Ж.Батзандан гишүүн тойрогтоо ажиллалаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ өдрүүдэд Баянзүрх, Налайх дүүрэгт ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүрэг, Налайх хотын иргэдтэй уулзаж хороонд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудаар санал солилцохын зэрэгцээ өөрийн ажлын тайлангаа тавьж байна.

БЗД-ийн 17-р хорооны иргэн н.Сурамгай

Хороо дүүрэгт хийгдэж байгаа ажлууд өнгө зүс нэмээд сайхан болж байна. Гэхдээ өдрөөс өдөрт хүнс бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байгаа хирнээ цалин хөлс,тэтгэвэр тэтгэмж ер нэмэгдэхгүй байгаа учир нь юу вэ. Хамтын тэтгэвэрийн хууль хэзээ батлагдах гэж байна. Ажилгүй иргэд тэр тусмаа залуучууд маш их боллоо. Ажлын зар их байна.Гэхдээ хөдөлмөрийн мөлжлөг гэдэг зүйл газар авчээ.Залуучуудыг ажилуулдаг мөртлөө болохгүй байна чадахгүй байна гээл  сар явуулаад халчих юм.Тэгэхээр залуучууд нь халшраад юмуу яадаг юм ажил хийхгүй.Боловсон хүчин дутмаг болж байна шүү энэ улс орон чинь. Бүтээн байгуулалтанд санаа тавилгүй яахуу гэхдээ хүнээ хөгжүүлж улс орноо бодмоор байна.

БЗД-ийн 26-р хорооны иргэн

26-р хороонд шугам сүлжээ, зам засварын  ажил маш сайн хийгдсэн. Гэхдээ тавьсан зам нь чанаргүй хийгдээд зун бороо орсон чинь эхнээсээ хагараад эхэллээ. Манай хорооны байр сая баригдаж дууссан ч өрхийн эмнэлэг байхгүй хэцүү байна. Биднийг хаа байсан Эрдэнэтолгойн 9-р төвд үзүүл гэдэг. Хөгшин настай бидэнд эмнэлэг ойрхон байвал сайн байна.Ядаж улсын 1, 2-р эмнэлэгт үзүүлж болохгүй юу. Заавал хол явж байхаар бүх эмнэлэгт үзүүлэх харъяалалтай болгож өгөөч гэж хүсье. Ж.Батзандан гишүүн манай хороонд 3 дах удаагаа ирж байна. Өмнө жил сургуулийн асуудлаар өргөдөл өгч байсан хурдан шийдвэрлэгдсэн шүү баярлаж байгаа гэдгээ хэлмээр байна.

БЗД-ийн 24-р хорооны иргэн Доржготов

Манай 24-р хороонд цэцэрлэг гээд байх юм байхгүй. Уг нь газар нь байна гэж сонссон.Энэ газарт та цэцэрлэг байгуулаад өгөх боломж байна уу. Төр засгаас хийж байгаа зүйлүүд нүдэнд ил харагдаж байгаа учраас яриад байх юм алга.Гэхдээ энд БАМ-ын барилга гэж дээр үеийн хэдэн барилга байна.Үүнийг хувьчилж авах халуун усанд холбуулах арга юу байна. Уг нь энэ барилгуудыг хувьчилна гэсэн одоо хир таг байна. 24-р хороо газрын маргаан их байна. Энэ асуудлыг маань нааштай шийдвэрлэж өгөөч гэж хэлэх байна.

БЗД-ийн 1-р хорооны иргэд

Манай хорооны 14-р байрны урд нар хааж барилга барих гэж байна. Энэ хавийн иргэд маш их эсэргүүцэж байгаа. Хороонд ямар нэгэн ажил хийгдэхээр бол иргэдийн саналыг авч хийх үү, хийхгүй юу гэж асуумаар байна. Дээр нь манай хороонд ажилдаг хэдэн СӨХ байдгийг иргэд мэддэггүй.

Ажлаа тайлагнадагүй. Орцонд бие засах бохир заваан гээд асуудлууд байгаа.Та Бат-үүл даргад санал уламжилж мэдээлэл хийсэн.Тэгэхээр хэзээ энэ асуудал шийдэгдэж СӨХ-үүдийг цэгцэлж ажлаа хийдэг тайлагнадаг болгох вэ. Ерөөсөө мөнгө л авдаг байгууллага болчихлоо.

 Ж.Батзандан гишүүний хувьд  алслагдсан хороодод нэмж мөнгө хуваарилан, бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг харъяаллын оршин суугчид буюу иргэдийн бүлгүүдээр гүйцэтгүүлнэ хэмээлээ. Мөн иргэдэд хамгийн их тулгамдаж байгаа асуудлуудаар холбогдох байгууллагуудтай нь  хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж иргэдийн эрх ашгийг хамгаална гэв.


URL:

Сэтгэгдэл бичих