С.Энхбат цөмийн хаягдал ярихаас бултаж, жүжиглэв үү?
-Гадаадын хэвлэлүүдийн бичээд байгаа нууц яриа хэлэлцээрийг ЦЭГ хийгээгүй л юм бол хэн юу ярьсныг мэдэж байгаа гэдгээ л ил тод хэлчихээч-
Манай хариуцдагатай албан тушаалтнууд ямар нэгэн хэл аманд орооцолдоод ирэхээрээ эрүүл мэнд нь мууддаг байдал энэ удаад ч давтагдав.
Авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдчихоод “ганцад” очих болохоороо л гэнэт бие нь муудаж, батлан даалт энэ тэрээр халхавчлан хариуцлагаас мултарсан жишээ олон. Энэ удаа эл жишгийг Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат гэгч амжилттай үргэлжлүүлэв бололтой.
Засгийн газрын хуралдаанд сүүлийн үед ЦЭГ, цөмийн хог хаягдлыг Монголд булшлах гэрээ, контрактын талаар хэл ам гарсантай холбогдуулан тус газрын даргыг дуудаж, тайлбар авах гээд гурав дахь удаагаа бүтэлгүйтээд байна. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд С.Энхбат дарга ажлаа тайлагнах байсан ч бие нь гэнэт муудсан гэдэг шалтгаанаар бас л ирсэнгүй, доод тушаалынхнаа явуулсан байна.
С.Энхбат даргын бие, эрүүл мэнд муудсан гэдэг үнэн үү, хэн харсан юм бэ, хаана хэвтэж эмчлүүлж байгаа юм бэ гэдэгт хэн ч хариулт өгөөгүй байна. Зүгээр амаар л өгсөн шалтаг шалтгаан. Овоо босгоогүй бол шаазгай юунд суув гэж Цөмийн хог хаягдлыг Монголд булшлах тухай яриа дээд доод төвшинд яригдсан болоод л харийн хэвлэлүүд бичиж, бидэнд “ховлосон” байж таараа.
Японы “Майничи” сонин, алдарт “Викилекс” сайтууд энэ талаар зураг хөрөг нийтэлж, монголчуудын загатнасан газар маажиж байна. Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс гэсэн НҮБ-ын тогтоолын эсрэг, цөмийн хаягдлыг эх орондоо хадгалах, хилээрээ дамжуулан тээвэрлэхийг хориглосон Монгол Улсын хуулиа зөрчсөнийг бид өөрсдөө бус гадныхан эхэлж мэдчихээд сануулсан хэрэг бус уу.
Монгол Улсад цөмийн хаягдал байршуулах асуудал яригдсантай холбогдуулан Засгийн газрыг ч унагаж мэдэх байдалд орчихоод байгаа энэ үед ЦЭГ-ын дарга энэ бүхэнд яагаад албан ёсны хариулт өгөхгүй бултаад байгаа юм бол оо. Байгуулагдаад хоёр жилийн нүүр үзэж байгаа энэ байгууллагыг одоо цөмийн хог хаягдлын асуудал босч ирснээр хүмүүс мэддэг таньдаг болоод байна.
Өмнө нь “Хан ресурс” компани Монголын Засгийн газрыг шүүхэд өгч 200 сая ам.доллар нэхэмжилж байснаар нь цөөхөн хүрээний хүмүүс л мэдэх болсон. Цөмийн хаягдлыг Монголд булшлах талаар гадаад, дотоодын хэвлэлүүд мэдээлсээр л байна. Энэ асуудлаар ард түмэндээ нэгдсэн албан ёсны ойлголт өгчихөж чадахгүй хэлээ хазаад байгаагийн цаад учир нь юу юм бол оо.
С.Энхбат дарга өөрийн биеэр бус доод албан тушаалтнуудаараа Засгийн газарт хүргүүлсэн мэдээлэл нь урьдынх шиг ”Тийм асуудал байхгүй. Тайван амгалан байцгаа” л юм биз дээ. Энэ хангалттай тайлбар биш. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын Цөмийн энергийн газрын дарга “Майничи”, “Викилекс” хоёрын цацаад буй мэдээлэлд яг тат хариултыг өөрөө өгч чадахгүй байгаа нь “но”-той байгаа юм.
ЦЭГ-ын дарга С.Энхбат нэг бол их хулчгар эсвэл их шударга хүн үү. Цөмийн хог хаягдлыг булшлах тухай яриа байхгүй гэж худал хэлэхээсээ айсан юм болов уу, аль эсвэл гэрээ хийчихээд асуудал төр засгийн хэмжээнд хүрчихээд айж бэмбэгнээд байна уу.
