Н.Даваа Б.Эрдэнэбилэгээс аюултай хүн үү

“Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Н.Даваагийн таслан сэргийлэх хурал уржигдар Баянзүрх дүүргийн шүүхэд болж түүнийг яаж ч байсан “Ганц худаг”-аас гаргаж болохгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. Ямар хүнийг батлан даалтад гаргадаггүй вэ гэхээр онц ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдсэн, батлан даалтад гарлаа гэхэд юу ч хийж мэдэх, оргож зайлахаар, найдваргүй нөхдүүдийг хэлдэг. “Анод”-ын Давааг тийм л хүн гэж шүүх үзжээ. Н.Даваад саймширсандаа үүнийг бичиж байгаа юм биш. Сая гарсан аймшигт аллагын эзэн гэх Б.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргасантай жишиж үзээд л Монголын шүүх, прокурор, хуулийнхны өнөө их яриад буй шинэчлэл энэ тэр нь хаана явна, хуучин муу муухайтайгаа хэвээр байгаа юм биш үү, улс төрийн ес хонзонгийн талбар эдгээр байгууллага хэвээр байгаа юм биш үү гэсэн эргэлзээгээр уншигчдадаа хүргэж байгаа юм.

Нэгэн өрх айлын голомтыг самарсан гэх Б.Эрдэнэбилэгийг шүүх, прокуророос батлан даалтад гаргаагүй бол өнөөдөр тэр өрх айлын халуун ам бүл бүрэн бүтэн байх байлаа. Арван хэдтэй жаахан хүү аав, ээж, ганц эгчийгээ газарт булахыг харахгүй байлаа. Гэтэл монголын хуулийн байгууллагынхан найзыгаа боож алаад ээжийг нь хүчиндсэн, бас дээрэм хийсэн түүнийг цаазын ялаас мулталж, 22 жилийн ял болгоод улмаар тэр ялыг нь ямар нэгэн арга чарга, авлига юмаар зохицуулсаар Өршөөлийн хуульд хамруулж 4.5 жил болгон замхруулж эцэс сүүлд нь батлан даалтад гаргаснаар ийм аймшгийг нийгэмд авчирлаа. Үүнийг хэн хийсэн нь өнөөдөр гол биш байна, харин хэн хийлгэхэд хүргэв гэдэг л онц чухал байна. Жирийн иргэн Дорж түүнд тус болов уу, эсвэл өөрийн сайнаар тэр нөхөр шоронгоос гарав уу. Хариулт нь тодорхой. Монголын өнөөдрийн хуулийн байгууллагынхан түүнд тус болжээ. Түүний анх холбогдсон хэргийн газрын үзлэгийг нь дутуу дулимаг хийж, түүн дээр нь шүүх, прокурор гэж хоёр байгууллага тоглолт хийснээр алуурчны амийг аварч, ахиад аллага үйлдүүлжээ. Түүний хэргийг дээрх хоёр газраас нийтдээ дөрвөн удаа буцаасан байдаг юм. Хуулийн нөхөд Б.Эрдэнэбилэгийн төлөө ямар сайн ажиллаа вэ. Цаг наргүй ажилласан байх даа, тэд. Ингэж хөдөлмөрлөсөн тэдэнд их л зардал хөрөнгө гарсан байж таараа. Тэр нь улсын төсвөөс лав гараагүй. Б.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргасны эргэн тойрны асуудал ингэж л харагдаж байна даа, хуулийнхаан. Булзах, бултах гарц байна уу, та бүхэнд. Харин Н.Даваагийн хувьд эрүүл мэндийн байдал муу байгаа мэдээлэл цацагдсаар байгаа. Түүнийг батлан даалтад гаргахаар ар гэрийнхэн нь хөөцөлдсөөр байгаа юм билээ. Хуулийн байгууллагын зүгээс “Зүгээр ээ, шоронгийн эмнэлэгт хэвтүүл. Даалтад л гаргаж болохгүй” гэсээр уржигдар дахиад нэг сар хорих шийдвэр гаргасныг эхэнд дурдлаа. Түүнд холбогдуулсан хэрэг бол хувьцаа эзэмшигчид болон хадгаламж эзэмшигчдийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн зүйл анги. Харин Б.Эрдэнэбилэгийн холбогдсон хэрэг бол танхай, хүчин, дээрэм, хүн амь… өөр юу юу ч байдаг юм. Эрүүгийн хуулийн зургаан зүйл ангиар ял төлөвлөгдсөн нөхөр. Энэ хоёрыг товчлон харьцуулбаас нэг нь банкинд байсан хадгаламж эзэмшигчдийн мөнгийг буруу зарцуулсан. Нөгөө нь хүн алж хүрээ талсан нэгэн. Ингээд хоёулаа “Ганц худаг”-аас Монголын шүүх, прокурорын байгууллагад батлан даалтад гарах хүсэлтээ илэрхийлсэн. Үүнийх нь хариуд Монголын шүүх, прокурорынхон “Н.Даваа нь онц аюултай битгий гарга, Б.Эрдэнэбилэг нь бараг хэлмэгдсэн хүн сулла” гэсэн шийдвэрийг гаргажээ. Шоронгоос гаргасан Б.Эрдэнэбилэг нь хүмүүсийг хүйс тэмтрэв. Гарч чадаагүй Н.Даваа нь эхнэрийнхээ унаж байсан ганц экселийг ус мөрөн, байгаль дэлхийгээ хамгаалах Иргэний хөдөлгөөнийхөнд шоронгоос өгч “Эх орныхоо байгаль дэлхийг хамгаалах үйлсэд зориул” гэж хэлүүлжээ. Энэ тухай сонин хэвлэлээр зөндөө гарсан даа. Монголын шүүх, прокурорынхны хийсэн, хийдэг, цаашид ч хийсээр байж мэдэх ажил энэ.

Ингэж харагдаж байгаа Монголын шүүх, прокурорын байгууллагаас шинэчлэлийн урин салхи ер нь үнэртэх найдвар байна уу. Шинэчлэл, шинэчлэл гэсэн сайхан зүйл ярихаас өөрөөр юу хийж гийгүүлэв. Бахь байдгаараа л байна шүү дээ. Хуучин арга барилаараа, авлига мөнгө, ар өврийн хаалгаар асуудлыг шийддэг хэвээр. Тэр ч бүү хэл улстөрчдийн ес хонзонгоо авдаг гар хөлийн газар болсон нь Н.Даваагаас тод харагдаж байх шиг. Н.Даваа шиг их хэмжээний хохирол иргэдэд учруулсан гэх нөхөд Монголоор дүүрэн шүү дээ. Тэдний дийлэнх нь батлан даалтад гадуур байдаг. Тэгтэл Н Даваа ганцаараа шоронд.

Энэ хүн Их хуралд нэр дэвшиж байсан, хэн нэгэнд шавар хааж байсан, өнөөгийн төр засгийн болох бүтэхгүйг хэлдэг, мөнгөтэй тийм л хүн. Тийм болохоор түүнийг тодорхой улс төрийн бүлэглэлүүдийн, тодорхой улстөрчдийн урт хар гар шоронд суулгаж байгаа гэдэгт өнөөдөр эргэлзэх хүн алга. Суулгахад нь шүүх, прокурорынхон нөлөөлж байгаа гэдэгт бүр ч эргэлзэх юм алга. Түүнтэй адил хэрэгт холбогдогсод гадуур байдгийн шалтгаан нь тэд улс төрчдөд буулт хийсэн хүмүүс. Өс хонзонгоос нь айж далан таваар бууж өгсөн хүмүүс. Харин Н.Даваа тэгж сөхөрдөггүй нэгэн бололтой дог оо. Энэ бүхэнд эцсийн үнэний цэг хатгах хүмүүс нь хуулийнхан. Гэвч тэд үнэний цэгийг тавьж чадахгүй юм байна. Тавьж чадахгүйгээр барахгүй бүр тэдэнтэй хамсаж, муу үйлдлээ “Шүүхийн шинэчлэл” гэсэн сайхан малгайн дор нууж байна. Уржигдар болсон шүүх хурал дээр Шүүгчээс нь хэн нэгэн “Наад Даваа чинь Б.Эрдэнэбилэг шиг хүн алж хүрээ талах хүн учраас батлан цаалтад гаргахгүй байгаа юм уу” гэж асуусан бол “Тиймээ” гэж тэд хэлэхгүй нь тодорхой. Тэгсэн хэрнээ “Дээрээс л наадахыг чинь битгий гарга гээд байна” гэж бас хэлж чадахгүй. Тэр шүүгч дарамтлуулж байгаа, түүний дарга нь бас хэн нэгэнд дарамтлуулж байгаа. Дарамт бүхний орой дээр даварсан бохир улстөрчид тэдний эргэн тойронд ямагт байдаг авлига хээл хахуулийн сүлжээ л байгаа шүү дээ. Энэ бүхэн арилахгүйгээр маргааш, нөгөөдөр, нөгөөдрийн маргааш ч бузар хэрэг гарсаар байх болно. Магадгүй танаас өнөөдөр хол юм шиг санагдаж буй тэр аймшгууд нэг л өдөр таны дэргэд ирсэн байхыг тааж хэлэхийн аргагүй. Ингэж л бодох, харах цаг болсон байна шүү иргэд ээ.

Дахин асууя, Монголын шүүх, прокурорынхоон! Н Даваа гэдэг хүн Б.Эрдэнэбилэгээс аюултай хүн үү? Та бүхэн маргааш өдөр “Б.Эрдэнэбилэгийг ийм ийм үндэслэлээр сулласан юм. Харин Н.Давааг ийм ийм үндэслэлээр батлан даалтад гаргаагүй юм шүү” гэсэн тайлбарыг хэвлэлийн бага хурал зарлаад хэлээд өгөөч ард түмэнд. Чадахгүй л дээ, та нар.

П.ХАШЧУЛУУН

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих