Монгол хүн, монгол мал хоёр амин холбоотой


1959 онд Вьетнамын удирдагч Хо Ши Мин Монголд айлчлах үеэрээ өөрийн гэсэн малтай болохоор шийдэж, тэр цагийн Монголын удирдагч Ю.Цэдэнбалд санал тавьсаны дагуу таван хошуу мал бэлэглэж, тэднийгээ хүргэж өгөхөөр 1959 оны 11 дүгээр сард вагон, вагоноор таван хошуу мал ачиж хүргэж өгөхөөр явахад цэргийн дарга Гомбосүрэнгийн Мягмаржав адууг нь хариуцан хүргэж өгсөн гэдэг. Тийнхүү галт тэргээр явсаар Хятад-Вьетнамын хил дээр очтол Вьетнам нь нарийн царигт төмөр замтай учир вагоноо солихоос аргагүй болж, вагоны дугуй сольж байх үеэр нэг хонгор морь гэнэт алдуураад хойд талын бэсрэгхэн модтой уул руу давхин одсонд хэдэн явган хүн яахаа ч мэдэхгүй “Одоо яая гэхэв. Бар, чононд идүүлбэл ч идүүлэг” гээд тэр чигт нь орхисон байна. Гэтэл хагас жил орчмын дараа 1960 оны тавдугаар сард нутагтаа гүйж ирээд, өөрийнхөө өвөлжөөний газар 3-4 хоног хөлөө ээлжлэн өргөж зөөгөөд, өвс ч хазалгүй байсан гэдэг. Тэгээд гурав, дөрвөн хоногийн дараагаас л өвс хазаж эхэлсэн гэнэ. Учир мэдэх хүмүүс тэр халуун оронд том эвэртэй мал, бараан зүстэй морь илүү их зовдог юм гэж ярьж байсан аж.

Г.Мягмаржав дарга Вьетнамд малаа идээшлүүлэхээр нэг сар гаруй байхдаа үе, үе мал дээрээ очиход монгол хүний бараа харангуутаа хошуураад үүрсээд, майлаад ирдэг, вьетнам хүн ойртоод очихоор яадаг ч үгүй, үргэх нь халаг байдаг байсан гэдэг. Тийнхүү тэрбээр нутаг буцахынхаа өмнө өнөө авчирсан хэдэн мал дээрээ очиход бүгдээрээ хошуураад хойноос нь дагаад байсан бөгөөд араас нь дэрийтэл хараад хоцроход нулимсаа барьж чадахгүй уйлж, яаран яваад өгч чадахгүй байсан талаар тэрбээр ярьсан байдаг. Тэрбээр сүүлд телевизэд ярилцлагад орохдоо “Малаа гадаадад битгий орхиж яваарай” гээд ихэр татан уйлж байхыг үзэж билээ.

Тэр цагаас нэлээд хойно манай улсаас Вьетнамд өгсөн хонины хоёр, гурав дахь үеийн нэгэн суурь хонь тавцан дээр барьсан хашаанд байхад нь зураач Г.Одон гуай хэсэг нөхөдтэйгөө очжээ. Хонь анхандаа үргэж хашааныхаа нөгөө талд бөөгнөрч  байснаа сүүлд нь яриа хөөрөөг нь сонссон ч юм уу, монголчууд руу дөхөж очоод майлалдаж гарчээ. Ингэхэд нь вьетнам нөхөд ч хоорондоо бөөн шуугиан болж, монголчуудын нүдний нулимс дууссан гэж Г.Одон зураач ярьж билээ.


URL:

Сэтгэгдэл бичих