ЗХУ Монголд “Увс нуур” хэмээх ямар “маш нууц” туршилт явуулсан вэ?

Наяад оны “Октъябрын туяа” сэтгүүлийн Монгол хувилбарт ЗХУ гадны олон улстай хамтран “маш сайхан туршилт” явуулж байгаа тухай нийтэлжээ. Тэр үед бүхий л зүйл сайн сайхнаар бичигдэж, жинхэнэ үнэн хэзээ ч ил тод байгаагүй билээ. Хэрвээ үнэхээр тэр үед сайн сайхан туршилт явуулсан бол энэ хязгаар нутаг өнөөдөр цэцэглэн хөгжиж байх байсан. Гэтэл ер бусын байгаль цаг ууртай Увсын хязгаар нутаг сүүлийн хорин жил хүрэхгүй хугацаанд цөлжиж, хүн ард нь нутгаасаа нүүдэллэж эхэлжээ. 20 жил увсчууд тасралтгүй нүүж, өнөөдөр Монголын бүхий л орон нутагт амьдарцгааж байна.
-Хэрвээ энэ үнэхээр сайн сайхан туршилт байсан юм бол эдгээр сөрөг үр дагаврыг авчрах байсан болов уу? Ингээд одоо та бүхэнд тэр үеийн ЗХУ-ын хэвлэлд энэ туршилтын талаар хэрхэн бичиж байсныг бүрэн эхээр нь сонирхуулъя.

“УВС НУУР” туршилт

ЗСБНХУ-ын Шинжлэх ухааны Академийн ивээл дор хийж байгаа энэ туршилт нь байгалийн тогтолцооны иж бүрдэл шинж байдлыг сансрын мэдээлэл, газар дээрх шинжилгээ судалгаа, математик загварчлалын үндсэн дээр тодорхойлох явдал мөн… Ойг хэвийн байдлаар нөхөн сэргээх нөхцөлд хичнээн хэмжээний мод огтлон авч болох нь вэ? Тариалангийн ургац ямар байх вэ? Тал хээрийн бэлчээрийг талхлалгүйгээр хичнээн тооны мал бэлчээрлүүлж болохоор байна вэ? гэсэн хэд хэдэн асуултад тооцоолон бодох электрон машин хариу өглөө. Газрын баялгийн тухай бодит шуурхай мэдээлэл нь улс ардын аж ахуйг хөгжүүлэх төдийгүй, хүрээлэн буй орчныг хамгаалахад шаардлагатай байна.

-Яагаад чухам Увс нуурын хотгорыг шинжилгээ судалгааны талбар болгон сонгож авсан бэ? гэсэн энэ асуултыг би уг туршилтын удирдагч, техникийн ухааны доктор Виктор Бугровскийд тавьсан юм.

-Энэхүү ховор чухаг газар Дэлхийн бичилхэн био мандал болж байгаа юм. 150Ч600 километр талбайтай энэхүү багавтар нутаг дэвсгэрт цөл, хуурай ба тал нутаг, ой, тайга, тундр зэрэг дэлхийн байгалийн бүс бараг бүхэлдээ багтаж байна.
Увс нуурын хотгор уул нуруугаар хүрээлэгдсэн учир хур тундасын хуваарилалтыг нь зохицуулж байдаг дотоод дахь агаарын урсгалтай. Энэ агаарын урсгал нь дээгүүрээ Төв Азийн эсрэг циклоноор “нөмөрлөгдсөн” байдаг тул аж үйлдвэржсэн нутгуудын химийн бохирдол энэ нутагт нэвтэрдэггүй. Бас уламжлалт мал аж ахуй нь Увс нуурын хотгорын байгалийн тогтолцоог алдагдуулдаггүй ажээ. Тэгэхлээрээ энэ нутаг манай орны магадгүй бас дэлхийд ч гэсэн хамгийн цэвэр агаар байж болох юм…

-Туршилтад оролцсон эрдэмтдийн найдлага биелсэн үү?

-Бид өөрсдийн хийсэн шинжилгээ судалгааг дэлхийн олон нийтэд танилцуулах талаар хангалттай зүйл хийсэн гэж үзэж байгаа. Өнгөрсөн онд Кызыл (Тувагийн засаг захиргааны төв)-д хийсэн зөвлөлгөөнд ЗХУ, Монгол, Ардчилсан Герман улс, Польш, Унгар, Чехословак, Франц, АНУ, Канадын эрдэмтэд оролцсон юм. Тэр үеэр 82 илтгэл сонсч хэлэлцсэн. Тэр илтгэлүүдэд Арал тэнгисийн тухай, АНУ-ын Их нууруудын тухай, озоны давхаргад үүссэн цоорхойн тухай, мөн туршилтын хүрээнд хийж буй шинжилгээ судалгаанууд манай гаригийн байгальд гарч байгаа өчүүхэн төдий өөрчлөлтийг ч ажиглаж, байгаль ашиглалтын талаар зөв шийдвэр шуурхай гаргах бололцоо олгож байгаа тухай дурдаж байсан. Зөвлөлгөөнд хүрэлцэн ирсэн орон орны эрдэмтэд харилцан ойлгосон байдалд ажиллацгаасан. Энэ нь эрдэмтэн мэргэд байгалийг хэвээр байлгахын төлөө, гариг дэлхийнхээ хувь заяаны төлөө ямар их үүрэг хариуцлага хүлээж байгаагийн нотолгоо мөн. Жишээлбэл, Монголын эрдэмтэн З.Батжаргал зөвлөлгөөнд оролцогчдыг БНМАУ дахь байгалийн зохицолын асуудлуудтай танилцуулсан бол, Д.Дагвадорж, Ч.Сэр-Од нар “Увс нуурын хотгорт адгуулж буй малын тоо толгойн хүчин зүйл” гэсэн илтгэл тавилаа, “БНМАУ дахь Төв Азийн геологи-байгалийн зохицолын мэдээллийн төв” гэсэн сэдвээр М.Саандрын тавьсан илтгэл ч сонирхол татлаа.
“Увс нуур” туршилтын хүрээнд явуулсан шинжилгээ судалгаа байгалийг хамгаалахад ихээхэн ач холбогдолтой төдийгүй, био мандлын тухай шинжлэх ухаанд шинэ чиглэлийг нээж байна гэж зөвлөлгөөнөөс гаргасан шийдвэрт санал нэгтэй тэмдэглэсэн юм.
Увс нуурын хотгор байгалийн ховор чухаг өвөрмөц шинжтэй, соёл-түүхийн нэлээд олон тооны дурсгалтай учир энэ нутгийг дэлхийн өвийн дурсгалын тоонд оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийлээ. Увс нуурын хотгорын дэвсгэрт, Монголын Улаангом хотод био мандлын дархан газар, био мандлыг судлах олон улсын төв байгуулах болно.
Увс аймгийн удирдлага энэ туршилтыг ихээхэн ач холбогдолтой хэмээн үзэж байна. Увс аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ц.Энхтөр тэмдэглэхдээ, Увс аймаг Туватай 600 км газраар хиллэдэг. ЗСБН Автономит Тува Улс болон БНМАУ-ын ард иргэд хэдийнээс сайн хөршийн харилцаатай юм.
Бид уламжлал ёсоороо хамтран ажиллаж, туршлага солилцон, эрүүлийг хамгаалах салбар, хөдөө аж ахуй болон соёлын ажилтнууд маань бие биедээ тусалж байна. ЗСБНХУ, БНМАУ-ын нутаг дэвсгэрт хийж байгаа “Увс нуур” туршилт бидний найрамдлыг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг улам бататган бэхжүүлэх болно гэж хэлсэн юм.
“Увс нуур” туршилтын хүрээнд хийж буй шинжилгээ судалгааны ажил үргэлжилж байна…

ЗСВН Автономит Тува Улс, Кызыл хот.
Василий КРИВДИК.


URL:

Сэтгэгдэл бичих