Монголд цөмийн хаягдлыг булшлах тухай асуудал яригдсанаар барахгүй, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт гээд бүр тогтчихсон хэмээн дээрх мэдээллиин хэрэгслүүд цацаж байна.
Тухайлбал, “Global security newswire”-д нэгэн мэдээллийг өнгөрөгч хавар цацсан. Юу гэвэл, манай эрх баригчид улс үндэстний аюулгүй байдалд хэмжээлшгүй хохирол учруулахаар, бүр сүйрэлд ч хүргэж мэдэх аюултай асуудлаар Б.Обамагийн засаг захиргаатай нууц уулзалтыг хэд хэдэн удаа хийжээ.
”Төв Азийн Монгол Улс нь олон улсын цөмийн хог хаягдлыг булж далдруулахад хамгийн тохиромжтой агуулах болох нутаг юм. Яг энэ асуудлаар Монголын талтай АНУ-ын засаг захиргаа албан бус яриа хэлэлцээр хийж байна” гэж тус улсын нэр хүндтэй нэгэн дипломатч ярьсан хэмээн бичсэн байсан.
Мөн Карнегийн Олон улсын цөмийн бодлогын бага хурал дээр Ричард Стартфорд гэгч нөхөр ”Тайвань, БНСУ, АНУ цөмийн хэрэглээнийхээ илүүдэл хогийг Монголд агуулах боломжтой. Энэ асуудлыг шийдэхийн тулд Монголын талтай тохиролцох гэж байгаа. Асуудал бараг шийдэгдчих байх. Монголын талыг зөвшөөрүүлэхийн тулд бүхнийг хийнэ” хэмээн томорч байжээ.
Энэ юуг хэлээд байна вэ. Монголын хэн нэгэн эрх мэдэлтэнтэй ийм яриа өдүүлчихээд нааштай хариу сонсчихоод тэр америк эр ингэж онгирсон хэрэг. Түүнд нааштай хариу өгсөн хүн хэн бэ. Арай С.Энхбат дарга биш биз.
Монголд цөмийн хог хаягдлыг булахтай холбогдсон бас нэгэн мэдээлэл. Японы “Киодо ньюс”-т ”Тошиба” корпорацийн ерөнхийлөгч АНУ-ын цөмийн хог хаягдлыг Монголд булшлуулахын тулд лообийдож эхэлснийг баримтлах нууц захидлын хуулбарын талаархи мэдээлэл.
Уг захидалд цөмийн түлшний нийлүүлэлтийн схем, Монголд хаягдлыг нь булшлах талаар нухацтай авч үзэхийг дурьдсан байсан. Юутай ч Монголд цөмийн хаягдал булах тухай яриа хэлэлцээ явагдсан, тэдгээрийг нь ГХ-ны сайд Г.Занданшатар зогсоосон тухай яриа зунжин тархсан.
Тэгвэл сайд хэний, ямар гэрээг зогсоож, ямар яриа хэлэлцээрийг тасалдуулсан юм бол. Цөмийн энергийн газар, “Мон Атом”-ынхыг уу. Бодох л асуудал. ЦЭГ-ын дарга С.Энхбат нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Албан бусаар энэ тухай ярьсан нь үнэн. Сүүлийн үед хэвлэлд гарч байгаа зүйлээс харахад гол эздээс нь энэ асуудлыг холдуулж над руу чиглүүлж байгаа нь анзаарагдаж байна” гэсэн байсан.
Тэгэхээр С.Энхбат дарга өөрөө яриа хэлэлцээ хийгээгүй, оролцоогүй, харин хэргийн эзэн хэнгэргийн дохиурыг мэдэж байгаа болж таараад байгаа юм. Тэр өөрийгөө бус өрөөлийг илчлэхээс айгаад байгаа нь л үнэн юм байна.
Харин “Глобал секьюрити ньюсвайр”, Японы “Киодо ньюс”, АНУ-ын “Си Эн Эн”, “Ройтерс”, Их Британийн “Би Би Си”, Оросын “Известия” зэрэг дэлхийн хэвлэлүүдээр цацагдаад, монголчуудын айгаад байгаа асуудалд эцсийн хариултыг С.Энхбат дарга ойрын хугацаанд өгнө гэдэгт найдах л үлдлээ. үнэхээр бие нь өвдөж, сандаргаагүй бол шүү дээ.
Б.Цэлмэг
Эх сурвалж: “монголын мэдээ”
URL: