Бага Тавантолгой хувь заяа юу болов
Сүүлийн үед Монголчууд бүгдээрээ л шахуу “Эрдэнэс Тавантолгой” гэж ярих болжээ.
Мэдээж анхаарлын төвд байгаа гэдгээрээ том багагүй ярьж, хэлэх нь зөв. Гэхдээ үүний хажуугаар нэг зүйлийг мартчихсан бололтой. Тэр бол орон нутгийн Тавантолгой буюу бидний хэлж заншсанаар “Бага Тавантолгой”. Нэгэнт “Эрдэнэс Тавантолгой”-г түшиглэж Монгол Улс хөгжих гэж байгаа болохоор “бага” гэгдэх Тавантолгойн хувь заяа сүүлийн үед ихээхэн бүрхэг болсон байна.
Харин үүнд нь Өмнөговьчууд ихээхэн бухимдаж байгаа гэнэ. Аргагүй л дээ, орон нутгийн өмчит Тавантолгой компанийн ачаар энэ нутгийнхан сүүлийн 20 жил хүнээс гуйхгүй элбэг дэлбэг сайхан амьдарч байгаа юм чинь. Амьжиргаанаасаа салахыг хүсэхгүй байх нь мэдээж. Харамсалтай нь бага Тавантолгойн уурхайн ам тун удахгүй хаагдахдаа тулжээ. Байгалийнхаа жамаар яваад нөөц нь дуусаад хаагдаж байгаа бол болно л доо.
Харин бага Тавантолгойн хувьд асар их хэмжээний нөөцийг аргагүйн эрхэнд үлдээгээд үйл ажиллагаагаа хаах дээрээ тулаад байгаа юм. Тодруулж хэлбэл, ойролцоогоор 70 гаруй сая тонн нүүрсний нөөцийг тус компанийнхан одоо ашиглаж байгаа технологиороо олборлох ямар ч боломжгүй болжээ.
Боломжит 70 сая тонн нүүрсийг олборлохын тулд уурхайн амыг 250 метр хүртэлх гүнд ухаж, олборлолт явуулах ёстой. Орон нутгийн Тавантолгой компанийн хувьд Тавантолгойн ордын 69 га талбайд уурхайн хоёр амыг нээн олборлолт явуулдаг. Хоёр амных нь хооронд 200 га газарт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Дайцекү” компани лиценз эзэмшиж байгаа юм. “Дайцекү” компанийн эзэмшиж буй уг талбай уг нь орон нутгийн Тавантолгойн эзэмшилд байсан гэдэг.
Үүнийг БНН-ын дарга Б.Жаргалсайхан Үйлдвэр худалдааны сайд байхдаа хууль бусад “Дайцекү” компанид шилжүүлсэн гэдгийг тус компанийн ойрын эх сурвалж дуулгаж байна. Үүнээс болж өнөөдөр бага Тавантолгойн уурхайн хоёр ам хаагдахад хүрээд байгаа аж. Үлдээд байгаа 70 сая тонн нүүрсийг олборлохын тулд 250 метр гүн ухах шаардлагатай гэдгийг дээр хэлсэн. Үүний тулд уурхайн амыг шаардлагатай хэмжээнд тэлэх шаардлагатай байгаа аж. Харамсалтай нь тус компанийнханд уурхайн амыг шаардлагатай хэмжээнд хүртэл тэлэх боломж үлдээгүй.
Жаахан л хэтэрвэл хүний буюу “Дайцекү”-гийн эзэмшлийн талбайд орчих гээд байгаа гэсэн. Одоо байгаа хэмжээнд нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлбэл, боломжит 70 сая тонноос үсрээд л 35 саяыг олборлох боломжтой аж. Энэ тохиолдолд тус компани жилд таван сая тонн нүүрс олборлоод явахад ердөө долоон жилийн дараа нөөц дуусах нь. Бага Тавантолгой дээр осол гарч, хүний амь үрэгдээд байдгийн нэг шалтгаан ч бас энэ ажээ. Өөрөөр хэлбэл, хэт жижигхэн ам руу 100 тоннын даацтай хүнд оврын техник орж байж, нүүрсээ олборлодог.
Харин уурхайн ам хэт жижигхэн учраас хавчигдаж явж байгаад нүх рүү унаж осол гаргах нь олон байдаг гэнэ. Тус компани лицензтэй талбайгаа яагаад “Дайцекү”-д алдав гэж шүүхэд хандаад байгаа аж. Шүүхийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. Юутай ч өнөөдөр Бага Тавантолгойн уурхайн ам хаагдахдаа тулаад байгаа аж. Сүүлийн 10 гаруй жилд Өмнөговийнхныг тэжээж байгаа бага Тавантолгойн уурхай хаагдахдаа тулсанд нутгийн иргэдийн бухимдалтай байгаа гэнэ.
Бага Тавантодгойн ачаар Өмнөговь аймаг улсаас ямар нэгэн татаас авалгүйгээр бор зүрхээрээ хөгжиж ирсэн гэнэ. Тус компани уг нь Тавантолгойн ордыг бүхэлд нь эзэмшиж байсан ч 1998 онд Ашигт малтмалын хууль батлагдсаны дараа лицензийн төлбөрөө төлж чадахгүйд хүрч, 2000 онд багахан хэмжээний талбайг авч үлдээд, бусдыг нь төрд шилжүүлсэн гэдэг. Тухайн үед бага Тавантолгой жилд ердөө 50 мянган тонн нүүрс олборлож, орон нутгийн хэрэгцээгээ хангадаг жижигхэн компани байсан аж.
Харин 2004 оноос эхлэн урд хөрш рүү нүүрсээ нийлүүлэх болсноор “томрох” замаа нээжээ. Өмнөговийнхон өнөөдөр баян байгааг бага Тавантолгойн ач гэж нутгийн иргэд хэлдэг юм билээ. Тийм учраас өөрсдийнх нь амьдралыг сайн сайхан болоход нөлөөлсөн бага Тавантолгойгоо алдах дургүй байгаа бололтой. Нөгөө талаас хятадууд Тавантолгойн ордод маш том буюу 200 га талбай эзэмшчихээд, үүнээс нь болж орон нутгийн Тавантолгой хаагдахад хүрч байхад хэн ч дургүйцэх нь мэдээж шүү дээ.
“Дайцекү” компани тус лицензийг авчихаад өнөөг хүртэл нэг шанага ч нүүрс хутгаагүй гэдэг. Бага Тавантолгойн хоёр амны хооронд 200 га тал газар зүгээр л “хэвтэж” байдаг аж. Хэрвээ нүүрсийг нь ухаад эдийн засгийн эргэлтэд оруулбал ямархуу ашиг орж ирэх вэ гэдэг нь бас бодох зүйл. Улсын төсөвт биш юм гэхэд Өмнөговьчуудын амьдралд чамгүй сайнаар нөлөөлөх биз ээ.
Гэхдээ бага Тавантолгойд бүр ямар ч боломж үлдээгүй гэвэл арай биш л дээ. Шинэ технологи нэвтрүүлж болно. Өөрөөр хэлбэл, 250 метрийн гүнд байгаа нүүрсийг машинаар биш ковшоор татах технологи аж. “Эрдэнэт” үйлдвэр ийм технологи руу шилжээд байгаа билээ. Эсвэл 35 сая тонн нүүрсээ хэдхэн жилийн дотор ухаж дуусгаад уурхайгаа хаах гэсэн бас нэг сонголт бий. Энэ тохиолдолд жижиг Тавантолгойд ердөө долоон жилийн нас үлджээ. “Дайцекү” компанитай жижиг Тавантолгойнхон заргалдаж эхэлснийг дээр дурьдсан.
Шийдвэр яаж гарахаас хамаарч бага Тавантолгойн хувь заяа шийдэгдэнэ. Гэхдээ “Дайцекү” компанид хэн гаж эрх мэдэлтэн лиценз олгов гэдэг асуудал анхаарлын гадна үлдэх байлгүй дээ. Болдог бол “Дайцекү”-гийн эзэмшиж буй талбайн лицензийг цуцлаад том Тавантолгойдоо шилжүүлчихмээр юм. Тэгээд том Тавантолгойнхоо үйл ажиллагааг жижигтэй нь уялдуулна гэсэн үг.
“Дайцекү”-гийн хувьд нэгэнтээ ямар ч үйл ажиллагаа явуулахгүй, улсын төсөвт ашиг оруулахгүй байгаа юм чинь лицензийг нь хураагаад авчихад болохгүй гэх газаргүй шүү дээ.
Л.Энхдэлгэр
URL: