Охиноо хөнөөсөн гэх Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүнэ
Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт, талийгаач охины хойд эх Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болно. Шүүх хурал өнгөрсөн есдүгээр сарын 24-ний өдөр болох байсан ч шүүгдэгч Г.Маралмаагийн биеийн байдал муудсанаар өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм. Г.Маралмаа нь өдгөө 10 сартай жирэмсэн бөгөөд түүний төрөх сүүлийн хугацаа энэ сарын 20 гэдгийг өмгөөлөгч Ц.Хувцагаан шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан. Тиймээс шүүх хурлыг явуулахад хүндрэл учраад байгаа юм.
Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн албаны эх сурвалжаас тодруулахад “Одоогоор хохирогч, шүүгдэгч нарын талаас хурлыг хойшлуулах ямар нэгэн хүсэлт шүүхэд ирээгүй байна. Тиймээс шүүх хурал товлогдсон цагтаа эхэлнэ. Харин шүүх хурал эхэлмэгц ямар нэгэн хүсэлт ирвэл шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэж байж шийднэ” гэх тайлбарыг өгч байна.
Хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Д зааланд 10.00 цагаас эхэлнэ. Хуралд шүүгчээр Б.Мөнхбаяр, Ш.Төгсгэрэл, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Ц.Хувцагаан, С.Энхбат, Д.Тунгалаг, н.Манлайжав, н.Дарханбаатар, улсын яллагчаар Д.Цолмон, хохирогчоор талийгаач охины төрсөн эх Б.Өнөржаргал нар оролцохоор болжээ.
Т.Цогт, Г.Маралмаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн
91.2.11 /бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын амь насанд хүрсэн/
91.2.12 /онц харгис хэрцгий аргаар/
91.2.15 /хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж/
100.1 /байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн/ гэх зүйл ангиар буруутган шүүх юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 15-25 жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай.
Тэд юу гэж мэдүүлэв
Тэдний шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 19-нд болсон ч хэргийг дахин шалгах шаардлагатай хэмээн мөрдөн байцаалтад буцааж байсан. Хурлын үеэр шүүгдэгч нар юу гэж мэдүүлж байсныг товчхон сийрүүлбэл,
Г.Маралмаа: Би охиныг алаагүй
Талийгаач охины хойд эх Г.Маралмаа “Би охиныг алаагүй. Тиймээс надад оноох гэж байгаа ял тохирохгүй байна. Би охинд гар хүрч байсан тохиолдлууд бий. Гэхдээ үхэлд хүргэхүйц, хөхөрч няцартал нь зодож байсан тохиолдол байхгүй. Хааяа бөгс нь дээр нь алгаддаг байсан. Би тэгэж хүн зодох хэрцгий хүн биш. Харин Т.Цогт охиноо цагдаагийн суран тэлээгээр хоёр ч удаа ороолгосон. Тэгэхэд охин толгойгоороо газарт унаж байгаа харагдсан. Охин өөрөө гүйж яваад үүдний шатнаас хоёр удаа унасан. Энэ нь үхэлд хүргэсэн байх. Ер нь одоо бодоод байхад тэр өдөр ГССҮТ-д сахиад үлддэг байж. Хүний хүүхдийг асран хамгаалж чадаагүйдээ харамсч байна” гэж мэдүүлж байв.
Т.Цогт: Охиноо алдсандаа харамсч байна. Би ямарч ял үүрэхэд бэлэн байна
Талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт: “Хойд эцгийн гар харуулахгүй гэж охиноо авчихаад ийм байдалтай байгаадаа Өнөржаргалаас уучлал гуйж байна. Эцгийнхээ үүргийг гүйцэтгэж, бяцхан охиноо хамгаалж, асарч чадаагүй миний буруу. Ажил амьдрал, нэр төрөө алдсандаа, цагдан хоригдсондоо харамсах зүйл надад байхгүй. Би хайртай бяцхан үрээ алдчихсандаа л харамсч байна. Ханиа сонгож чадаагүй нь миний буруу. Ямар ч шийтгэл хүлээхэд би бэлэн байна” хэмээн мэдүүлж байжээ.
Б.Чимэг
URL: