Парламентийг хоёр танхимтай болгож 7 жилээр сонгоё
Энэ санаачлагыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном НАМЗХ-ны залуустай хийсэн VIP зочин уулзалтын үеэр илэрхийллээ. Тэрээр өнөөдрийн төр засгийн бодлого, нийгэм эдийн засгийн амьдралын талаар сонирхолтой яриа өрнүүлсэн бөгөөд манай улсад урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлт алдагдсан гэдгийг онцолж хөгжлийн шаардлага хангасан төрийн тогтолцоотой болохын тулд үндсэн хуулийн зарим зохицуулалтыг шинэчлэх шаардлагатай гэдэг байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрээр “Хоёр танхимтай парламент байгуулж долоон жилээр сонгодог болох хэрэгтэй, учир нь манай хоёр хөрш болох БНХАУ, ОХУ-ын хөгжлийн бодлоготой бид уялдаж байх шаардлагатай. Гэтэл ямар ч уялдаа алга. БНХАУ-д удирдлагаа 10 жилээр сонгож байгаа бол ОХУ-д 6 жилээр сонгодог боллоо.
Гэтэл бид энэ хооронд хэдэн удаа төр засаг солигдож яригдаж байсан асуудлууд өөрчлөгддөг, байр суурь эргэдэг, өмнө нь хийж байснаа үгүйсгэдэг хандлагатай болсноор хөршүүдийнхээ итгэлийг алдаж байна” гэдгийг онцолсон юм.
Улстөрийн тогтвортой байдлыг бий болгох нь Монгол Улсын хөгжил дэвшилд амин чухал нөлөөтэй бөгөөд өнөөдрийн дөрвөн жилээр сонгогддог тогтолцоо нь төрийг хариуцлаггүй болгож, сонгуулиас сонгуулийн хооронд юу дуртайгаа амладаг буруу жишиг рүү хөтөлж байна. Цаашид энэ тогтолцоо явах боломжгүй юм гэж байр сууриа илэрхийлсэн байна.
URL: