С.Чинбат: Шүүгч хүн өөртөө алдаа өгдөггүй юм билээ


Чөлөөт бөхийн олон улсын шүүгч С.Чинбаттай “Баянхонгор бага олимп-2015” наадмын үеэр ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-Хүмүүс таныг шүүгч гэдгээр тань мэдэхээс тамирчин байсныг  төдий­лөн мэдэхгүй байх. Энэ талаар тодруулахгүй юу?

-Одоогоос 29 жилийн өмнө энэ спортод хөл тавьж, хүүхэд байхдаа барилдаж эхэлсэн. Энэ цаг үе маань их хурдан өнгөрч. Бага олимп гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Энэ олимпод уригдаж ирсэндээ баяртай байна. Анх 1987 онд чөлөөт бөхөөр Найрамдлын районы Нямхүү багшийн удирдлага дор 15 настайдаа хичээллэсэн. Энэ цаг үеэс хойш спортын дэд мастер болж, улсын аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медаль авч байсан. 1992 онд бэртэл гэмтлээс болоод барилдахаа больж спортоо хаяхгүй гээд биеийн тамирын сургуульд сурч, шүүгч болсон. 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл 20 дахь жилдээ шүүгчээр ажиллаж байна. Мөн олон улсын шүүгч болоод 15 жил боллоо. Амжилтын замнал чөлөөт бөх гэдэг их спорттой салшгүй холбоотой.

-Саяхан Лас Вегаст болсон чөлөөт бөхийн дэлхийн аваргад манайхан өндөр амжилттай оролцлоо. Мэргэжлийн шүүгчийн хувьд энэ талаар дүгнэж хэлбэл?

-Тамирчнаас шүүгч болоход амаргүй даваа байсан гэдгийг биеэрээ мэдэрч байна. Энэ хооронд шүүлтийн буруу, зөв асуудлууд байдаг. Мэдээж өөрсдөө хариуцлагагүйгээс алддаг байсан байх. Энэ алдаа оноог тухайн үеийн тэмцээний ерөнхий шүүгч дүгнэдэг байсан. Ер нь шүүлт гэдэг дээр надад нэг хүн зөвлөж хэлж байсан юм. Шүүгч хүн дүлий, нүд хурц, ам нь хэлгүй байх ёстой гэж. Бүхнийг хар. Тэр торгон агшныг харж байж сая таньж оноог ялгаж, салгаж өгнө гэж хэлсэн үг өнөөдрийг хүртэл шүүгч хүнд байх ёстой эрхэм мөн чанар юм шиг байна лээ. Лас Вегасын тэмцээнд шүүгчдийн талаас асуудал гарсан гэж бодохгүй байна. Манай тамирчдын авч байгаа оноо өөрийнхөө хэмжээнд авах ёстой оноогоо авсан. Цагтайгаа буруу харьцсанаас алдаа гаргадаг. Шүүгч хүний хувьд энэ олон жилийн тэмцээн уралдааныг дүгнэж харахад шүүгч хүн өөртөө алдаа өгдөггүй юм билээ.

-Яагаад тэр билээ?

-Өөрөөс нь илүү шүүх хүн шүүгч л байдаг учраас алдаа гаргадаггүй юм. Шүүлтийн алдаа гаргана гэдэг тухайн цаг үеийн тэмцээн удирдаж байсан ерөнхий шүүгч, дэвжээний ахлах шүүгч шийдвэрийг гаргах эрхтэй байдаг болохоор маргах учиргүй. Эцсийн шийдвэр гаргаж байгаа үед тэмцээний ерөнхий шүүгч янз бүрийн хувилбар гаргадаг байж магадгүй. Үүнийг хэлж мэдэхгүй. Тухайн үед мэх хийж байгаа бөхчүүдийн сөрөг мэхийг контор мэх хийсэн гэж хэлдэг. Үүн дээр их ажиглагддаг. Өмнө нь мэх хийж байгаа тамирчин үндсэн гурван оноогоо авдаг. Дагаж хийж байгаа хүн нь хоёр оноо авах тийм боломжтой үед харьцангуй бага зэргийн алдааг хэнд нь өгөх вэ гэсэн зүйл гарч ирдэг. Үүнийг тухайн үед шүүгч өөрийнхөө үзэмжээр шийдвэрээ гаргаж өгдөг. Энэ нь хөндлөнгийн нүдээр харахад арай өөр харагддаг юм билээ. 2000 оноос хойш шүүгч нарын алдаа, оноог бичлэгээр ухрааж торгон агшныг дахин хардаг болсон. Үүнээс хойш маргаан бага гардаг болсон. Өнөөдөр дасгалжуулагч, тамирчид алдааг шүүгчид нялцаах хэрэггүй. Алдаагаа өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Дэлхийн бөхийн холбоо ямар ч тохиолдолд шүүгчдээ хамгаалдаг. Шүүгчид эцсийн шийдвэрээ л гаргадаг.

-Олон улсын шүүгч ямар давуу эрхтэй байдаг юм бэ?

-Олон улсын шүүгч болно гэдэг нь олон улсын чанартай тэмцээн, уралдааныг шүүх эрхтэй. Нөгөө талаар зэрэг цолны асуудал. 1-3 дугаар зэрэг байдаг. Энэ зэргээс шалтгаалж Ази, дэлхий, олимпийн аварга, дэлхийн цом гэсэн чанартай, өндөр зэрэглэлийн тэмцээнийг шүүх эрх олгодог. Хоёр, гуравдугаар зэрэгтэй шүүгчид зөвхөн олон улсын чанартай тэмцээнүүдийг шүүх эрхтэй байдаг. Үүгээр олимп, тив, дэлхийг шүүх зэрэглэл нь гарч ирдэг. Одоогоор Монголд олимпийн зэрэгтэй шүүгч Төмөрбаатар, Сэрээтэр, С.Магсар, А.Басхүү, А.Баасанхүү гэж байсан. Одоогоор 1960, 70-аад оны залуучуудын үе эхэлсэн. Тэд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн учраас тив, дэлхийн тэмцээн, олимп шүүж байна. Би олимп, дэлхийн аваргыг шүүх мөрөөдөлдөө хөтлөгдөөд энэ спортоос салж чадахгүй байна. Энгийнээр хэлэхэд бид чөлөөт бөх гэсэн хар тамхи судсандаа тариулсантай адил хүмүүс.

-Таныг анх орж байхад хэн гэдэг шүүгч байсан бэ?

-Миний мэдэхийн Монгол Улсад 1961 онд чөлөөт бөх хөгжиж эхэлсэн. 1963 онд анх дэлхийн аваргад, 1964 онд Токиогийн олимпод оролцож байсан. Чөлөөт бөхийн шүүгчид түүхэндээ хамгийн олон удаа олимп шүүсэн байдаг. Тэдний нэг О.Цэрэндагва гэж чөлөөт бөхийн загалмайлсан эцэг маань анх 1968 оны Токиогийн олимпийг шүүж байсан. Үүнээс хойш С.Магсар, А.Басхүү гэж шавь нь шүүж байлаа. Миний мэдэх үе гэвэл А.Басхүүгээс хойш буюу 1980-1990-ээд оны сүүлч хүртэл тэмцээн уралдаанд хамт явж байсан. А.Басхүү, А.Баасанхүү гэж тухайн цаг үед Монгол Улсад чөлөөт бөхийг шүүлтээр тодорхойлж, дэлхийд танигдсан ур чадвартай мундаг шүүгчид байсан. Үүний залгамж халаа О.Цэрэндагва багшийн хүү Сэрээтэр гэж сайн шүүгч байна. 2012 оны Лондоны олимпийг шүүсэн. Мөн үүний залгамж Төмөрбаатар шүүгч маань ирэх жилийн олимпийг шүүх эрхээ авсан байгаа. Олимп шүүнэ гэдэг спортын түүхэнд ховор тохиолдол. 2008 онд Бээжингийн олимпод Баясгалан боксын төрөлд шүүгчээр ажилласан.

-Шүүгч хүний амжилт юунд байдаг юм бол?

-Мундаг шүүгчдийн ур чадварыг сонсч байхад дэлхий, олимпоос финалд буюу аваргын төлөөх барилдааныг шүүдэг шүүгч ховор. Олимп, дэлхийн аварга боллоо гэдэгтэй адил шүүгч хүний амжилт адил юм. Энэ утгаараа А.Басхүү олимпийн аваргыг, Сэрээтэр олимпийн хүрэл медалийн төлөө барилдааныг шүүж байсан. Энэ хүмүүс магадгүй олимпийн медаль авсан тамир­чинтай ижил хэмжээний зэрэгтэй. Чөлөөт бөх юугаараа агуу вэ гэхээр өнөөдөр Монголд анх танигдаж олимпийн төрөлд анхны медалийг авсан гэдэг утгаараа монголчуудын сэтгэлд дотно байдаг юм. Энэ спортын төлөө өнөөдрийг хүртэл зүтгэж энэ сайхан цаг үед мундаг хүмүүстэй мөр зэрэгцэн, амьдарч яваадаа баяртай байдаг.

Р.Оюун

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих