МОНГОЛ УЛСАД 103 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЭЭД БАЙНА
2015 оны эхнээс өссөн дүнгээр наймдугаар сарыг дуусталх хугацаанд Монгол Улсад 103 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
2015 оны эхний улиралд хөрөнгө оруулагчид Монголоос хөрөнгөө эргүүлэн татах хандлагатай байсан бол II, III улиралд “Оюу Толгой”-ийн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлах хүлээлттэй зэрэгцээд харьцангуй сайжирсан байна. Хөрөнгө оруулагчдын
хандлагыг илтгэдэг анхны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ тогтмол нэмэгдэж 1-8 дугаар сарыг дуусталх хугацаанд нийт 204.7 сая ам.доллар оруулсан нь 2014 оны мөн үетэй харьцуулахад найман хувиар өсчээ.
Хөрөнгө оруулалтад буцааж оруулсан орлогын хувьд мөн адил өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өсч, 118.6 сая ам.доллараар хэмжигдэж байна.
Харин 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани, түүний салбар нэгжээ байгуулах зорилгоор гадаадаас орсон хөрөнгийн урсгал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадагшлах хандлагатай байгааг Монголбанкны тайланд онцоллоо.
Нөгөө талаас санхүүгийн аливаа бүтээгдэхүүн хэлбэрээр байршуулсан хөрөнгийн хэмжээ 623.7 сая ам.доллартай тэнцэж байна. Монголбанкнаас мэдээлснээр гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьтай тэнцэж байгаа нь хамгийн тааруу үзүүлэлтэд тооцогдож байна.
“Оюу Толгой”-ийн анхны хөрөнгө оруулалт хийгдэж, бусад уул уурхайн томоохон төслийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн 2011 онд нийлбэр дүнгээрээ дотоодын нийт бүтээгдэхүүний 44 хувьтай тэнцэж байжээ.
З.Энхболор
Эх сурвалж: www.bloombergtv.mn
URL: