“Forbes”, “Wikileaks” худал мэдээллээ гэж үү
АНУ-ын Нью-Йорк хотод байрладаг хэвлэл мэдээллийн “Forbes” байгууллага өөрсдийн www.forbes.com сайтад Монгол Улсад АНУ-ын цөмийн хаягдал булшлах талаар сонирхолтой материал дэлгэсэн билээ.
Тус сайтад “АНУ, өөрийн цөмийн хаягдалыг экспортлохоор төлөвлөж байна” гэсэн утгатай мэдээллийг нийтэлжээ.
Үүнд “АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден Монгол улсад саяхан айлчилсан нь 1944 оноос хойш АНУ-ын дэд Ерөнхийлөгч нараас ийнхүү айлчилж байгаа онцгой үйл явдал боллоо. Тус айлчлалын үеэр АНУ-ын цөмийн хаягдлын асуудлаар Монголын эрх баригчидтай санал хүсэлтээ солилцсон байна. Уг асуудлын хүрээнд АНУ-ын Цөмийн эрчим хүчний байгууллагынхан Монголын зарим газар нутаг дэвсгэрт өөрсдийн цөмийн хаягдалыг булшлах хүсэлтэй байгаа талаар ч онцолсон байна” гэжээ.
Энэхүү яриа нь цуурхал мэт боловч Б.Обамагийн Засгийн газар өөрсдийгөө илчилж, цөмийн хаягдлаас салах, ангижрах талаар баримт бичигт гарын үсэг зурсан нь дэлхийн олон нийтэд тодорхой болов. Хэдийгээр уг баримт бичигт гарын үсэг зурсан ч яг аль улсад цөмийн хаягдлыг хаях эцсийн шийдвэр гараагүй байгаа юм. Ямартай ч уран баяжуулах, боловсруулах ирээдүйтэй байгаа Монгол Улсыг сонгож магадгүй аж. Наймдугаар сарын эхээр Б.Обамагийн Засаг захиргаа уг асуудлын талаар товчхон мэдэгдэл хийж байсан.
Тухайн үед АНУ-ын зүгээс одоогийн байдлаар хэд хэдэн улстай цөмийн хаягдал булах талаар хэлэлцээр хийгээд байгаа бөгөөд үүнд Монгол, Япон болон Арабын нэгдсэн Эмират улс багтаж байгаа юм. Монгол Улс нь өнөөдөр уул уурхайн зарим компаниуд үндэсний ашиг, орлогоо нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой асуудлын талаар хэлэлцэж, нөхцөл байдал ороо бусгаа байгаа билээ.
Жишээ нь “Рио Тинто” компанийн Оюутолгой төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй томоохон орд газарт эхний арван жилдээ л гэхэд 650 мянган унци алт, 1.2 тэрбум тонн түүхий нүүрс олборлох боломжтой юм гэсэн байна. Уг сайтад ийнхүү бичсэн нь гадныхан манай уул уурхай, эзгүй хээр газар нутагт цөмийн хаягдалыг булшлах талаар наймдугаар сарын эхээр аль хэдийн тохирсон байсныг нь нотолж байгаа хэрэг биш үү.
Түүнчлэн “Wikileaks” сайтын эх сурвалж манай улсын хэд хэдэн албан тушаалтнуудын нэрсийг уг хууль бус гэрээг байгуулахад оролцсон талаар мэдээлсэн билээ. Үүнд Ашигт малтмалын газрын түшмэл С.Отгонбат, Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат, Кадастрын албаны дарга Ц.Бат-Оргил нарыг Монгол Улсад цөмийн хог, хаягдлыг булшлах талаар гэрээ хийсэн хэмээн мэдээлсэн нь хачирхалтай.
Энэ талаар манай улсын сэтгүүлчид тодруулга авах бүрт нэр дурьдагдсан эрх мэдэлтнүүдийн ам зөрж, эв түнжин муудалцах болсон талаар эх сурвалжууд мэдээлсэн. Эдгээр томоохон фактуудыг олны өмнө дэлгэдэг сайтууд ийнхүү мэдээлж байхад манай дарга нар мэдэн будилж байгаа нь гайхшрал төрүүлж байгаа.
Тэр ч бүү хэл Японы “Майничи” сонинд уг асуудлын талаар өнгөрсөн тавдугаар сард нийтлэгдсэн нь тухайн үед хүмүүсийн анхаарлыг ихэд татаагүй ч эдүгээ олны өмнө илчлэгдэн эргэлзээ төрүүлсээр байгаа юм. Ажиглагчдын үзэж буйгаар АНУ, Японы талаас Монгол Улсын зарим дарга нарын “тархийг угаажээ”. Тодруулбал, дэлхий нийт цөмийн эрчим хүчнээс татгалзаж байгаа. Тиймдээ ч цөмийн эрчим хүчгүй Монгол Улс нь цөмийн хаягдлыг булах тал дээр гэрээ хийсэн. Энэ нь нэг талаараа Монголд ашигтай ч нөгөө талаараа байгаль экологийн асуудлыг төдийлөн хайхардаггүй дарга нарын шийдвэр байсан уу” гэх утгатай дүгнэлтүүдийг энд нийтэлсэн байгаа юм.
АНУ-ын болон дэлхий дахинаа онцгой нууцыг дэлгэдэг эдгээр сайт ийнхүү бичиж байгаа нь үнэний ортой бололтой. Энэ бүхэн манай улсын нэр төрийг дэлхий дахинд унагаж, хээл, хахуульд автагдсан орон болохыг баталсан үйлдэл хэмээн зарим судлаачид дүгнэж байна.
Мөн тэд “Монгол Улсын эдийн засгийн эх үүсвэрүүдийн нэг, стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг АНУ, ОХУ болон БНХАУ-тай хамтран эзэмших болсон. Үүний зэрэгцээ байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдаг-дуулах цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлах талаар гэрээ хийчихлээ гэж үү” хэмээн гайхширч байгаагаа илэрхийлж байна.
Б.Баатар
URL: