Залуу удирдагч нарын дугуй ширээний уулзалтын аяны тэмдэглэл

Тал нутгийн торгоны зам ба эдийн засаг, БНХАУ, ОХУ, Монгол улсын залуу удирдагч нарын дугуй ширээний уулзалтын аяны тэмдэглэл

 

 

Хятад, Орос, Монгол Улсын залуу удирдагчдын дугуй ширээний уулзалт есдүгээр сарын 25-30-нд ӨМӨЗО-ны Хөх хотноо болж, бүс нутгийн хэмжээнд залуу бизнес эрхлэгчийн клуб байгуулах томоохон төсөлд гарын үсэг зурлаа. Бизнесийн хамтын ажиллагаа, бараа бүтээгдэхүүний түгээлт, түүхий эдийн боловсруулалт, хил дамнасан наймаа зэрэг бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллах зорилготой тус клубт зөвхөн залуу бизнес эрхлэгчид хамрагдана.

 

300 орчим удирдагч залуус оролцсон “Тал нутгийн торгоны зам-2015” БНХАУ, ОХУ, Монгол Улсын залуу удирдагчдын дугуй ширээний уулзалтын хүрээнд өөр олон ажлыг хамтран хийхээр болсон юм. Тухайлбал, Хятад улстай хамтын ажиллагааны брэнд төсөл хэрэгжүүлэх, залуучуудын хоорондох соёл болон боловсролын салбарын харилцааг нэмэгдүүлэх, өсвөр насны хүүхдүүдийг спортод татах, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гээд найрсаг хамтын ажиллагааг өрнүүлэх тухай хэлэлцээрийг байгуулж, Хөт хот дахь тунхгийг батлав. Хил залгаа гурван улсын залуучуудын хоорондох дугуй ширээний уулзалтын гол нөхцөл нь бүс нутгийн бизнес эрхлэгчдийн клуб байгуулах байв. Өмнө нь бид соёл болон боловсролын салбарт түлхүү хамтран ажиллаж байсан бол энэ удаагийн уулзалтаар залуу бизнес эрхлэгчид бүс нутагтаа бизнесийн ямар чиглэлээр хамтарч ажиллаж болох талаараа ярилцлаа. Мөн өсвөр үеийнхэнд шинэ боломж нээж, есөн чиглэлээр хамтрахаар болсныг албан ёсоор баталгаажуулсан талаар Монголын залуучуудын холбоо (МЗХ)-ны дэд ерөнхийлөгч Н.Цэрэнбат ярьсан юм.

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн 2013 оны есдүгээр сараас аравдугаар сард Ази болон Зүүн өмнөд Азийн улс оронд ажлын айлчлал хийх үеэрээ “Торгоны зам эдийн засгийн бүс, XXI зууны далай дээрх торгоны замыг хамтдаа байгуулъя” гэсэн санаачилгыг удаа дараа дэвшүүлжээ. Түүний дэвшүүлсэн энэхүү саналын дагуу 2000 жилийн тэртээ худалдаа наймаагаар Ази, Европыг холбож байсан Торгоны замыг “Нэг бүс, Нэг зам” хэмээн нэрлээд олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өрнүүлэн, далай дээрх гол боомтуудыг зангилаа цэг болгож, саадгүй нэвтрэх их замыг хамтдаа бүтээн байгуулахад цаад зорилго нь оршиж буй юм. Тийм ч учраас ирээдүйн бүтээн байгуулагчид болсон гурван улсын залуус бүс нутгийн хэмжээнд хамтдаа нэг зорилго дор нэгдэж, улс орноо хөгжүүлэх эхлэлийг дээрх уулзалтын хүрээнд тавилаа.

 

ОХУ-ын талаас Оросын Залуучуудын холбооны Инноваци болон олон улсын хамтын ажиллагааны албаны төсөл хөтөлбөрийн удирдагч, хатагтай Лиман Анастасия, Эрхүүгийн бүсийн хорооны Оюутан залуучуудын хөтөлбөрийн ажлын удирдагч Бичевина Оксана Валентиновна тэргүүтэй “Байкалов” жуулчны болон СДЭК тээврийн компанийн захирал гээд урлаг соёл, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, техник технологи, хэвлэл мэдээллийн салбарын удирдагч залуус ирсэн байлаа. Харин манай талаас “Moncon construction” компанийн захирал Л.Батхуяг, МУИС-ийн доктор М.Дэлгэржав, МАХН-ын дэргэдэх “Ардчилал, шударга ёс” монголын залуучуудын холбооны генсек Ө.Ганпүрэв, “Хэнтий” телевизийн захирал Ц.Батжаргал, Баянхонгор аймгийн “Арвижих” группийн захирал Д. Цогтбаатар, “Tsemis global” аялал жуулчлалын компанийн захирал Б.Цэрэнлхагва болон бүхий л нам, бизнесийн байгууллагын 30 гаруй манлайлагч ирсэн байв. Түүнчлэн Ардчилсан залуучуудын холбооны 33 хүний бүрэлдэхүүнтэй баг нэгдэж, Монголын талаас 70 гаруй хүн оролцсон нь нэлээд ач холбогдол өгч буйг харуулж байлаа.

 

МЗХ-ны Бизнесийн байнгын хорооны дарга Ц.Өлзийхишиг “Залуу бизнес эрхлэгчид ямар стратеги барьж, цаашид ямар бодлогоор явах ёстойг хэлэлцлээ. Дэлхийн эдийн засгийг тодорхойлдог таван том гүрний гурав нь Азид байна. Бид ч Азид оршин тогтнож буй болохоор алсын хараагаа тийш чиглүүлэх л ёстой. Тиймээс Азийн хөндий буюу энэхүү томоохон зах зээлд тоглогч болохыг бид зорьж байгаа. Гурван улсын залуус цугларч, санал нэгтэйгээр бизнесийн клуб байгуулахаар болсон нь залуучуудад маш том үүд хаалга нээгдэж буйг харуулж байна” гэлээ.

 

“Залуучууд дэлхийн түвшинд сэтгэж, дэлхийн боловсролоор өөр хоорондоо харилцаж байна. Компанийн удирдагч гээд шийдвэр гаргах түвшний залуус энэхүү уулзалтад оролцлоо. Нэг талаар туршлага судалсан, нөгөө талаар улам ихийг хийх ёстойг ойлгуулсан уулзалт болж өндөрлөлөө. Бид хүссэн хүсээгүй Монгол Улсын хөгжлийг нуруун дээрээ үүрэх учраас хөрш хоёр оронтой хамтран ажиллаж гэмээнэ бүхий л шатанд хөгжих боломж бүрдэнэ. Тиймээс залуусынхаа туршлагыг эртнээс мэдэж авснаар дараагийн шатанд ажил хэрэг болгоход илүү дөхөм байх болов уу. Бид маш хурдан хөгжих хэрэгтэй байна” хэмээн “Соёмбо” академийн захирал А.Санжмятав үзэл бодлоо илэрхийлэв.

 

Гурван орны удирдагч залуусыг нэг дор цуглуулж, ач холбогдолтой олон талт хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан энэхүү уулзалтыг өндөр хэмжээнд зохион байгуулсныг онцлон тэмдэглэхийг хүслээ. Энэ нь зохион байгуулагчдад тал засах гэснийх бус, манай залуусыг хүндэлж байсныг зориуд сайшаах гэсэн юм.

 

Тав хоног үргэлжилсэн бидний аялал хөгжөөнтэй, үзэж харах зүйл ихтэйн дээр үр дүн, өндөр ач холбогдолтой уулзалт болж өнгөрлөө. Тухайлбал, Азид нэг, дэлхийд тавд эрэмбэлэгддэг Өвөрмонголын сүү, сүүн бүтээгдэхүүний “И Ли” группийн үйлдвэр, Өвөрмонголын их сургууль, “Одон” телевизтэй танилцсанаас гадна “Сэцэн танаа” урлагийн музейд очиж, “Тал нутгийн торгоны замын болзоо” хэмээн нэрийдсэн гурван улсын залуучуудын хамтарсан уран зургийн үзэсгэлэнг сонирхон, Улаан театрт гурван улсын урлагийн тоглолт үзэж сонирхсон юм.

 

 

     Б.Бямбасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих