АТГ: Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Б.Хуягийг баривчлаагүй
Авлигын хэргээр гурван шатны шүүхээс ял сонсон ялаа эдэлж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Тулгын ах Б.Хуяг нарыг Интерполооор эрэн сурвалжилж буй. Тэднийг өдгөө 3 дахь жилдээ эрэн сурвалжилж байна. АТГ-аас хүсэлт гаргасны дагуу Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерпол АТГ-ын хүсэлтийг хүлээн авч өөрийн цахим хуудастаа 2012 оны аравдугаар сарын эхээр зураг, мэдээллийг нь байршуулсан. Ингэснээр энэ хүмүүс олон улсад эрэн сурвалжилж буй “зартай” гэмт хэрэгтнүүдийн нэгэн адил Интерполд бүртгэлтэй болсон юм.
Харин гурван жил эрэн сурвалжсаны эцэст Б.Хуягийг баривчиллаа гэх мэдээлэл сайтуудаар цацагдаж эхэллээ. Энэ талаар Б.Хуягийн төрсөн дүү, БШУЯ-ны дэд сайд Б.Тулгаас тодруулахад “Ташаа мэдээлэл байна. Байсхийгээд барилаа, саатууллаа гэсэн худал мэдээлэл цацагдах юм” гэх хариултыг өглөө.
Мөн албаны эх сурвалж болох АТГ-ын баттай эх сурвалжаас тодруулахад “Б.Хуягийг баривчилсан зүйл байхгүй. Ташаа мэдээлэл байна” гэх тайлбарыг өгч байна.
ТЭД “ӨРГӨӨ”, “УЛААНБААТАР ТАЙМС”-ЫН ХУВЬЧЛАЛД НЭР ХОЛБОГДДОГ
Б.Хуягийг “Өргөө” зочид буудлын хувьчлалын асуудалд хамааруулан шалгаж байгаа. Гэвч түүнийг шалгаж эхэлмэгц тэрбээр АНУ руу дүрвэсэн байдаг. Б.Хуягийг Н.Энхбаяр нарт холбогдох хэргээс болоод сүүлийн хэдэн жил эх орондоо ирж чадахгүй байгаа ч хаа нэгтээ найз, нөхөд рүүгээ цахим шуудан бичдэг гэсэн мэдээлэл бий. Иймээс ч АТГ, УМБГ-аас Буяагийн Хуягийг луйврын хэрэгт холбогдуулж Интерполоор эрэн сурвалжлуулж эхэлсэн. НИТХ-ын тогтоолоор “Өргөө” зочид буудлыг “Хар дун” компанид шилжүүлснээр Б.Хуягийн нэр энэхүү дуулиант хэрэгт холбогдох болсон юм.
Харин Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагаас “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын талаар байцаалт авах олон шаардлага АТГ-ынханд бий. Тэрээр бизнесийн зөвлөгөө өгдөг “Эскон” хэмээх хувийн компанийг 2010 онд ахаасаа авснаар энэ хэрэгт нэр холбогджээ. Н.Энхтуяа тухайн үед Сингапурт байрлах усан онгоц бүртгэдэг компанийн бүртгэгчээр ажиллаж байв. Тэр 2004 оноос хойш АНУ, ОХУ, Сингапурт амьдарч байсан бөгөөд Монголд суурин байгаагүй. Харин компанийнхаа үйл ажиллагаанд алсаас оролцдог байсан аж. Үүний дараа “Mедиа холдинг” компанийн 500 ширхэг хувьцааг эзэмшдэг байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өөрийн хувиа Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Н.Энхтуяа “Медиа холдинг”-ийн захирал болоод “Улаанбаатар таймс” НӨҮГ-ийн хувьчлалын дараа Н.Энхбаярын “Кроп” компанид хөрөнгөө шилжүүлсэн юм. Ахынхаа бэлэглэсэн компанийг авсан дүү нь өмчилснөөр ийн хэрэгт холбогдсон байдаг.
Б.Чимэг
URL: