Ц.Нямдорж: Хууль зүйн байнгын хороо сайн ажиллсан бол УИХ ингэж нүүрээ барахгүй байсан
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дууссан учраас даргыг шинээр томилох болоод байгаа. УИХ дахь АН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад Д.Ганбат, Ж.Батзандан хоёрын нэрийг дэвшүүлж олонхийн саналаар Д.Ганбатыг улираан ажиллуулахаар болсон.
Харин энэ асуудлыг Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хурлаар хэлэлцэх үед Д.Ганбатыг гишүүд дэмжсэнгүй. Байнгын хорооны даргад өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн Ш.Түвдэндорж ганцхан саналын зөрүүгээр олонхийн дэмжлэг хүлээсэн юм.
Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг МАН-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдоржийн нэрийг дэвшүүлсэн боловч тэрбээр нэрээ татаж авсан. Санал хураахын өмнө гишүүд нэр дэвшигчидтэй холбоотой байр сууриа илэрхийллээ.
Ж.Батзандан: -Хууль зүйн байнгын хороог сайн ажилладаг гэж хэлж чадахгүй. Тус Байнгын хорооны ажил доголдож, боловсруулсан хууль чанар муу байгаа талаар шүүмжлэл гарах болсон. Холын замд морио юүлэхэд буруудах юмгүй.
Тиймээс Ш.Түвдэндорж гишүүнийг Байнгын хорооны дарга болговол ямар вэ гэсэн санал дэвшүүлж байна. Байнгын хорооны дарга гишүүдээ хагалж бус нэгтгэж ажиллах ёстой. Хаздаг морь шиг хөөдөг байж болохгүй.
Ц.Нямдорж: -Д.Ганбат гишүүнд итгэл үзүүлж санал өгч чадахгүй. Би өөрөө хуульчдын бослогыг толгойлж байгаа, ямар нүүрээрээ Д.Ганбатад санал өгөх вэ. Гишүүд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатыг сайн ажилласан гэж хэлж байх шиг байна.
Би тэгж хэлж чадахгүй. Хууль зүйн байнгын хороо олон удаа хуралдсан, оройжин хуралддаг байсан гэдгээрээ сайн ажилласан нь үнэний ортой. Гэхдээ хууль, номынхоо хүрээнд хуралдуулж чадсан уу, сайн хууль баталсан уу гэвэл үгүй. Хууль зүйн байнгын хороо авлигыг өөгшүүлдэг байнгын хороо болсон.
Авлига авдаг, төрийн хөрөнгийг идэж уудаг албан тушаалтныг Өршөөлийн хуульд хамруулах ажлыг гол зохион байгуулагч нь энэ байнгын хороо болсон. Зөвхөн өөрийгөө төдийгүй УИХ-ыг, төрийн ажлыг бүхэлд нь самраад гурван сар болж байна. Энэ үнэн биз.
Ийм зүйлийг нүднийхээ хажуугаар өнгөрөөж байгаа нь ямар ч тохиолдолд хуульд үнэнч байх, хууль бус үйлдлийг хаах тэр эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Энэ Байнгын хороо ингэж донслох ёсгүй юм. Хууль зөрчөөд байна, орж ирсэн асуудал чинь болохгүй байна гэж хэлээд үг авахгүй болохоор аргаа бараад бослого гаргаж, Хууль зүйн байнгын хорооноос гаръя гэдэг хүсэлт гаргасан.
Монгол төрийн түүхэнд гараагүй бослого. Хууль зүйн байнгын хороо цадигтай, хууль бус асуудлыг босгоороо давуулдаггүй байсан бол УИХ ингэж түмний өмнө нэр нүүрээ барахгүй байсан. Харамсалтай байна.
Д.Лүндээжанцан: УИХ-ын байнгын хороодоос хамгийн мэргэжлийн, мэргэшсэн байх ёстой нь Хууль зүйн байнгын хороо. Нэр дэвшигч хоёр сэтгэлд хүрэхгүй байна. Гэхдээ ажиллахын төлөө нэрээ дэвшүүлж орж ирсэнд талархаж байна.
Эзний алба ээлжтэй гэдэгчлэн байнгын хорооны дарга болж, больж ч явсан хүмүүс. Парламентад ялж ялагдах нь ердийн үзэгдэл. Би арваад удаа нэр дэвшиж, ялж ялагдаж явсан. Тиймээс сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ер нь Хууль зүйн байнгын хороог яралзтал аваад явчих чадвар гишүүдэд бүрдсэн үү гэвэл чадаагүй.
Өөрөөсөө эхлээд голж байгаа. Зарим хуулийн учрыг олохгүй байна. Биднийг доошоо хийлээ гэж битгий бодоорой, амьдрал дээр ийм л байна. Та хоёрын нэг нь ялах байх. Маш богино хугацаанд сайн ажиллах хэрэгтэй. Сайн ажиллана гэдэг нь идэвхээс гадна хуулийнхаа нарийн оношлуур дээр анхаарахгүй болохгүй нь. Эмч, хуульч хоёрыг алдаа гаргаж болохгүй гэдэг.
Хүний амь нас, ялтныг өршөөх, нийгмийг дэг журамгүй болох гээд хуульд алдаа гарвал цаанаа хор уршиг их гардаг. Гишүүд ийнхүү үг хэлж дууссаны дараа санал хураалт болсон. Санал хураалтын дүнгээр Ш.Түвдэндоржийг тус Байнгын хороон даргаар томилох саналыг олонх дэмжлээ. Гэхдээ энэ асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн шийдэх юм.
М.Алтанцэцэг
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: