С.Бямбацогт: АH-д төрийн мөнгөөр сонгуульд өрсөлдөх боломжийг цэц олгох гэж байна
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Сонгуулийн хуультай холбогдуулан гаргасан Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт, зарим аймагт үүсээд байгаа асуудлыг хэлэлцэж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заасан байдаг.
Гэтэл Үндсэн хуулийн Цэцээс энэхүү хуулийн заалтыг 2015 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, төрийн бүх албан тушаалтан сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс ажил, албан тушаалаасаа түдгэлзэхгүйгээр сонгуульд нэр дэвших эрхтэй болж байгаа юм.
Харин МАН-ын бүлэг Үндсэн хуулийн Цэцийн энэхүү 12 тоот дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт тайлбарлахдаа “Цэц засгийн эрх баригч нам, одоо ажиллаж байгаа төрийн удирдах албан тушаалтнуудад давуу байдал бий болгосон дүгнэлт гаргалаа.
Өөрөөр хэлбэл, яамны төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, төрийн өмчит компанийн захирлуудад албан тушаал, эрх мэдэл, унаа машин, хангамжтайгаа хамт сонгуульд нэр дэвших боломж олгож байна. Морьтой хүн, явган хүн хоёр уралдвал хэн нь түрүүлэх нь тодорхой.
Сөрөг хүчин, бусад улс төрийн намаас нэр дэвшигчид, жирийн иргэд, улс орноо хөгжүүлэх бодлогод оролцъё гэсэн хүмүүст явган таваргах л дүгнэлтийг гаргасан байна. Цэцийн дүгнэлтийг бид ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байгаа. Сонгуульд хүн бүхэн ижил тэгш гараанаас гарч өрсөлдөх ёстой.
МАН засгийн эрх барьж байхдаа, олонх байх үедээ бусадтай ижил тэгш гараанаас сонгуульд оролцох ёстой гэдэг үүднээс төрийн удирдах албан тушаалтнууд сонгууль болохоос өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хуулийн зохицуулалтыг хийсэн. Гэтэл АН эрх барьж байх үедээ төрийн ажил, албан тушаалаа эрхлэн давуу байдалтайгаар сонгуульд оролцох боломжийг бий болгох гэж байна.
Ард түмэн энэ байдлыг харж байгаа. Тиймээс бид энэ дүгнэлтийг хүлээж авахгүй” гэлээ. Мөн тэрээр сүүлийн үед Цэц захиалгат, улс төрийн тодорхой зорилготой дүгнэлт гаргаж байгааг онцолсон юм.
Тухайлбал өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн өргөдлийн дагуу УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын босгоор шийдэгддэг хуулийн заалтуудыг Үндсэн хуулийн Цэц бүгдийг нь хүчингүй болгосон, үүний улмаас өрийн таазтай холбоотой асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шийддэг байсныг болиулсан, УИХ-ын гишүүн нь нэг сайдыг огцруулах санал гаргах эрхийг хязгаарлах дүгнэлт гаргасныг дурдав.
Д.ХАЯНХЯРВАА: ОРОН НУТГИЙН АСУУДЛААР ЕРӨНХИЙ САЙДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛНЭ
МАН-ын Удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу МАН- ын бүлгийн хуралдаанаар зарим аймагт үүсээд байгаа асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээр боллоо. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийж, нэгдүгээр Дундговь аймагт хууль бус ИТХ-ын шийдвэрээр Засаг даргыг огцруулсан, хоёрдугаарт, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дөрвөн тойрогт дөрвөн сарын өмнө явагдсан дахин сонгуулийн үр дүнг баталгаажуулаагүй, гуравдугаарт, Дархан-Уул аймгийн ИТХ-ын хуралдаан хууль бус болсныг захиргааны хэргийн шүүх түдгэлзүүлсэн атал Ерөнхий сайд хууль бус Засаг даргыг батламжилсныг дурдлаа. Тэрээр хэлэхдээ “Албан тушаал, эрх мэдлээс болж үзэл бодлоосоо урваж шарвадаг явдал хэрээс хэтэрсэн нь төр засгийн нэн тэргүүнд анхаарал хандуулах асуудал болсныг бүлэг дээр ярилцлаа.
Иймд хууль хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх, төрийн ажлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхийг Ерөнхий сайдаас шаардахаар болсон. Эдгээр аймагт аль намаас ИТХ-ын дарга, Засаг дарга томилогдох нь чухал биш, хамгийн гол нь бүх зүйл хуулийн хүрээнд явагдах ёстой гэж үзэж байна” гэлээ.
М.Алтанцэцэг
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: