлэг байх нь ч зөв биз. Залуу гэх тодотголтой сэтгүүлч нөхөд маань одоогийн МСНЭ-ийг “Удирдлагуудаа ярьж байгаад сонгочихдог эсвэл улс төрд зүтгэж байгаа хүмүүсийг томилдог” хэмээн шүүмжилж, сэтгүүлчдийнхээ эрхийг хамгаалахын тулд олон зүйлийг хөндөх цаг болсон гэж мэдэгдсэн билээ. Үнэхээр ч алхам тутамд хөндөгдөж байдаг сэтгүүлчдийн эрхийг хамгаалах тухай, нийгмийн асуудал, цалин хөлснөөс эхлээд тэдний хөндөж байсан сэдвүүд сэтгүүлчдийн хувьд асуудал мөн үү гэвэл мөн билээ. Ямартай ч амралтын өдрүүдэд ч цаг наргүй ажилладаг сэтгүүлчдийн төлөөлөл нэгэн бямба гаригт цугларцгааж, хэрхэн хамтрах талаараа ярилцацгаасан нь сэтгүүлчид цугларч асуудлаа ярилцах шалтаг, шалтгаан нэгэнт бүрэлдсэнийг баталсан юм.
Үүний дараахан буюу өнгөрөгч долоо хоногт МСНЭ-ийн Ерөнхийлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүл зүйн судлаач, доктор профессор Т.Баасансүрэн гуайн “Тэсэрч дэлбэрэхэд бэлэн болсон Монгол орон” хэмээх нийтлэл гарсан нь сэтгүүл зүйн хүрээлэлд багагүй шуугиан дагуулав. Өнөөгийн Засгийн газрын чадамж хийгээд Засгийн газрын тэргүүн С.Батболдын талаар сүүлийн үед хэвлэлүүдээр гарсан нийтлэлүүдийг судлаач, нийтлэлч хүний хувьд базаж, багцалж хийснээрээ жинтэй бүтээл болсон харагдсан. Уг нийтлэлд дурдагдсан зарим баримт өөрийн эрхгүй анхаарал татав.
Тэрбээр түүний хариуцдаг “МОНЦАМЭ мэдээ” сонинд нэгэн сайдын хаягаар шүүмжилсэн материал гарсны дараа ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар ихэд эгдүүцэн түүнийг зэмлэснийг дурдаад үүнийг нь чөлөөт хэвлэлд цензур тавих гэсэн оролдлого гээд улмаар С.Батболдын Засгийн газар чөлөөт хэвлэлд дургүй болж таарч байгаа юм хэмээжээ. Мөн “Үүнийг өнгөрсөн долоо хоногт бүр илүүтэйгээр мэдэрлээ. Хэсэг залуу сэтгүүлчид МСНЭ-ийн ажилд шүүмжлэлтэй хандаж шаардлага тавьж хурал хүртэл зохион байгуулсан. Түүнд дургүйцээд байх юу ч байхав. Ардчилсан нийгэмд байдаг л нэгэн үзэгдэл. Ажил сайжруулах гэж байвал хүлээж авах л ёстой. Гэтэл дээрх хурал болдгийн урьд орой саарал ордноос сонин мэдээ түгэв. МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр түүнийг, дэд ерөнхийлөгчөөр тэрнийг томилуул гэж үүрэг өгч гэнэ ээ гэсэн эл мэдээ хоромхон зуурт тарсан юм. Олон хүн янз бүрийн эх сурвалжаас энэ мэдээг олж мэдсэн байв. Үнэндээ би бол огт итгээгүй. Маргааш нь болсон хурлыг зурагтаар харлаа. Ерөнхий сайдын “нэрлэсэн” гэгдэх тэр хүмүүс хуралд маш идэвхтэйгээр тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож, ар араасаа босон үг хэлж харагдав” хэмээн уг нийтлэлдээ дурдсан байгаа юм. Шинэчлэлийн талаар үг дуугарч байгаа хүмүүсийн ярианд ч, нөгөө талд нь үгээ дайсан Т.Баасансүрэн гуайн бичлэгийг харахад ч Монголын сэтгүүлчдийн байгууллагын томилгоо, тэр дотор өрнөж байгаа үйл хэрэгт улстөрчдийн гар оролцдог тухай дурдагджээ.
Улстөрчдийн нөлөө хамгийн бага хүрч байх салбар уг нь сэтгүүл зүйн гал тогоо боловч амьдрал дээр алдагдаад л байдаг. Одоо харин сүүлийн үеийн өрнөөд байгаагаас харахад бүр гар бие оролцоод байгаа мэт ойлгогдохоор болоод байна. Сэтгүүлчдийн гал тогоонд өрнөсөн энэхүү халуун сэдвийг гаднаас нь харсан хүмүүс янз бүрийн л бодол дайж байгаа юм билээ. Зарим нэг нь эрх мэдлийн төлөө сэтгүүлчид хагаралдаж байна гэж байгаа бол зарим нь сэтгүүлчдийн байгууллагыг хэн нь өөрийн болгох вэ гэж улс төрийн хүчнүүд, улстөрчид өрсөлдөж байна гэх. Бас улс төр ярих дуртай зарим нь ерөөсөө МАН-ын фракц хоорондын тэмцэл гэж мэтгэнэ. Т.Баасансүрэн сэтгүүлчийн нийтлэлээс Ерөнхий сайд С.Батболд МСНЭ-ийн удирдлагыг авах гэж оролдож, хариуд нь одоогийн Засгийн газартай холбоотой бүхий л сөрөг мэдээллийг нэгтгэсэн нийтлэл бичигдсэн гэж хүмүүс дүгнэжээ.
Бас улс төрийн гаргалгаа ярьдаг хүмүүс “Энэ бол МАН-ын фракц хоорондын тэмцэл. Одоогийн ерөнхийлөгч Т.Баасансүрэн угаасаа МАН-ын Бага хурлын гишүүн. Тэгэхээр ах намынхан л хоорондоо үзэж байгаа хэрэг” гэлцэж байна. Дээрээс нь сонин хэвлэлүүдийн цаана нэг, нэг улстөрчид байдаг гэсэн яриа нэрмээс болж байна. Нэг ёсондоо сонин хэвлэлүүдийн цаана байдаг улстөрчид сэтгүүлчдийг наана нь утсан хүүхэлдэй болгон тоглуулаад байна гэж олон нийтэд харагдаж байгаа хэрэг л дээ. Дээр дурдсанчлан болж бүтэхгүй байгааг шүүмжилдэг болохоор сэтгүүлчид энэ хорвоогийн хамгийн эрсдэлтэй албыг хашдаг хүмүүс. Ямар хүн л шүүмжлүүлэхэд дуртай байдаг билээ дээ. Тиймээс сэтгүүлч худлаа бичсэн байна лээ гэж өөрийгөө хаацайлаад өнгөрөх нь олон. Муугаас нэр цэвэр үлдэх тэдний арга энэ.
Сэтгүүлчид рүү илүү муухайгаа чихнэ. Буруутан нь аанай л сэтгүүлчид болж хувирдаг. Уг нь салбар, салбарт шинэчлэл өрнүүлсэн үйл ажиллагаа өрнөдөг ч сэтгүүлчдийнх шиг анхаарал татах нь ховор юм.
Мэдээлэл цацах суваг нь өргөн юм даа. Одоо сэтгүүлчдийн хоёр талд хэлцэж буй энэ байдлыг олон нийт юу юунаас илүү анхаарч байгаа. Тэгэхээр сэтгүүлчид бид дотоодынхоо эл асуудлаа хэрхэн шийдэж чадахаас сэтгүүлчдийн тухай нийтлэг үнэлэмж шууд хамаарч таарна. Өнгөрсөн баасан гаригт МСНЭ-ийн одоогийн удирдлагууд, шинэчлэл ярьж байгаа сэтгүүлчдийн төлөөлөл уулзсан гэсэн. Хоёр тал хамтарсан ажлын хэсэг байгуулж, асуудлаа ярилцахаар болж.
Сэтгүүлзүйн гал тогоонд багтдаг олон хүн өнөөх л цаг наргүй ажлаасаа болж, үзэг цаасаа барих нь барьж, камер микрофоноо үүрэх нь үүрээд гүйж яваа. Тэд үгээ хэлж, ширээний ард сууж амжихгүй байгаа ч улстөрчдийн наадаан болж сэтгүүлчид хоорондоо маргалдсан бус харин тэднийхээ нийгмийн асуудлыг нааштайгаар шийдсэн шийдэлд хүрч, аль болох чадавхижуулж, мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн нэр хүндийг өргөсөн алхмыг хамтарч хийгээсэй гэж хүлээж суугаа. Бас сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллага улстөрчдийн зорилгоор бүрдүүлсэн баг биш юм шүү гэдгийг батлаасай хэмээн харж байгаа. Энэ удаагийн алхмаар сэтгүүл зүй улстөрчидтэй хамааралтай бус харин ч бүр хамааралгүй гэдгийг нэг талаас нотлоосой гэж хүсмээр байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эзэд нь хэн юм, хөрөнгө санхүүг нь гаргадаг улстөрчид цаад талд нь байна уу гэдгийг дурдаж цаашлаад хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төрийн нөлөөлөлгүй болгохын тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс тодорхой хувийг энэ салбарыг бэхжүүлэхэд зориулах тухай ч хөндөхөд болохгүй зүйл юу билээ. Нийгэмд, хүмүүст үйлчилдэг энэ салбарынхан ядуу байгаа талаар ярилцдаг. Энэ нь нөлөөнд автах эхний алхам болж байдаг ч гэдэг. Нөгөө талаас тэр хэдэн сэтгүүлчдэдээ салбарын дарга нь гэр гуйж, улстөрчид ч өөрөөсөө өгч байгаа мэт өгч орхидог жишээ бий. Ингэснээр улстөрчдийн аманд багтах эхний суурь болдог. Магад, нийгэмд үйлчилдэг гэдэг утгаар нь тодорхой төсөв гаргаад баталж байхад болохгүй юу байхав гэсэн яриа ч сэтгүүлчдийн дунд явдаг билээ. Албан ёсных болгосноор аль нэгэн улстөрч бус татвар төлөгчдийн татаасаар үнэн зөв мэдээллийг хүргэх дархан эрхээ тэд баталгаажуулна. Энэ мэтээр сэтгүүлчдэд ярилцана гэвэл асуудлууд зөндөө байна. Гэхдээ тэд аль нэгэн нам, улс төрийн хүчин, хэн нэгэн эрх дархтны нөлөөллөөр явдаггүй гэдгээ нэгэнт эхэлсэн энэ шинэчлэлийн тухай яриагаараа баталгаажуулах нь чухал.
Э.ЭНЭРЭЛ
URL: