С.Пүрэвсүрэн: Өнөөдөр би хадам ээж болчихоод
Өнөөдөр би хадам ээж болчихоод
Өндөр дээд суудалд заларсан мэт санагдлаа
Яасан хурдан өнгөрөө вэ, миний залуу нас
Ямар жаргалтай байна вэ, хүү бэр хоёр минь
Хайрлан жаргахын баланд согтуурч
Ханатлаа баясаж яв, үр минь
Гар гараасаа хөтлөлцөж гэрэлт амьдралыг туулцгаа
Гарцаагүй ирэх ертөнцийн жамыг дагацгаа
Зам замын уулзварт биесээ уучлаж амьдар
Зан зангийн аалинд ч ухаан зарж амьдар
Заяа тавилангийн ёроолд нэгэн гол болцгоо
Замба тивийн наранд нэгэн бүл болцгоо
Ямар ч үед биесээ түшиж жарга
Янагын дуу сонсож хайрын галд шатацгаа
Ухаан, хайр хоёроор чимэг хийж амьдар
Уужуу бодлын үзүүрт гэрэл нэмж амьдар
Чимээгүй ирэх хайрыг зүрхнээс өөр нь мэдрэхгүй
Чамд учрах тавиланг хэн ч түрүүлж мэдэхгүй
Чин хүслийн далайд өнөр болж үрж
Чихний үзүүрт дандаа нэр төртэй амьдар
Аав, ээж хоёроо тэнгэр мэт хүндлэж
бурхан мэт шүтэж
Алив сайн бүхнээр ерөөл сонсгож амьдар
Алдаа онооны дэнсийг урьдчилан харж сур
Алтан нарны доор хүн хэвээр амьдар
Хүүгийн зүрх баясаж, охины сэтгэл догдлосон
Хүслийн дээд диваажин шиг амьдар
Эрдэм мэдлэг, ажил үйлс нь өрнүүн
Эрэмгий хүлэг шиг хийморьтой байг, үрс минь
Ээж нь өнөөдөр хадам ээж болчихоод
Энгийнээр оршиж цаанаа л нэг эрхэмсэг
Өнгийн цэцэгс шиг эргэн тойрон ямар их үзэсгэлэнтэй
Өөлөхийн аргагүй хорвоо яасан их баясалтай
Хүний алаг үрд ямар ялгаа байх
Хүүхэн хүний хүсэлд хязгаар ямар байх
Инээж баясаг сэтгэл зүрх чинь
Ихэмсэгээр гэрэлтэг ээ, тэнгэрийн наран. . .
Зохиогч Самбуудоржийн Пүрэвсүрэн
ЯРУУ НАЙРАГ БА ЯРУУСАЛ
URL: