Ч.Буянхишиг: Дууны үгийг сольж байгаа нь түүх гуйвуулснаас өөрцгүй
Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон дуунуудыг сануулж, уран бүтээлчдийг нь хойч үедээ таниулах сайхан үйлс бүтээж буй Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн тоймч Ч.Буянхишигийг ярилцлагынхаа зочноор урилаа. Хөгжмийн урлагт дурласан эрхэмтэй энэ удаад Монголын дууны хөгжим, үгийн талаар ярилцсан юм.
-Эртнээс баялаг манай дууны урлагийн салбар сүүлийн хэдэн жилд нэлээн шинэчлэгдлээ. Хөгжмийн тоймч хүний хувьд энэ салбарын өнгийг хэрхэн тодорхойлох вэ?
-Ер нь дуу өөрөө өргөн агуулгатай. Хөгжмийн урлагийн төрлүүдээс хүнд хамгийн ойрхон нийтлэг гэж хэлж болно. Бид дууны өнө эртний уламжлалтай. Шог хошин, ажил хөдөлмөрийн зэрэг олон төрлийн дуу манайд бий. Тэдгээрээс он жилийн явцад зохиогч нь мартагдсан ч дуу нь хүмүүсийн зүрх сэтгэлд оршсоор байгаа ардын дуу олон байна. “Эртний сайхан” гэхэд л эзэн Чингисийн үеийн төрийн дуулал. Ноён хутагт Данзанравжаагийн бүтээл “Үлэмжийн чанар”. Ийм л гүн ухааны, сургамжийн, энэрэл хайрын тухай сайхан дуунуудыг бид өвлөж авсан. Тиймээс ч үүн дээр тулгуурлаад өнөө цагийн дууны урлаг хөгжиж байна. Одоо манай уран бүтээлчид ихэвчлэн 60,70,80- аад оны дуунуудаа сэргээн дуулах болжээ. Тэгэхээр тэр цаг үе манай дууны урлагийн оргил үе байж дээ гэж би боддог. Өнөө цагийн дууг муу гэж хэлж болохгүй. Сайн, муу янз бүр л байна. Тэхдээ 60,70,80-аад оны дууг гүйцэх уран бүтээл алга. Дууны үгийн хэллэг, агуулга, чансаа нь арай л дутмаг санагдаад байгаа юм. Тухайлбал
“Мөнгөн аяга шиг гараас чинь
Мөнхийн рашаан амсах юмсан…” гэсэн Б.Явуухулан гуайн дуу байна. Их гоё хэлж байгаа биз. Гэтэл сүүлийн үеийн дууны үг “Би чамд хайртай. Үнсье” гээд л шулуухан хэлчихдэг. Яахав, цаг үе нийгэм хөгжихөөр ийм болдог л байх. Монгол хүний яруу сайхан хэллэг, хүний дотоод сэтгэл, нандин зүйлээ нууцалдаг чанар нь ерөнхийдөө бага болоод байна. Зарим үед дэндүү илэн далангүй хэлээд байгаа юм шиг санагддаг. Сүүлийн үед дууны урлагт нэг зүйл ажиглагдаад байна. Яг тухайн цаг үедээ тохируулаад дууны үгийг өөрчлөөд байна. Ерөөсөө ингэж байж болохгүй. Яагаад гэвэл дуу үгээрээ дамжуулан түүхийг авч явдаг. Тийм учраас өнөөдрийн нөхцөлд тааруулаад дууны үгийг сольж байгаа нь түүхийг гуйвуулж байгаагаас өөрцгүй үйл явдал гэж би боддог. Жишээ нь, хүүхдийн найрал дууны наадам болоход Óрлагийн гавьяат зүтгэлтэн Төмөрийн Чимэддорж, яруу найрагч Өвгөний Баасанжавын “Залгамж үеийн тэмүүлэл” дууг дууллаа. Тэр дуунд “..эв хамтыг бид байгуулна” гэдгийг залуус өнөөдөртөө тохируулаад “…энхтайвныг бүтээнэ” гэж дуулж байна. Дууг ингэж өөрчилж болох- гүй. 1965 онд зохиосон энэ дууны үгийг нь солихоор уран бүтээлчийн агуулга алдагдаад байгаа юм. Түүх түүхээрээ л үлдэх ёстой. “Үнэн” гээд сайхан дуурь байдаг. Энэ дуурь одоо манай театрын урын санд алга болжээ.
-Дууг өөрчлөхөөр агуулга нь алдагдаад байна гэж ойлгож болох нь ээ?
-Дууг манай уран бүтээлчид орчин үед оруулан шинэчилж байна гээд их өөрчилдөг. Түүн дотроо дууны аялгууг өөрчлөөд байх юм. Тэр дууг хийхдээ уран бүтээлчид нь нэг зүйл бодож л хийсэн байгаа. Үгэндээ аяа тохируулан дахин дахин ажилласан байж таарна. Гэтэл зохиогчийн эрхэнд халдаад өөрчилж байгаа нь бас харамсалтай санагддаг. Мэдээж хөгжмийн зэмсэг, техник технологийг нь шинэчилж болох байх. Аэхдээ үндсэн дуугаа битгий өөрчилж байгаасай гэсэн бодол надад төрдөг. Мөн манай дуучид дууны үгийг анхаарч дуулмаар байна. Би хэлний хүн биш ч дуучид үгээ буруу хэлээд байгаа нь том алдаа болдог. Жишээлбэл, “Орны толгойд өлгөөтэй байгаа миний нөхрийн зураг” гэж хэлэх юм. Үүнийг сонсохоор нөхөр нь орны толгойд өлгөөтэй байгаа юм шиг сонсогдоод байгаа биз. Түүний оронд “Миний нөхрийн зураг орны толгойд өлгөөтэй байна” гэж хэлмээр. Бас “Үнэгүй утсаар ярина” гэж дуулах юм. Угтаа “Утсаар үнэтэй ярина” биз дээ. Мөн миний нэг танил дуучин “Адуучин” дууг
Ай яасан сайхан юм бэ
Азарга нь яасан тарган юм бэ” гэж дуулахыг
“Ай яасан сайхан юм бэ
Азарга нь яасан олон юм бэ” гэж дуулсан. Тэгэхээр дуучин дууныхаа үгийг ойлгож дуулах хэрэгтэй байгаа биз. Хэзээ байтлаа монгол хүн “олон азарга” гэдэг байлаа даа. “Завхан гол” дууг
“Ай Завхан гол ангир үргээж
Адуу тургилна” гэж дуулаад байна. Гэтэл “анир үргээж адуу тургилна” гэнэ шүү дээ. Гэх мэтчилэн дуучид үгээ зөв хэлж, анхааралтай дуулмаар санагддаг. Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Дашням үгийг анхаарч, өөрөө ч их гоё хэлдэг. Дууны үгэн дээр их анхаарч дуулдаг.дуучин байсан. Энэ хүн шиг манай дуучид их ухаантай дуулмаар байгаа юм. Аливаа уран бүтээлийг судалж дуулах хэрэгтэй байна.
-Дууны урлагийг шүүмжлэх хүнгүй болчихсон учраас хэн дуртай нь хүссэнээ хийгээд байгаа юм биш үү?
-Манай судлаачид шүүмж судлал хийдэггүй. Одоо ямар нэгэн зүйлийг шүүмжлэхэд хэцүү болсон. Ийм байх ёстой гэсэн хэмжүүр байхгүй болчихсон. Хуучин нийгэмд агуулгын хувьд тийм байх ёстой гэсэн хэмжүүртэй байсан болохоор хэмжээндээ шүүмжлээд байсан юм. Одоо зохиол бүтээлийн чанар агуулгыг л шүүмжилнэ үү гэхээс бусад нь бол хэцүү шүү. Дууны хувьд алдаатай зүйл байвал шүүмжлэх хэрэгтэй. Уран бүтээл тухайн цаг үеийг илэрхийлдэг учраас судалгаа хийгээгүйгээс болоод цаг хугацааны алдаа их гаргадаг. Би бүх зүйл байр байрандаа байгаасай гэж боддог. Гэхдээ үүн дээр мэргэжлийн судлаачид нь ажиллахаас биш тэр болгон дууны үгийг шүүмжилж чадахгүй байх л даа.
-Танд хандаж уран бүтээлээ ариутган шүүлгэхээр хүмүүс ирэх юм уу?
-Сүүлийн үед хүмүүс уран бүтээл хийхдээ ирж асуудаг болсон байна. Мөн зохиогчидтой уулзаж уран бүтээл хийх зөвшөөрөл авч байна. Ер нь алдаа гаргадаггүй хүн байдаггүй. Алдаагаа засаад дараа нь дахиж алдахгүй юмсан гэж бодож байвал чухал. Тийм учраас хүн юм асуухдаа ичихгүй байх хэрэгтэй гэж би боддог. Хүн хорвоод ирэхдээ бүгдийг мэдэж төрдөггүй шүү дээ
-Сүүлийн үеийн дууны шүлэг өгөөж муутай болжээ. Хүнийг ухааруулсан, сайхан монгол хэллэгтэй бүтээл үгүйлэгдээд байх шиг санагдах юм?-Ардын дууны ая нь аргадаж, үг нь сургадаг гэдэг. Ардын дуу- ны үгийг хааш нь ч гуйвуулж болохгүй үнэн байдаг. Түүн шиг хүнд сургамжтай, өгөөжтэй зүйл өгдөг бүтээл бага болчихоод байна. Ардын дуу шиг болчихсон зохиолын дуу олон байна. Жишээлбэл, “Сай- хан хангайн буга” ардын дуу болсон байна.
-Ажиглахад телевизээр ихэвчлэн сүүлийн үеийн дуунуудыг цацах юм. Хуучны уран бүтээлийн хувьд техник технологийн чанарын шаардлага хангахгүй болохоор нэвтрүүлэхгүй байна уу, эсвэл үнэхээр сонирхох хүнгүй болчихсон юм уу. Телевизэд соёл урлагийн нэвтрүүлэг хийж байгаа хүний хувьд та юу гэж хэлэх вэ?
-Бүх телевиз өнөөгийн юмыг л хийж байна. Хүнээ, дуугаа ялгахгүй байна. Техник технологи хөгжсөн энэ үед хүмүүс интернэтээс хүссэн зүйлээ аваад тавьдаг болжээ. Тэр дундаас 104.5 радио зэрэг ардын дуу цацдаг байгууллага цөөн байдаг юм билээ. Ер нь өмнөх үеийн сайхан бүтээлүүд мартагдаад байна. Миний бэлтгэдэг нэвтрүүлгийн зорилго өмнөхөө мартуулахгүй байх. Өнөөдөр бид А.Моцарт, П.Чайковский, Л.Бетховен, Оросын алдартай дуучдыг мэдэж байна. Дэлхийд алдартай хамтлагийн тухай ч сайн мэдлэгтэй болжээ. Гэтэл Б.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Ц.Намсрайжав гэхээр мэдэхгүй болчихоод байна шүү дээ. Үүнийг дагаад хуучны олон сайхан бүтээл мартагдаад байна. Жишээлбэл, 1940-өөд оны үед зохиосон “Монгол морь” дуу байна. Тиймээс л үүнийг сануулахын тулд би, манай хамт олон “Сэтгэлд хоногшсон дуунууд” нэвтрүүлгийг хийгээд байгаа юм. Бидний зорилго “Өмнө нь ийм сайхан зүйл байсан юм шүү” гэдгийг сануулахад оршсон. Би хөгшин хүн болохоор хоцрогдсон байж магадгүй. Гэхдээ өмнөх үеийнхэн байгаагүй бол өнөөдөр гэж байхгүй шүү дээ.
-Бараг телевиз бүр спортын цагтай ч урлагийн нэвтрүүлэг ховорхон юм. Энэ нь урлагийн үнэлэмж ямар байгааг харуулж байна гээд хэлчихэд хатуудахгүй байх?
-Би энэ талаар байнга хэлдэг. Яагаад мэдээний цагтаа соёл ур- лагийн булан гаргаж болдоггүй юм бол. “Цагийн хүрд” нэвтрүүлгийн дараа спортын нэвтрүүлэгт 10-20 минут зарцуулж байна. Урлагийн салбарынхан маань бахдам сайхан амжилт гаргаад ирж байхад яагаад тэдэнд зориулан нэвтрүүлгийн цаг гаргаж болохгүй гэж. Манай тамирчид амжилт гаргаад ирэхэд олон сайхан хүн угтаж байгаа харагддаг. Гэтэл энэ жил Английн Кардифф хотод болсон олон улсын уралдаанд манай Энхбатын Амартүвшин оролцоод том шагнал аваад ирэхэд би ганцаараа угтаж авсан. Тэр хүн 50 орны 300 гаруй дуучин оролцсон уралдааны дэд байрт шалгараад дэлхийн дуучин болоод ирэхэд 20 сая төгрөг өгсөн. 28-хан настай энэ залуу Монголын нэрийг их гаргана даа. Мөн Г.Ариунбаатар монголчуудын мөрөөдөл болсон П.Чайковскийн уралдаанд түрүүлсэн. Ер нь олон уралдаанд түрүүлсэн авьяастай, сайн дуучин. Одоо тэгээд л Г.Ариун- баатар Маринскийн таетрын гоцлол дуучин болоод явчихлаа. Тийм том газар тэр хүнийг авч байгаа юм чинь үнэтэй л байгаа байхгүй юу даа. Соёл урлагийн үнэлэмжийг нэмэх хэрэгтэй. Бас хэвлэл мэдээллийн байгууллагуудад соёл урлагийн цаг байх зайлшгүй шаардлагатай гэж бодож байна
-Та судлаач хүний хувьд ямар нэгэн бүтээлийг задалж судалж байна уу?
-Одоохондоо уран бүтээл дээр ажиллаагүй байна. Залуучуудад маань хэрэг болж, ахмадууд залуу насаа дурсах байх гэсэн үүднээс хуучны зүйлийг сэргээж хийх гэж хичээдэг. Ингэж хийсэн зүйлсээ нэгтгээд цомогтой ном гаргах юмсан гэж боддог.
-Хөгжим, дуу хүний сэтгэлийг “хайлуулж” уяраадаг шидтэй. Та хамгийн сүүлд хэний бүтээлийг сонсч эрч хүч авав?
-Ер нь бүтээл болгон сайхан шүү дээ. Насаараа дуу хөгжимтэй нөхөрлөж байгаа болохоор бүгд л сайхан санагддаг юм. Сонсч байхад сайхан зүйл олон байна аа. Ц.Бавуудорж, Л.Балхжавын “Гүрэн монгол чинь хүлээнэ” гэсэн дуу бий. Тэр дууг Ө.Уянга, Г.Ариунбаатар хоёрын дуулснаар сонсоход сэтгэлд их сайхан санагдсан. Үнэхээр нулимс гармаар сайхан дуу байдаг. Би эстрадын бүтээлийг бага сонсдог. Ер нь хүн ойлгож хүлээж авч чадвал аль ч бүтээл гоё. Хөгжим хүнийг хүмүүжүүлдэг. Баяртай, гунигтай, жаргалтай ямар ч үед хүнд хөгжим хань болдог.
-Та орчин үеийн хөгжмийн бүтээлүүдийг сонсдог уу. Тэр дундаа хип хоп, рок хөгжмийг сонирхон сонсч байв уу?
-Цаг үетэйгээ холбогдон гарч ирж байгаа бас нэгэн хөгжмийн урсгал шүү дээ. Хөгжмийн эдгээр урсгал хэрвээ сайн бүтээлүүдтэй байвал мөнхөд “амьдрах” байх. Би эдгээр хөгжмийн урсгал руу тэмүүлдэггүй. Гэхдээ хажуунаас нь сонсохоор их сонин юм билээ. Тэр дундаа поп дуу их сонсголонтой. Гэхдээ надад хүнд рокууд хэцүү санагддаг. Миний насанд ч тохирохгүй байх. Хип хоп дууны хувьд хүнд хэрэгцээтэй юм хэлбэл хэрэгтэй юм шиг санагдсан. Ер нь урлагийн бүх төрөл хүнд өгөөжтэй байх ёстой. Гагцхүү өгөөж нь ямар байна уу гэдэг нь чухал. Эдгээр бүтээл хэр удаан оршин тогтнохыг цаг үе л харуулна даа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: