Казиногийн хувьцаанууд сэргэж эхлэв

171316-05102015-1444035450-54971697-1Бүс нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх зорилгоор Хятадын Засгийн газраас арга хэмжээ авч буй гэсэн мэдээлэл цацагдсаны дараа Макаод мөрийтэй тоглоомын бизнес эрхлэгчдийн хувьцааны ханш баасан гарагт огцом өслөө. Мөрийтэй тоглоомын компаниудын орлого өнгөрсөн есдүгээр сард нэлээд буураад байсан юм. Тоглоомын нийт орлого есдүгээр сард өнгөрсөн оны мөн үеэс 33 хувиар буурч, 17.1 тэрбум макао патака буюу 2.1 тэрбум ам.долларт хүрсэн тухай Макаогийн Тоглоомын хяналт, зохицуулалтын хорооны сүүлчийн сарын мэдээнд дурджээ.

Орон нутгийн мэдээллийн хэрэгслийн дамжуулснаар Хятадын Засгийн газар казиногийн зах зээлээс гадна Макаогийн эдийн засгийг бүх талаар дэмжихээр шийдвэрлэжээ.

Авлигыг таслан зогсоох ажиллагаа, Хятадын эдийн засгийн удаашрал зэрэг нь Макаогийн казино эрхлэгчдэд багагүй дарамт болсон бөгөөд мөрийтэй тоглоомын орлого 16 сарын турш тасралтгүй буурсан. Баасан гарагийн байдлаар S&P 500 индексийн сагсанд багтах компаниудаас Америкийн Невада мужаас гаралтай Wynn Resorts-ын хувьцаа хамгийн их буюу 14 хувиар өсөж, нэгж нь 58.9 ам.долларт хүрсэн байна. Харин Las Vegas Sands-ийн хувьцаанууд таван хувиар дээшилж, 39.01 ам.долларт, Melco Crown Entertainment найман хувийн өсөлт үзүүлж 14.76 ам.доллар болжээ. Харин MGM Resort International-ийн хувьцаа гурван хувиар нэмэгдэж, нэг бүрийнх нь үнэ 19.19 ам.долларт хүрэв.

Тэгвэл Америкийн дээд зэрэглэлийн загварын худалдаа эрхлэгч Nordstrom пүрэв гарагийн арилжаа хаагдсаны дараа нэгж хувьцаанд 4.85 ам.долларын ногдол ашиг тарааж, нэг тэрбум ам.долларын хувьцаагаа зах зээлээс эргүүлэн худалдаж авах тухайгаа зарлалаа. Энэхүү мэдээлэл нь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний худалдаа эрхлэгчийн нэгж хувьцааны үнийг 1.5 хувиар өсгөж, 72.53 ам.долларт хүргэв.

Харин хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Micron Technology-гийн хувьцаа гурван хувиар дээшилж 15.23 ам.долларт хүрсэн байна. Гол шалтгаан нь тус компанийн хувьд энэ санхүүгийн жилийн дөрөвдүгээр улирлын үзүүлэлтүүд тооцоолж байснаас сайн гарсан бөгөөд салбарын ирээдүй урт хугацаанд таатай байгаа нь үнэт цаасных нь ханшид эерэгээр нөлөөлсөн аж. Тус компанийн ашиг өнгөрсөн жилээс 59 хувиар унаж 471 сая ам.доллар буюу нэгж хувьцаанд 42 цент ногдох болсон юм. Гэхдээ энэ нь шинжээчдийн таамаглаж байснаас харьцангуй сайн үзүүлэлт бөгөөд нэгж хувьцаанд 29 центийн орлого ногдоно хэмээн шинжээчид тооцоолж байсан. Micron Technology-гийн борлуулалт 3.6 тэрбум ам.доллар болж, 15 хувиар унасан юм.

Дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн чипний тогтвортой нийлүүлэлтээс гадна ухаалаг утас, ухаалаг машины үйлдвэрлэлийг өөрсдийн бүтээгдэхүүнээр хангахаар болсон нь Micron Technology ирэх 12-18 сарын хугацаанд өрсөлдөгчдөөсөө илүү орлого олох бололцоо бүрдүүлж байгааг Америкийн Jefferies группийн шинжээч Сандип Бажикар хэлсэн юм.

Харин био эмийн судалгааны Gilead Sciences, Канадын эм зүйн Valeant-ийн хувьцааны ханш 2-2.4 хувиар унав. Тухайлбал, Gilead Sciences-ийн нэгж хувьцааны ханш 95.99 ам.долларын түвшинд хүрсэн бөгөөд Morgan Stanley-н шинжээчид тус компанийн үнэт цаасны зэрэглэлийг overweight ангиллаас equalweight болгож бууруулан, ханшийн төлөвийг нь 127 ам.долларын түвшинд хэвээр үлдээсэн. Гэхдээ үд дунд гэхэд голлох индексүүд алдагдлаа нөхөөд эхлэв. S&P 500 индекс 0.1 хувиар унаж 1,921.08, Dow Jones 0.1 хувиар унаж 16,249.86 болсон бол Nasdaq Composite 4,629.04-ийн түвшинд тогтвортой байлаа.

Мамта Бадкар

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих